Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт улс төр, нийгэм, урлаг соёлын салбарт болж өнгөрсөн онцлох үйл явдуудыг тоймлон хүргэе
 
Ирэх онд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхгүй

УИХ-ын чуулганы пүрэв хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны улсын төсвийн хуульд хэсэгчлэн хоригийг хэлэлцлээ.

Улмаар Ерөнхийлөгчийн Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжлээ. Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. 
 
Ингэснээр ирэх онд НДШ-ийг 2 хувиар нэмэгдүүлэх заалт хүчингүй болж байгаа юм. 
 
Б.Махбалд холбогдох хэргийг дахин прокурорт буцаалаа

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ13-ны өдрийн 14.00 цагт эхэлсэн. Шүүхээс Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Б.Махбалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

 Ийнхүү Б.Махбалд холбогдох хэрэг хоёрдахь удаагаа прокурорт буцлаа. Өмнө нь /2019.05.17/ Зам тээврийн хөгжлийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн хэмээн буруутгаж буй Б.Махбалд холбогдох хэргийн  шүүх хурал болж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.
 
 ''Сентеррагоулд Монголия'' ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлав
 
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу даваа гарагт өдөр хянан хэлэлцлээ.

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.