Д.Баасанбямба: Би чинь нийслэлийн төв дэх “хөдөө арал”-ын хүн
Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүн, “Мод-кон” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Д.Баасанбямбыг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа. Амьдралынхаа 40 гаруй жилийг Монголын ой, модны салбарт зориулж яваа энэ хүнийг салбарынхан нь “Мод заводын” Баасанбямба гэдэг юм билээ.

-Хоёулаа яриагаа нэлээд дээрээс эхлэх үү дээ. Ер нь аль нутгийн хүн билээ?

-Булган аймгийн Бүрэгхангай сумын хүн шүү дээ. Та чинь манай нутгаар очиж байл уу, үгүй бил үү. Бүрэгийн нуруу, Орхон, Туулын бэлчир гээд харж ханашгүй сайхан нутаг даа. Би энэ нутгийн Шар чулуут гэж газар төрсөн юм билээ. Өлзийт, Арцат, Баянтөгс хайрханууд дүнхийж, Бичигтийн гол дэргэдүүр нь урсана. Хадан дээр сийлсэн эртний хүмүүсийн бичигтэй болохоор тэр нутаг “Бичигт”-ийн гэдгээрээ онцлогтой.

Таны “хам хэрэгтэн” Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондогийн төрсөн нутаг. Хүү Д.Боролдой нь тэр бичгийг тайлж, эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурвисан гэсэн. Миний аав З.Банзрагч гэж хүн байсан. Намайг багад хүнд өргүүлнэ гэхээр өвөө Дэндэв, эмээ Отгон хоёр “хүнд өгөхгүй” гэж булаацалдаад өөр дээрээ авч хүн болгосон гэдэг юм. Тэгээд би чинь анчин өвөөгөөрөө овоглож, Дэндэвийн гэж явдаг юм шүү дээ.

-Тэгээд л сургууль номын мөр хөөв үү?

-Тэгсэн. Бүрэгхангайдаа бага сургууль, Булганы төвд арван жилийн дунд сургууль төгссөн. Шижирбаатар бид хоёр ах дүү, аравдугаар ангийг хамт төгсөж байлаа. Сурлагаар ч ойролцоо. Хоёулаа эмч болно гэдэг зорилготой. Төгсөлтийн шалгалт өгч эхний хэдэн байранд багтсан. Ингэж байтал Анагаах ухааны дээд сургуулийн дөрвөн хуваарь ирлээ.

Үүнд 6-7 хүүхэд нэрээ бичүүлж билээ. Шижирээ бид хоёрын хэнийг эмч болгох вэ гэдгийг миний ах Дамдинсүрэн маань “хагалах” боллоо. Шижирбаатарыг эмч болгоно, намайг инженер болгоно гэж байна. Би ч дотроо их дургүй байлаа. Тэглээ ч Дамдинсүрэн ахын “зарлиг”-ийг сөрөх эрх байхгүй.

Ингэж байсаар хамгийн сүүлд орсон чинь Мод боловсруулах үйлдвэрийн инженер гэсэн ганцхан хуваарь үлдэж. Энэ хуваарийг дуртай дургүй аваад гарч ирж байсан минь 1971 оны хавар юм даа. Түүнээс хойш 43 хавартай золголоо. Тэр үлдсэн ганц хуваарь миний хувь заяаны луужин байж. Намайг амьдралын их далайд хөтөлж, гар сэтгэл хоёроосоо алдаж болохгүй зүйл минь ой, модны салбар болсон доо.

-Ингээд модны үйлдвэрийн инженер болохоор сурч эхлэх нь тэр үү?

-Тэгэлгүй яах вэ. Мод боловсруулах чиглэлээр до­тооддоо бэлтгэсэн анхны ин­женерүүдийн нэг. Их сур­гуулийн жилүүд, сойлго таар­сан морь шиг өнгөрсөөн. Дип­ломын өмнөх дадлагаа Улаан­баатар хотын мебелийн үйлд­вэрт хийхэд ерөнхий ин­женер Сайнбаяр миний дип­ломын ажлыг минь удирдаж, намайг гайгүй үнэлж билээ. Тэр инженерийн “Төгсөөд манай үйлдвэрт ирнэ шүү” гэсэн үг сэтгэлд яваад л байлаа.

