“Эко Алтан заамар”-т төр төмөр нүүрээ харуулаач
 

Энхийн цагт ийн идэр эрчүүд хорвоог орхисоор байна. Төрийн хууль, журмыг уландаа гишгэсэн “Эко Алтан заамар” компанийн хариуцлагагүй байдлаас үүдэн дахин нэг залуу харамсалтайгаар амиа алдлаа. 

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд дахин осол гарч, компанийн ажилтан 26 настай иргэн техникт даруулж амь насаа алджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар экскаватор угсрах явцад трос тасарсан тул хүнд техник залуугийн дээр унаж, газар дээрээ амь насаа алдсан байна. 

Үүнээс өмнө энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр тус уурхайд аймшигт осол гарсан. Тодруулбал, Төв аймгийн  Хайлааст багийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж  байсан “Эко Алтан Заамар” компанийн буруутай үйлдлээс болж дөрвөн хүний алтан амь хохирсон юм.  Тухайн үед  дөрвөн хүний амь авсан энэ уурхайн лицензийг шууд л цуцлах талаар албаны төвшинд яригдаж байсан ч тэгсхийгээд намжсан. Мэдээж төрийн холбогдох байгууллагууд тэнд хайр ивээлээ хүртээж, уурхайг нь хаасангүй. Улмаар дахин осол гаргав. Өнгөрсөн хоёрдугаар сард “Эко Алтан заамар”-ын уурхайг осол гарахад Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Уул уурхайн буруу төлөвлөлт, мэргэжлийн бус хүмүүс өнөөдөр мэргэжлийн инженерүүдийн үгийг сонсохгүй дархан эрхтэй эздийн гайгаар өнөөдөр хүний амь нас эрсдэж байна. Зөвхөн олзны хойноос буюу сорчилж орж байгаагийн гайг өнөөдөр хүний амь насаар төлж байна. Тиймээс энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Шийдвэр чиглэлүүдийг өгсөн байгаа. Дахиад тэнд үйл ажиллагаа явуулбал бүх лицензийг нь цуцална гэсэн үүрэг өгсөн”  хэмээж байв. Гэтэл эрхэм сайдын үгийг “Эко Алтан заамар”-т үл тоосон уу, эсвэл эрхэм сайд хэвлэлийнхний өмнө л том дуугарсан уу, ямартай ч уурхай үйл ажиллагаа явуулсаар... залуус амиа алдсаар байна. Тэнд хүний амь эрсдэж, цаг бусаар эрчүүд хорвоог орхисоор байна. 

Ийм үед иргэнийхээ эрүүл аюулгүй байдлыг хангаж чадахгүй юм бол төрийн яам, агентлагууд байгаад ч хэрэг байна уу? Ганцхан компанид төмөр нүүр харуулж, хариуцлагагүй байдалд нь хаалт хийж чадахгүй төрийн байгууллагын толгойд суугаа эрхмүүдээс ч бас хариуцлага нэхмээр байна. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.