Ч.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн: Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан гэж байлаа.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг Монгол Улсын Ерөнхийлөгч эрс эсэргүүцэж хориг тавьсныг Шинэ нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл үндэслэлтэй хориг гэж үзэж байна. 2019 оны байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176,0 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна гэсэн мэдээлэл байна. Ийм байхад Нийгмийн даатгалыг хоёр хувиар нэмэгдүүлэх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Харин  Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, улсын төсвийг  2 их наяд 74 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан гэж байна. Үүний 1,2 их наяд төгрөгийг 30-аад жилийн хугацаанд хэрэгжих нэн хөнгөлөлттэй зээлүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 20 жилээс дээш хугацаатай, жилийн хүү нь нэг хувиас бага зээлээр алдагдлаа санхүүжүүлж явж байгааг тодотгов. Тэрбээр алдагдлыг огцом бууруулбал эдийн засагт сөргөөр нөлөөлөх учраас нэн хөнгөлөлттэй зээл авч төсвийн алдагдлаа нөхөж, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд баталсан  гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүнчлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  2018 онд төсвийн алдагдлыг 2,2 их наяд төгрөгөөр төлөвлөж батлаад гүйцэтгэлээрээ 27.9 тэрбум төгрөгийн ашигтай төсөв гарсныг хэлсэн үгэндээ тодотгоод тоон дээр тоглож болохгүйг анхааруулав. Цаашлаад нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувь гэдэг бол 2023 оноос хэрэгжиж эхлэх тоо гэдгийг дурдаад хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд  санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Түүнчлэн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан.  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу 3, 4 дүгээр зүйлийг салгаж тус тусад нь санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 3.4 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.  

Ерөнхийлөгчийн хоригийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.