Зээлийн хүү өндөр байгаа нь хуримтлалын төвлөрөлтэй холбоотой

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.04) хуралдаан 11 цаг 07 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт  бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгаж, үг хэллэг, найруулга,  хууль зүйн техникийн засварыг хийж эцсийн хувилбарыг тараасан гэдгийг дурдав.

Хуралдаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар хадгаламжийн хүү хэт өндөр байгаа нь эргээд зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нөхцөл болж байгааг тодотгоод, зээлийн хүү болон хадгаламжийн хүүг бууруулах асуудалд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулсан.

Ажлын хэсгийн зүгээс зээлийн хүүгийн өндөр байгаа гол шалтгаан нь хуримтлалын төвлөрөл, хадгаламжийн хүү хэт өндөр байгаатай холбоотой гэж байлаа. Түүнчлэн Монголбанкнаас өнгөрсөн 07 дугаар сарын 01-нээс зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн журмуудыг шинэчлээд арилжааны банкуудын эх үүсвэрийн төвлөрөлд хязгаарлалтууд тавьжээ. Ингэснээр  төвлөрлийн эрсдэл буурч зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ гэж байлаа. Мөн Монголбанкны бодлого, хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлсэн. Банкны эрсдэл даах чадвар, өөрийн хөрөнгө нь нэмэгдэхээр эргээд зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ мэтчилэн Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах асуудалд цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг хариултдаа дурдсан.

Ингээд тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн  Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч төсөл санаачлагч гишүүн гадаадад албан томилолттой яваа тул хэлэлцүүлгийг хойшлууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.