Зохиолч өөрөө мэддэг бол “үхсэнийх” нь далд ухамсар байх вэ дээ
Мэдээний архиваас /2014/12/09/ http://www.olloo.mn/n/8504.html

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурьтай утга зохиолын судлал шүүмжлэл, сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Таны “Мета утга” хэмээх уран зохиолын судлал, шүүмжлэлийн шинэ номын тухай асуултаар ярилцлагаа эхлэх үү?

-Өмнө сонин сэтгүүлд хэвлүүлсэн шүүмжүүдээ эмхэтгэж гаргасан ном байгаа юм. Мета гэдэг үгийн хувьд метафизик, физикийн дараа, цаана гэсэн утгаар л нэрлэсэн. Ломбын Нямаа гуай өмнөтгөл үг бичихдээ энэ талаас тайлбарласан нь бий. Зохиол уншаад бид нэг утга ойлгодог. Түүнийгээ болчихлоо гэж боддог байсан. Тэр үе ерөнхийдөө өөр болж байгаа шүү дээ. Утга байна, утгаас цааш зохиолчийн оршихуй, зохиолчийн үзэл бодол, төлөвшил, хандлага гээд олон зүйл үргэлжилдэг. Үүнийг л ярих, тайлах хэрэгтэй. Номдоо ““Лхагвасүрэнгийн садизм”, “С.Эрдэнийн анима”, “Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужийн тайлал зүй” гэсэн гурван шүүмжийг гол болгож оруулсан.

-Таны “Дундчуудаас дурныханд буюу аугаа их түүхэн романууд” хэмээх эмэгтэй зохиолчдын түүхэн романуудын тухай шүүмж олны анхаарлыг их татсан?

-Түүхэн романыг бид зөндөө л бичиж байсан. Гэвч тухайн үеийнхээ социалист үзэл суртлыг оруулаад биччихдэг. Жишээ нь Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир” роман түүхийн сэдэвтэй биш ч түүхэн элементүүд байгаа. Хатанбаатар Магсаржав Зая гэгээниийг шалдалж, ташуурдан зоддог. Ням өвгөн тэгтэл хоёр бурхан зодолдож байхад инээдэггүй юм гэж хэлдэг чинь инээдтэй хэрэг байхгүй юү. Хатанбаатар өөрөө бурхан шашиндаа сүжигтэй, тугаа хүний зүрхээр хүртэл тахидаг хүн байсан. Буддын шашны том гэгээнийг олны өмнө шалдалж зодно гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Түүхийг амьдарч буй цаг үеийнхээ үзэл суртлын үүднээс гажуудуулсан зүйл байгаа юм.

1990 оноос хойш бидэнд тэгэх шаардлага байхгүй болсон. Байхгүй болчихоод байхад л Бат хаан, Сорхагтуни тухай романыг Л.Сарантуяа зохиолч сонин юм болгосон. Нэг хүн бичсэн мөртлөө зарим асуудалд хоёр өөрөөр хандсан байсан. Өнгөрсөн үеийг харж бичих ёстой юм уу, ирээдүй рүү харж бичсэн юм уу, түүхэн зүйн зарчмууд гэж бий. Гэтэл өөрийнхөө бодлоор, сэтгэл хөдлөлөөрөө түүхэн роман бичье гээд биччихдэг нь сонин. Бат хааныг энэрэнгүй үзэлтэн гэж харуулах гээд ч байгаа юм шиг, тэгснээ Чингис хаан Манзушир гэдэг ламд хүнээр өргөл барьц өргүүлээд манай алтан ургынхан дотор хувилгаан чанартай ямар хүн байна, хутагт төрүүлж өгөөч гэхчилэнгээр бичсэн байсан. Энэ шиг хачин юм хаана байх вэ дээ. Бид өөрсдөө л учраа олохгүй бол дэлхий биднийг янз бүрээр л тайлбарлана. Хятадууд Чингис хааныг хятад хүн гээд биччихнэ. Үндэслэл муутай хоёрын хооронд бичнэ гэдэг бол аймшигтай хэрэг. Яг үнэндээ социализмын үеийн романуудын түвшинд ч хүрээгүй байсан.

-Уран зохиолын шүүмж харьцангуй идэвхжээд хүмүүс их сонирхдог боллоо. Нөгөө талдаа жүжиг, киноны шүүмж орхигдоод байх шиг. Ялангуяа орчин үеийн монгол киноны тухай таны бодол?

