Дахин төлөвлөн барилгажуулах төслийн эхний ээлжийн 187 айлын орон сууц ашиглалтад орлоо

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын ажил үргэлжилж байгаа билээ. Тэгвэл хуучин гурван давхар 18 айлын орон сууцны газар дээр нэг жил найман сарын хугацаанд 16 давхар бүрэн цутгамал 187 айлын орон сууц ашиглалтад орж, өнөөдөр шинэ байрны батламж, түлхүүрийг оршин суугчдад гардууллаа.

Тус арга хэмжээнд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, “АСИАН СИТИ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Барсболд болон гүйцэтгэгч компанийн ажилчид, оршин суугчид, иргэд, олон нийт оролцов.

Энэ үеэр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд өнөөдөр шинэ орон сууц ашиглалтад орж, оршин суугчдад батламж, түлхүүрийг гардуулж байна. Хариуцлагатай ажиллаж, барилгын ажлыг хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн хотын хөгжлийн төлөө газраа чөлөөлж хамтарч ажилласан оршин суугчиддаа цаашдын амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хуучин байрны оршин суугчид, гүйцэтгэгч компани гурав гурвалсан гэрээ байгуулж, төлөвлөсөн хугацаанд нь барилгын ажлыг “АСИАН СИТИ” ХХК гүйцэтгэсэн байна. Ингэхдээ гүйцэтгэгч компани газраа чөлөөлж өгсөн оршин суугчдад хуучин байрны талбайн хэмжээн дээр нь 6 метр квадратыг нэмж өгснөөрөө давуу талтай юм. Мөн оршин суугчдад 20 сарын хугацаанд өөр байранд амьдрах түрээсийн мөнгийг сар бүр тасалдахгүй төлж ирсэн байна. Оршин суугчдын зүгээс дахин төлөвлөн барилгажуулах ажлыг зохион байгуулсан албаны хүмүүст болон гүйцэтгэгч компанийн хамт олонд маш их баярлаж байгаагаа түлхүүр гардуулах үеэр илэрхийлж байв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.