Тэгсэн чинь сургуулиа төгсөхөд багшаар үлдээнэ гээд Дээд боловсролын хороонд хуваарилчихлаа. Энд бас л хувь заяаны шалгуур таарсан юм. Тэр үед гэрлэчихсэн, хүүхэдтэй болчихсон. Цаашдын амьдралын ацан шалаан дээр ирчихээд байсан үе.  Ингээд Цэрмаатайгаа зөвлөлөө. “Их сургуульд багшлах уу,  үйлдвэр бараадах уу” гэж. Эхнэр маань ХХҮЯ-ны ЭШЗТ-ийн институтэд ажиллахаар хуваарилагдсан байдаг.

Тэгээд “Хоёулаа сургууль, эрдэм шинжилгээний газар ажилламааргүй байна. Нэг нь үйлдвэр аж ахуйн газар ажиллая” гээд би модныхоо үйлдвэрийг бараадахаар болсон. Ой, модны аж үйлдвэрийн яамны  нэгдүгээр орлогч сайд Ц.Жамбал гуай сургууль төгсөөд ирсэн бүх хүүхдийг хүлээн авч уулзаад шууд хуваарь сонсгож байна.

Би бодохдоо Мебелийн үйлдвэрийн дарга Сайнбаяр гуай яриад тэнд очих гэж байгаа гэж. Тэгтэл сайд маань Улаанбаатарын мод боловсруулах комбинатад гээд уншчихдаг байгаа. Ц.Жамбал сайдын амнаас унасан үг миний амьдралын хоёр дахь “зарлиг” болсон доо. Ингээд л Улаанбаатарын мод боловсруулах комбинат гэгч өнөр өтгөн айлын босгыг 40-өөд жилийн өмнө алхаж билээ. Би энэ босгыг “алтан босго” гэж бодож явдаг юм.

-Комбинатын ямар албанд очив?

-Тэр үед чинь, одоогийнх шиг сургууль төгсөнгүүтээ инженер, дарга болчихдоггүй байлаа. Хамгийн доод дамжлагад ажиллуулж, “элдүүр даах нь уу, үгүй юу” гэж хардаг үе байлаа шүү дээ. Би очих гэж байгаа комбинатаа ер нь бол мэднэ. Түрүүнд нь нэг удаа дадлага хийж, инженер С.Чойжив, Ж.Ариунболд, С.Бадрах, Н.Лхагваа нарын танилуудтай болсон. Ерөнхий инженер С.Чойжав гуай хүлээн авч уулзаад “Лхагвааг дууд” гэсэн чинь миний хуучин танил, тус комбинатын ашиглалтын өмнөх захиргаанд ажиллаж байсан сантехникийн инженер Лхагваа маань инээмсэглэсээр орж ирлээ.

Ерөнхий инженер С.Чойжав “Энэ нөхрийг Р-65 рам дээр банз хураалга. Аваад яв” гэлээ шүү. Ингэж анхлан банз хураагч, дараа нь тэндээ бригадын дарга, комбинатын чанарын инженер, бараг бүх дамжлагыг нь дуусгаад 1977 онд боловсруулах заводын дарга болж билээ. Тэгээд л 1979 онд таныг “сүр дуулиантай” хүлээж авч байв даа. Манай боловсруулах завод 7-8 цехтэй, 300 орчим ажиллагсадтай томоохон үйлдвэр байсан л даа.

Барилгын хаалга цонх, барилгын шал, төрөл бүрийн модон эдлэл, албан хэрэгцээний мебель хийдэг байлаа. Улаанбаатар хотод жинхэнэ их бүтээн байгуулалтын ажил өрнөж, орон сууцны энэ олон хороолол барихад модон эдлэлийг нь бид л бараг дангаараа хийж байсан даа.

Орон сууцны хорооллууд, үнээний фермүүд, хүүхдийн фондын цэцэрлэгүүд, Засгийн газрын ордны өргөтгөл, Эх нялхасын төв эмнэлэг, Олон улсын пионерын Найрамдал зуслан... гэх мэт газрын модон материалыг манайхан хоёр ээлжээр ажиллан тасал­дуулахгүй хангаж бай­сан юм. Одоогийн зарим залуу­сын “хуучин тогтолцоо” хэмээн занаж зүхээд байгаа нийгэмд хүний төлөө онцгой анхаарал тавьдаг байж. Сургууль, эмнэлэг, хүүхдийн байгууллагуудыг мөн ч их барьсан даа. Тэр бүхний модон материалыг бид л хангаж байсан.

-Та чинь комбинатын дарга болчихсон л байсан. Төдхөн яаманд очлоо л гэсэн. Хаана чухал хэрэгцээ байна, тэнд таныг тавьдаг байв уу?

