Ц.Мөнх-Оргил: Төрийн алба сонгох, сонгогдох эрх тусдаа асуудал

Эрх баригчид ирэх онд болох сонгуулийн тоглоомын дүрэм буюу Сонгуулийн хуулийг өнгөрсөн баасан гаригт баталлаа. Нэлээд асуудал дагуулсан, хүний эрх, эрх чөлөөнд “халдсан” хууль болов.  Тухайлбал, эмэгтэйчүүдийн нэр дэвших  квотыг 30 болгохыг шаардсан.  Гэвч 20 хувиар нь батлав.  Мөн гадаадад амьдарч байгаа  иргэд сонгуульд оролцох эрхгүй болж байна. Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно гэжээ. Түүнчлэн “Авлига, албан тушаалын хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй” гэх нэг хүнд зориулсан заалт оруулж ирж, тэр чигээр нь хүч түрж батлав.  Уг нь Үндсэн хуулийн цэц  2008 онд “Хүний сонгох, сонгогдох эрхийг насан туршид  нь хязгаарлаж болохгүй”  гэсэн дүгнэлт гаргасан байдаг.  Энэ дүгнэлтийг шууд утгаар нь зөрчсөн заалт бүхий хүний эрх, эрх чөлөөнд “халтай” сонгуулийн хууль болов. Ийнхүү Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Буруу жишиг тогтох нөхцөл байдал үүслээ

 

-Дургүй нэгэндээ ямар ч хамаагүй аргаар ял эдлүүлээд нэр дэвшүүлэхгүй байх буруу жишиг тогтох аюултай нөхцөл байдал үүсээд байна. Яг ийм агуулгатай зүйл заалтыг ҮХЦ хэлэлцээд “Буруу. Ийм заалт хуульд нийцэхгүй” гэсэн дүгнэлт гаргасан. ҮХЦ-ийн дүгнэлт болон хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа үед ял шийтгэл эдэлж байсан хүн сонгуульд нэр дэвших эрх нээлттэй байгаа гэсэн үг.  Энэ заалтыг оруулж болохгүй. Учир нь улс төрд өөрийгөө бэлдэж байгаа хүмүүс өмнө нь ямар нэг байдлаар алдаж, оносон байлаа гэхэд тэр хүний замыг насан туршид нь хааж байна гэсэн үг.  Энэ заалтыг оруулж ирж байгаа хүмүүс  Төрийн албаны тухай хуульд ийм заалт байгаа гэж яриад байна. Төрийн алба сонгох, сонгогдох эрх хоёр тусдаа асуудал.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Байнгын хорооны гишүүдэд гүн эмгэнэл илэрхийлье

-Миний зүгээс урлаг, уран сайхны арга хэмжээг сонгуулийн үеэр ашиглах ёстой гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Гэвч байнгын хороон дээр санал уналаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд гүн эмгэнэл  илэрхийлье.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хорихоос өөр төрлийн “ял” авсан бол мөн эрх нь хязгаарлагдана

-Хорихоос өөр төрлийн ял авсан бол мөн сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна.  Тухайлбал, торгууль, нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаа бүрэн эдэлж дуусаагүй бол мөн нэр дэвших эрх нь хязгаарлагдана.  Түүнийгээ нотлохын тулд холбогдох байгууллагуудаас лавлагаа авах ёстой. Тэр лавлагаа нь  өнөөдрийн зохицуулалтаар бол ШШГЕГ, Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд хадгалагдаж байгаа.  Тэгэхээр эдгээр хуулийн байгууллага нэр дэвшигчийн хүссэн лавлагааг гаргах шаардлага үүсч байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: гишүүд дахиж сонгогдоход хүндрэлтэй

-Том мажоритар тойрог дээр шинэ залуу улстөрч, нэр дэвшигчид орж ирээд өрсөлдөх нь илүү боломжтой. Зөвхөн нэг тойрогт ажилласан УИХ-ын гишүүд дахин сонгогдоход бэрхшээлтэй болж эхэлж байна. Манай Сонгинохайрхан дүүрэг гэхэд 320 мянган хүн амтай. Сонгогч нь бараг 230 мянга. Хуучин энэ дүүрэг дээр зургаан хүн зургаан тойрог дээр өрсөлддөг байсан бол одоо дүүргийн хэмжээнд гэхээр илүүтэй улсын хэмжээнд танигдсан, нэр хүндтэй, ямар нэг байдлаар зөвхөн нэг тойрогт мөнгө төгрөг  хүмүүст итгэл үзүүлэхгүй болж байна.

Ийнхүү баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Сонгуулийн хуулийг баталсан бол үдээс хойш Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байв.  Хөөн хэлэлцэх хугацаа,  зөрчлийн хуулийн заалтууд гээд чухал асуудал багтсан ч  гишүүдийн ирц хүрэхгүй шалтгаанаар чуулганы хуралдаан завсарлав.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан
 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine