Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногт улс төр, нийгэм, урлаг соёлын салбарт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

Сонгуулийн тухай хуулийн төслийг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох аж. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжих аж. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 01-р сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулсан байна. Мөн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгажээ.
Хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжсэн. Хуулийн дагаа энэ сарын 15 гэхэд сонгуулийн хуулийг хэлэлцэн батлах ёстой юм. 

Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм.  Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа. 
Хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одооноос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ гэж үзжээ. 
 
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд баасан гарагт /2019.12.06/ Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Тус шүүх хуралд хохирогчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан шалтгаанаар ирээгүй тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа.
сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрөгч 2018 наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн.
Эл хэргийн шүүх хуралдаан өмнө нь зургаан удаа хойшилж, хэрэгт зүйл анги нэмүүлэхээр прокурорт буцаагаад байв. Өнгөрсөн баасан гарагт гэм буруугийн шүүх хуралдааныг товлохоор урьдчилсан хэлэлцүүлгийг эхлүүлсэн ч ийнхүү долоо хоногийн хугацаагаар хойшиллоо.
Б.Махбалд нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр алсан гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
 
Байгалийн түүхийн музейг буулгалаа

Монголын Байгалийн Түүхийн Музей 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн. 1953 онд баригдсан тус музейн барилгын ашиглалтын хугацаа дуусаж, ашиглахад аюултай болсон тул тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааагаа зогсоогоод байв. Харин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах шийдвэр гарсны дагуу тун саяхнаас музейн барилгыг нураалаа.

НМХГ-аас 2012 онд УБ хот дахь соёл урлагийн бүх байгууллагуудын барилгуудыг шалгаад   УДЭТ, ДБЭТ, Үндэсний номын сан, Байгалийн түүхийн музей, Спортын төв ордон, Цэргийн дуу бүжгийн чуулгын барилгууд   өнөөдөр  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын норм дүрмийн шаардлагыг хангахгүй байгаа  учраас тухайн барилгуудыг бэхэлж хүчитгэх, эсвэл буулгаж шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг.  Улмаар байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музейг байгуулна. Чингис хааны музейн барилга нь 14,570 мкв талбайг хамарсан,  долоон давхар баригдах бөгөөд зураг төсөл нь бэлэн болоод буй. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.