-Х.Шаравжамц дарга халагдсаны дараа, комбинатын даргын үүргийг зургаан сар гүйцэтгэж байтал Ю.Сүхбат дарга ирсэн. Би ОМАҮЯ-ндаа очсон гэхчилэн яам комбинат хоёрын хооронд хэд хэдэн удаа томилогдсон шүү.

-1990-ээд оны үед яам татан буугдаж, ой, модны үйлдвэрүүд маань бараг эзэнгүй болсон. ҮХААЯ, БОНХЯ-нд ганц хоёр мэргэжилтэн, хэлтэс газрууд байдаг юм уу даа. Та тэгэхэд хаана очив?

-1992 онд ХҮЯ-нд мод боловсруулах үйлдвэрээ хариуцсан мэргэжилтэн байж байгаад энэ том салбарын “гол тасрах”-ыг харах шив дээ. Том комбинатууд устгагдаад, “тооно униар” нь салгаж аваад явцгаасан. Комбинатын ерөнхий инженер байсан С.Чойжав, Зүсмэлийн заводын дарга байсан Ч.Содномпил, Ю.Сүхбат, С.Цолмон, Ч.Маравдорж, Б.Нямхүү бид нар хамт олноо удирдан гал голомтоо сахиж үлдсэн дээ.

Ямар ч болсон комбинатын хашаа маань эзэнтэй байсан л даа. Хаягдаж тоногдоод хачин болсон хатаалгын цех, хэрэгцээ захиалга байхгүй болсон шалны цехийг хэдэн эвдэрхий машинтай нь хувьчилж аваад “Мод Кон“ ХХК-ийг байгууллаа, яадаг юм билээ дээ” хэмээн бодож сууснаас хойш арван хэдэн жил өнгөрч.

-Яаж яваад ийм том үйлдвэр болгочихов доо?

-Бүгдийг нь л дахин босгосон. 2003 оноос хаалга цонх, шал, тууш модон эдлэлээ үйлдвэрлэх боллоо. 2004 оноос наамал дүнзэн байшинг Финляндын технологиор үйлдвэрлэж байгаа юм. 2005 оноос зүймэл модон хавтан үйлдвэрлэдэг болсон. 2006 оноос модон вакум цонх, 2012 оноос хатаалгын цехийг шинэчлэн, модон барилгын үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөлөө. Өнгөрсөн онд орон сууцны барилгын наамал хаалга хийх шугам шинээр оруулж ирээд жилдээ 12-15 мянган хаалга хийх хүчин чадалтай боллоо.

Барилга, бүтээн байгуулалтын чиглэлийн гадаад дотоод олон түнштэй боллоо. “Тайгам Алтай” компани, “Орчлон” констракшн, “Хан-хур” холдинг, “Бэрэн” констракшн,  “Заг” компани зэрэг олон газартай гар, ганзага нийлэн ажиллаж байна даа. Жилдээ 800 саяас нэг тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Манай бүтээгдэхүүн Монголын цэвэр модон, бөх бат чанартай байдгаараа онцлог юм. Иймээс бид, хүүхдийн гарын ая даах бөх бат эдэлгээтэй, чанар үзэмж сайн, сургуулийн ширээ сандлыг үйлдвэрлэе гэж санал тавиад байгаа юм. Гадаадаас захиалгаар авч байгаа ширээ сандал гурван жил хүрэхгүй эвдэрч байгаа бол бид бүтээгдэхүүндээ 10 жилийн баталгаа гаргаж өгөхөд бэлэн байна.

-Модны үйлдвэрлэлийг хөг­жүүлэхэд мэдээж бэрхшээл тулгарч л байгаа даа?

-Бэрхшээл зовлон тоочвол барагдахгүй. Өнөөдөр ой, модны үйлдвэрийн салбар гэдэг маань Монголын төр засагт буруу харагдсан, гологдмол, нэг хэсэг шоовдор салбар байлаа шүү дээ. Ямаанд 35 тэрбум ч гэх шиг цөөн хэдэн салбарыг л дэмжээд байгаа. Яамыг нь татан буулгаад системийн хувьд задлаад хаячихсан энэ мод боловсруулах үйлдвэрийн салбарыг дэмжиж ганц зоос хаялаа гэж би л лав дуулаагүй юм байна.