-Шүүмжийг уншдаг хүрээ аль ч үед цөөхөн байсан байх. Ер нь аливаа юманд олны анхаарал хандаж байж сонирхдог, хөгждөг бололтой. Өнөөдөр манайд мэргэжлийн кино зохиолгүйн дээр арилжааны кино маш их болчихсон. Гаргаад долоо хоног үзүүлэв үү, үгүй юү хаагаад дахиад шинэ кино руу ордог. Магадгүй зах зээлийнхээ хуулийн дагуу үзэгч их шаарддаг, арилжааны шинжтэй урлаг. Зах зээлийнхээ хуулиар явж байтал киноных нь чанар сайжирна гэдгийг хүлээнэ гэвэл утгагүй болчихоно. Нөгөө талдаа их мөнгө зарж байж л сайн кино хийдэг гэсэн ойлголттой байдаг. Түүхэн кинонд бол хөрөнгө их зарцуулагддаг байх. “Говийн зэрэглээ”, “Тань руу нүүж явна” зэрэг кинонуудыг би сайн кино гэж боддог. Учиргүй их мөнгө ороогүй. Хүмүүсийн сэтгэл зүйн асуудал, бодол, шийдэл, үндэстний онцлог дунд л үзүүлчихдэг. Солонгос киног бид муулаад байдаг ч үзсээр байгаа. Өөрийнхөө зах зээл дээр үзэгчээрээ Холливудыг давж гарсан гэсэн биз дээ.

Аль ч үндэстний кино орлогоороо Холлливудыг гүйцэж чадахгүй болсон. Харин Солонгос, Энэтхэг хоёр гайгүй байдаг гэсэн. Олон хүнтэй учир Энэтхэгтээ л амжилт олчих юм бол болчихдог байх жишээтэй. Манайд яг киноны мэргэжлээр төгссөн, шүүмж бичдэг, шүүмжлэлт сэтгэлгээтэй хүн ховор юм уу даа. Одоо хошин шогийнхон гэж марзаганасан юмнууд шоугаа хийгээд л явж байхгүй кино руу орж “балиартуулдаг” боллоо. Жирийн кинонуудад хүртэл энэ марзаганасан зүйл нэвчээд шингэчихлээ шүү дээ. Энэ бол хошин шогийнхны тарьж байгаа гай.

-Уншигчид таныг их хурц бичдэг гэх юм. Энэ таны хувь хүний онцлог уу, эсвэл баримталдаг зарчим уу?

-Ер нь шулуухан хэлэх нь зөв. Бид нар өмнө зөндөө л тойруулж хэлж ирсэн шүү дээ. Нэрийг нь хэлэхгүй бичдэг, нэрээ нууж бичдэг, өөр хүний нэрээр ч бичдэг байсан. Одоо хаалт, заалттай үе өнгөрсөн учраас шулуухан зоригтой хэлэх хэрэгтэй. Хувь хүнийх нь хувьд биш, уран бүтээл дээр л бичнэ. Уран зохиол судлал, шүүмжлэл рүү өөрөө багшилдаг хүний хувьд ч олны анхаарлыг хандуулахыг зорьсон. Сэтгүүл зүй ч тийм. Хамгийн болохгүй зүйлийг нь гарчиг болгож тавиад хүмүүст уншуулах гээд байна. Шүүдэрцэцэгийн уран бүтээлийн тухай гэсэн шүүмж бичвэл хүн уншихгүй л байгүй юү. Шүүдэрцэцэг гэх шиг гэхээр энэ юу юм бол гээд уншаад байгаа. Өөрийгөө илэрхийлж байгаа шүүмжлэгчийн чөлөөт өнцөг болохоос тухайн хүнд дургүйдээ биш юм.

-Шүүмжлэгч хүн зохиолчид хэрхэн бичихийг нь зааж, зөвлөх ёстой юу?

-Үүний оронд ингэвэл дээр байсан гэх ч юм уу, хүнд заах нь буруу. Шүүмжлээд л орхих нь зөв. Байна гэхийн оронд байжээ гэж бичих ёстой байсан гэчихвэл байдаг гэж яагаад бичиж болохгүй гэсэн шүүмжлэл гараад ирэх жишээтэй. Ер нь түүхэнд шүүмжлүүлээд сайн болсон зохиолч гэж байхгүй шүү дээ. Хүн болгон цаанаа өөрийгөө миний зөв байсан даа гэж бодоод бүр эсрэгээр нь өөрийнхөөрөө бичдэг. Харин дараагийн хүмүүс нь тэр тэгж шүүмжлүүлж байсан гэдэг санамжийг авдаг. Энэ л хөгжлийн зүй тогтол нь юм шиг. Бид сонгодогуудыг зөндөө л ярилаа, философийн шинэ чиг хандлагуудыг ч ярилаа, модернизм, постмодернизмыг ч ярилаа. Их холын юм шиг, Фрейдийн онол биднээс ангид юм шиг яриад л байна. Энэ нь монгол хүнд байсан юм уу, үгүй юу гэдгийг эргэцүүлж үзээд байвал нээж гаргах ёстой.

Манай уран зохиол бол дэлхийд хүрсэн том зохиолчтой, том сэтгэлгээтэй том ард түмэн гэж үзүүлэх боломжийг улмаар олгодог. Жишээ нь “Лхагвасүрэнгийн садизм” шүүмж дээр аман сексийн /oral sex/ гажуудал гэдгийг энгэрийнхээ товчийг хөхөж болохгүй, ээж нь үхдэг юмаа гээд хүүхдээ хориглоод байна.  Энэ магадгүй цаанаа хөхөх үе дээрээ гацчихсан хүүхдээ аман сексийн гажуудлаас хамгаалах ард түмний хорио цээр, хязгаарлалт байдаг. Хорихдоо бол хамгийн үнэтэй хайртай юмаар нь төлөөлүүлж байна. Хүүхэд учрыг нь ойлгохгүй ч гэсэн дагаж, улмаар аман сексийн мэдэрэмжээс салж, хүн ёсны хүн болох хандлага төлөвшдөг. Мөн хүүхдэд чөмөг идүүлэхгүй гээд байгаа чинь чөмгөнд байгаа гармони бэлгийн бойжилтод нөлөөлдгийг лабораторид судалгаа хийгээгүй мөртлөө мэдэж байж. Фрейдийн онолд байдаг уг зүйлийг манай зохиолч ухамсаргүйгээр бичээд үзүүлэхээр бидний сэтгэлгээ еврей, хятад, индиан ч гэдэг юм уу үндэстнүүдийн адил уугаль шинжтэй, цараатай болох нь харагддаг л ойлголт юм. Харин өдөр тутмын эмэгтэйчүүдийн роман бичээд байгаа хүмүүстэй “хэрэлдэж” л байхгүй бол жинхэнэ бүтээлийнхээ өнгийг бүдгэрүүлчихдэг. Ном журмынхаа дагуу зүйл бол чимээгүй л байдаг гэж үг бий.

-Зохиолч нь өөрөө дэлхийн олон онол, арга зүйн мэдээллүүдийг мэдэх боломжгүй гээд энэ талын судалгааг үгүйсгэх гээд байх шиг санагддаг л даа?

-Зохиолч нь өөрөө мэдэх боломжгүй гэдэг үнэн шүү дээ. Уран бүтээлдээ орж, өөрийнхөө сэтгэлгээгээр бичиж байгаа учраас би садист хүн юм чинь ингэх ёстой гэсэн зүйл байх боломжгүй. С.Эрдэнийн “Наран тогоруу” гэдэг өгүүллэг гарлаа гэхэд тэр зохиолд хандах С.Эрдэнийн хандлага, Батсуурийн хандлага хоёр адилхан байх ёстой гэсэн үзэл байгаад байна.

Бүтээл нэгэнт зохиолчийн гараас гарсан бол өөрийн оршихуй, экзистенцээрээ бие даасан зүйл болчихдог. Хуучин бол энэ юун тухай юм бол гэж эргэлзэж байгаад зохиолч нь нэг гаргалгаа хэлэнгүүт зөв гээд хүлээн зөвшөөрчихдөг байсан. Одоо бол тэгэх боломжгүй. Амьдрал чинь өөрөө нэг текст. Зохиол бол нэг ишлэл. Зохиолыг дагалдаж гарсан бусад тайлал, тайлбарууд нийлж байж бүтээл бүрэн бүтэн болдгийг хэлээд байна. Д.Намдаг гэдэг хүн чонын тухай зохиол хэзээ ч юм бичсэн. Өөрөө бол нэг юм бодож бичсэн байгаа. Тэр бол ганцхан Намдагийн л бодол байхгүй юү. Зохиолчийн бодол туйлын зөв, цорын ганц үнэн бас биш. Өнөөдөр уншиж байгаа хүмүүс ч өөрийнхөөрөө хандана. Энэ чинь л уран зохиол шүү дээ. Ийм байж л уран зохиол сонирхолтой, цаг үеийг даван оршдог. Өрнийн онолыг энэ зохиолд тулгах нь буруу гэдэг бол огт өмнөө асуудал. Далд ухамсар гээд байгаа зүйл чинь энэ шүү дээ. Зохиолч нь өөрөө мэддэг бол “үхсэнийх” нь далд ухамсар байх вэ дээ.

-Ярилцсанд баярлалаа.
Өглөөний сонин
Ц.Ариунтуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hol yabahgyi boljee!!! 2021-01-30 13:34:00
    Mongoliin yranzohiol syymjlel ch alga syydeg hyn ch ygyi?yrsgalaar sajilj yabna;
    141.101.69.182
    Мэдэгдсэн Хариулах