Африкуудын амьдралыг өөрчилсөн зургаан настай жаал

Мэдээний архиваас /2014/12/17/ http://www.olloo.mn/n/8888.html

Хэдийгээр итгэмээргүй ч хар багаасаа бие дааж дэлхийг өөрчилж болдог гэдгийг харуулсан хүмүүс байх ажээ. Райан Хрелжак хэмээх канад залуу дөнгөж зургаан настай байхдаа л Африкт худаг гаргах мөнгө цуглуулахын тулд сайн дураараа ажиллаж эхэлсэн юм.

Нэгэн хичээл дээл Райаны багш “Канад бол усны нөөц ихтэй орон, харин Африкийн хүүхдүүд усны хомс­долын улмаас сургууль­даа ч явж чаддаггүй” хэмээн ярьснаас хамаг юм эхэлжээ. Энэ нь зургаан настай жаалд тун шударга бус санагджээ. Тэр үед Африкт нэг худаг гаргахад 70 долларын өртөгтэй байж, тавгүйтсэн жаалхүү ч мөнгө босгох ажилдаа шуурхайлан оров. Эхлээд ямар үйлс санаачилснаа эцэг эхдээ тайлбарлаж, тэд гэрийн аар саар ажил хийсний хариуд багахан мөнгө өгөхөөр тохиролцсон байна. Бяцхан Райан цонх, шал угааж ээждээ тусалсаар худагны 70 доллартай боллоо. Гэвч нэг асуудал гарч ирсэн нь Африкт худаг гаргах нь үнэндээ хоёр мянган долларын өртөгтэй байжээ.

Гэсэн ч жаалхүү бууж өгсөнгүй. Тэрээр айл, хөршүүдийн зүлгийг тэгшлэн засч, нимбэгийн ундаа зарж хөдөлмөрлөсөөр Африкт анхны худгаа гаргах мөнгөө босгож чаджээ.

Райан хүүгийн хүчин чармайлтыг үнэлсэн хөршүүд нь түүний нисэх онгоцны тийзийг дааж, тэрээр Угандад очиж өөрийн хөлс, хөдөлмөрийн үр шимээр гаргасан худгийг үзэж, танилцах боломжтой болсон байна. Райан тэнд алмайрч хоцорчээ. Жаалхүүг Угандад очиход хэдэн зуун хүн бүжиглэн баяр хөөр болон угтжээ. Ундны ус хэмээх энгийн, үнэ цэнэтэй зүйл тэдний амьдралыг өөрчилсөн юм. Райан энэ өдрүүдэд Жеймитэй танилцсан нь хожим амьдралд нь чухал нөлөө үзүүлсэн билээ.  

Райан гүйлгээ ухаантай хүүхэд байлаа. Төрөлх хотод нь өөрт нь тусалж болох илүү олон сургууль, илүү олон айл өрх байгааг ухаарч Африкт худаг гаргах үйлсээ үргэлжлүүлэхээр шийджээ. Байдлыг өөрчилж, хүмүүст туслахыг хүссэн энэхүү эрүүл, зөв санаа биеллээ олж, эдүгээ Райан, түүний сан Африкийн орнуудад 878 худаг гаргаж, 800 мянган хүний амьдралыг өөрчилж чаджээ.

ЖЕЙМИГИЙН ХУВЬ ЗАЯА

Жейми яасан бэ? Хариулт нь тодорхой: Райан жаалын хүмүүнлэгийн үйлсийн ачаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгджээ. Жейми сургуульдаа явахаасаа өмнө ус авах гэж олон км газар алхах хэрэгтэй болдог байв. Харин дараа нь гэрийнхээ ойрол­цоо худгаас ус аван, сургууль­даа тайван явах болжээ.

Харамсалтай нь Райаныг Канад руу буцсаны дараа Жеймигийн тосгон босогчдын довтолгоонд өртөж түүнийг хэд хэдэн хүүхдийн хамтаар цэрэг болгохоор авч явсан байна. Жейми зугтаж чадсан ч үүний хариуд босогчид тосгоныг нь шатаалаа. Тиймээс Жейми тосгондоо гадуурхагдан, улмаар хаягджээ. Энэ бүх хэрэг явдлыг олж мэдсэн Райан өгөөмөр эцэг эхийнхээ хамтаар Жеймигийн сургалтын зардлыг даахаар шийдсэн байна. Хрелжакийн гэр бүл Жеймиг өргөн авснаар тэрээр Райаны хамгийн сайн найз, ах нь болсон юм.

Тэр цагаас хойш арван жил өнгөрсөн ч Райан Хрелжак Хар тивд худаг гаргасаар явна. Учир нь ганц худаг л бүхэл бүтэн тосгоны амьдралыг өөрчилж чадна гэдгийг тэрээр ойлгосон юм. Тиймээс Райан өөрийн түүхийг хүмүүст ярьж, бага хурал зохион байгуулж, сайн үйлст сайн дураараа нэгдэхийг хүмүүст уриалж байна. “Эв санаагаа нэгтгэж, сайн үйлс бүтээхэд нас хамаагүй” хэмээн тэр хэлэх дуртай.


Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.