Харин мод үржүүлэг, нөхөн сэргээх, ой хамгаалах талаар ахиц дэвшил гарч байгааг үгүйсгэх аргагүй. Шоовдор салбарын хамгийн наад захын баримт нь Улаанбаатарт байгаа модон эдлэлийн хэдэн үйлдвэрийн байрлал. Хэдэн захирлууд цуглахаараа “Нийслэлийн төв дэх хөдөө арлаас ирлээ” гэж хошигноцгоодог юм. Модны гол үйлдвэрүүд Улаанбаатар төмөр замаар хойгуураа, Дунд голоор урдуураа таслагдсан, ямар ч дэд бүтэцгүй бөглүү “арал” дээр амьдарч байна.

Автобус унаа, цардмал зам талбайгүй, жаахан л бороо орвол эргэн тойрон намаг шалбаагт живчихдэг хөөрхийлөлтэй газар ажиллаж, амьдарч байна. Энэ “хөдөө арал”-аа хотын Б зэрэглэлийн бүс гээд нэг ам.метр газраас нь 64 төгрөгийн төлбөр авдаг байсан бол 2007 онд А зэрэглэлийн бүсэд орууллаа гээд нэг ам.метрийн хураамжийг 264 төгрөг болгочихсон. Үнэхээр А зэрэглэлийн бүс юм бол ядаж л цардмал зам талбайтай, автобус унаа явдаг, бүх төрлийн үйлчилгээтэй баймаар шүү дээ.

-Танай хашаан доторхи бол танигдахгүй болсон байна. Ногоон төгөл ч гэмээр. Баян бүрд л ийм байдаг болов уу гэмээр?

-40 жил модтой “ноцолдлоо”. Модыг эсгэж зүйж, бүтээгдэхүүн л хийж байлаа. Одоо зэрэгцүүлээд мод тарьж өсгөж үржүүлье гэж боддог болсон. Хашаан дотроо боломжтой бүх газарт нь мод бут, жимс жимсгэнэ тариалсан. Ойд явж байгаа юм шиг уур амьсгал бий болог л дээ. 752 ам.метр  талбайг зүлэгжүүлж 12 төрлийн 180 ширхэг мод бут, дөрвөн төрлийн 32 ширхэг жимсний мод суулгаж, 72 ам.метр талбай бүхий хүлэмжид төрөл бүрийн хүнсний ногоо тариалж байна.

Улиасны 300 ширхэг үрсэлгээ, саваа модны 500 суулгац хадгалагдаж байна. Бүгдийг тарьж ургуулна. Төрж өссөн Бүрэгхангайгаасаа “бурхны мод” буюу алтан харгана дөрвөн ширхэг, боролзгоны бут хоёрыг авчираад тарьчихсан. Нас ахиж нутгаа санагалзахаар Бүрэгхангайнхаа ой шугуйд явна гэж сэтгэлээ хөглөн таашаал авах юм даа. Ой мод гэдэг чинь дорхноо төлжөөд ургачих юм. Саваа мод л гэхэд жилд 2-3 метр өндөр ургаж байна.

-Таныг Монголын ой, модны үйлдвэрлэл эрхлэгч­дийн холбооны тэргүүнээр сонгогджээ гэж сонссон. Энэ тухайгаа ярихгүй юу?

-2010 оны хавар бидний хэдэн нөхөд Герман улсад очиж, үзэсгэлэнд оролцсон юм. Энд анхаарал татсан нэг зүйл бол Германы модон үйлд­вэрлэл эрхлэгчдийн хол­боо. Үйл ажиллагаатай нь сай­тар танилцаж ирээд бай­гуул­лагууд нэгдэж намар нь анхдугаар чуулганаа хийж энэ холбоогоо байгуулсан.

Намайг тэргүүнээр нь, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Маамууг дэд тэргүүнээр, ШУТИС-ийн багш доктор, профессор Н.Долгорхүүг зөвлөхөөр, биз­нес­мэн Төгсбаярыг гүй­цэтгэх захирлаар, ШУТИС-ийн багш доктор, профессор Ү.Цэрмааг нарийн бичгийн даргаар сонгон ажиллуулж билээ. Одоо Долгорхүү багш маань гүйцэтгэх захирлаар, Д.Дашравдан менежерээр ажиллаж байна.

-Танай холбоо одоо юу хийж байна?

-Холбоо байгуулагдсанаас хойш богино хугацаанд тусгай төлөвлөгөөтэй олон ажил амжууллаа. Бидний гол зорилго бол Монголын төр засаг, ой, модны салбар хоёрынхоо “гүүр” болж ажиллах явдал. Салбарын бодлогыг төр засгийн дээд төвшинд тусгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах явдлыг гол болгож байна. Төв, орон нутагт салбаруудтай болж ажил нэлээд ахицтай явж байна. Ой, модны аж үйлдвэрийн салбарын ажилчдын өдрийг сэргээлээ. Манай салбарын 90 жилийн ой энэ есдүгээр сард болох гээд БОНХЯ, ҮХААЯ-ны хамтарсан ажлын хэсэг гараад шаргуу ажиллаж байна. Би энэ ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Ажил ихтэй байна.

-Холбооны зорилго хэр биелж, ямар ажил амжуу­лав?

-Бид урьд нь гадаад дотоодын үзэсгэлэнд ганц нэгээрээ явж техник, технологийн хөгжилтэй танилцаж бие биеэсээ нууцхан тоног төхөөрөмж хайж судалж явдаг байлаа шүү дээ. Би дээр өгүүлсэн. Хэсэг нөхөд групп болон үзэсгэлэнд оролцож, санал бодлоо ярилцаж, мод боловсруулагчид, бэлт­гэгч­­дийн холбооны үйл ажил­ла­гаатай танилцсан нь бидний урам зоригийг сэргээж цаашид ийм холбоо байгуулж ажиллахаар зориг шулуудсан.

Тэгээд хэдүүлхнээ нийлээд холбоо байгуулчихаж болох л байсан. Гэхдээ бидэнтэй адил учраа олохгүй орхигдсон салбарынхныхаа хүмүүсийн санаа бодлыг сонсое гэж анхны хурлаа нэлээд өргөтгөсөн байдлаар зар тарааж хийлгэсэн нь үнэхээр цагаа олсон ажил байсан.

Манай холбоо нь байгуулагдсанаасаа хойш гишүүд дэмжигчдийнхээ эрх ашгийг хамгаалах, салбарын өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд төр, засгийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, олон талын байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, орон нутагт 20 орчим салбар зөвлөл байгуулан зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд өдрөөс өдөрт бэхжиж байна.

Холбоо байгуулснаар шийдвэрлэгдсэн томоохон ажил амжилтын заримыг дурьдвал ой нөхөн сэргээгддэг, өгөрч муудахаас нь өмнө авч ашиглаж байх шаардлагатай юм байна гэдгийг төр, засгийн тэргүүн, удирдлагуудад ойл­гуулж чадсанаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 30 дугаар тогтоолоор “Ой цэвэрлэгээ” хөтөлбөрийг батал­лаа.

Жижиг дунд үйлд­вэр­лэлийг дэмжих, дотоодын үйлд­вэрлэлийн бараа бүтээг­дэхүүнээр боловсрол, шинжлэх ухаан, цэрэг арми, ШШБ газруудад модон эдлэл, ширээ сандал нийлүүлэх тухай 2011 оны Засгийн газрын 104 дүгээр тогтоол гаргуулсан. Хэрэгжих шатандаа явж байна. Салбарын хөгжил дэвшлийг харуулсан ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагийг хоёр жил тутамд зохион байгуулж төр, засаг, ард түмэндээ тайлагнадаг болоод байна.

Ой, модны салбарын ажилчдын өдрийг сэргээн жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногт тэмдэглэж байхаар Засгийн газрын тогтоол гаргуулаад байна. Энэ жил ой, модны салбарын үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. Түүнчлэн үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сониноор дамжуулан Ой, модны салбарын үе үеийн мянга, мянган ажиллагсад, ахмад буурлууд, тэдний ар гэрийнхэнд 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, хаа байгаа газраасаа бидэнтэй холбоо барьж, ойгоо хамтдаа тэмдэглэцгээе гэж хүсэх байна даа.
Монголын мэдээ
  Г.Жамъян
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ч Ш 2016-07-03 05:21:17
    Саяхан л үүнийг уншлаа шүү
    202.179.31.36
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-03-01 02:35:30
    Ene teneg pizda iostoi hogiin novsh doo. Uhej alga bolvol taarna.
    182.160.39.56
    Мэдэгдсэн Хариулах
  • nutag negten 2014-09-25 14:28:57
    nutgiin chini egch mendchilj baina. Chamd bolon tanai ger buld ene delkhiin khamgiin sain saikhan bukhniig khusie
    86.174.118.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Nutag negten 2014-09-25 14:22:56
    Tiimee Shijirbaatartai bainga khamt shine hkoronoos yvdag jijigkhen khuug sanaj baina. Mon modon zavodiin injener baikhdaa nadad tus bolson shuu. Chinii ajild amjilt khusch ard olondoo tustai saikhan ajil khiigeerei gej khusch Khoid Irlandaas nutgiin c
    86.174.118.233
    Мэдэгдсэн Хариулах