Төв цэнгэлдэхийн алдагдсан газрын мөрөөр



Дэлхийн бүх орны нийс­лэлд зай талбай сайтай улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг газрууд байдаг. Улаан­баатарт ч бий.

Гэвч сүүлийн гучаад жилийн хугацаанд тэдгээ­рийн эзэмшил дэх газар ямар нэг замаар, хуулийн бус байдлаар хувийн хэвшлүүд, хувь хүмүүсийн мэдэлд оччихдог болсон. Тэгээд нөгөөх зорилтот байгууллагууд маань анх эзэмшдэг байсан газ­рын­хаа буланд, багахан газарт үйл ажиллагаа явуулдаг болчихсон.

Хүүхдийн парк ийм халдлагын тод жишээ бол­дог. Түүний араас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар зүй ёсоор бичигдэнэ.

Жилдээ ганц болдог монгол наадмын дэвжээ болдог Төв цэнгэлдэх хү­рээ­лэн үнэн хэрэгтээ Мон­гол Улсын хэмжээнд бол­дог урлаг, спортын томоо­хон арга хэмжээг зохион байгуулах боломж­той цорын ганц газар болсон.

Төв цэнгэлдэх хүрээ­лэнг анх 1958 онд БНХАУ-ын тусламжтайгаар барьж байжээ. Төв асрыг нь 1971 онд гүйцээж барьсан байдаг. Төмөр бетон бо­лон тоосгон холимог хийц­тэй баригдсан Төв цэнгэлдэх хүрээлэн маань хорин мянган хүний баг­таамж­тай, 105-ыг харь­цах нь 68 метрийн хэм­жээтэй талбайтай. Энэ байгууламжийн эргэн тойрон дахь 31 га газар Төв цэнгэлдэх хүрээлэнд хамаардаг байв.

Ингэж байж монгол­чууд баяр наадмаар Төв цэнгэлдэхээ гороолж, “наад­мын хуушуур”-аа зоог­лодог. Мөн сур, шагайн харвааны талбай ч үүнд багтана.

Яг үнэндээ Үндэсний их баяр наадмын энэ талбай маань өндөр өндөр орон сууцнуудын дундах өчүүхэн жижигхэн зайд болдог болчихоод байгаа. Наадмаар Төв цэнгэлдэх орно гэдэг аюул болсон.

Одоогоос 27 жилийн тэртээ, 1993 онд анх Төв цэнгэлдэх хүрээлэнг хувь­чилж байжээ. Тэр үеийн нийслэлийн Өмч хувьч­лалын комиссын шийдвэрээр 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээж байв.

Гэхдээ тухайн үед НИТХ нь хууль бус тог­тоол үйлдэж хоёр хувийг нь нэгэн иргэнд зарж, павильо­ны хэмээх 1.6 ху­вийг төрийн өмчийн эзэмш­дэг хувь хөрөнгөөс хасах шийдвэрийг гарга­жээ. Ингээд шүүхийн асуу­дал үүсч, маргаан нь олон жил үргэлжилсэн.

Эцэст нь Төв цэнгэл­дэх хүрээлэнгийн 51 хувь нь сүүлд “Төв цэн­гэл­дэх хүрээлэн” ХХК-ийн захирал болсон Т.Ням­даваад шилжсэн байдаг. Ингэж хувьд шилжсэнээс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 31 га газар багассаар 12.7 га болжээ. Газрыг нь эрх мэдэлтэй, нэр цуутай хүмүүс авсан талаарх мэдээлэл бий.

Улмаар Засгийн газ­рын 2018 оны 182 дугаар тог­тоолоор төрийн мэдлийн 49 хувийг 22.6 тэрбум төг­рө­гөөр худалдаалах суурь үнийг тогтоосон байна. Энэ дагуу НИТХ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг энэ 2020 онд хувьчлах шийдвэрийг гар­га­сан юм. Ингэхдээ хууль журмын дагуу 51 хувийг эзэмшиж буй этгээдэд эхлээд санал тавина гэсэн мэдээллийг албаны эх сур­вал­жууд өгч байна.

Харин шинэ Цэнгэлдэх хүрээлэнг Нисэх, Яар­магийн аюулгүйн тойр­гийн зүүн урд хэсэгт барих шийдвэрийг Засгийн газар гаргачихаад байгаа юм. Нэгэнт шийдвэр нь гарчихсан, мөн үндэсний онцлог хэв шинжийг агуул­сан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшил­тэт технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан, 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй шинэ Цэнгэлдэх хүрээлэнг төлөвлөчихөөд байгаа аж. Тэгэхээр энэ тусдаа асуудал болж таарна. Нүдээ аниад өнгөрөөж болохгүй нэг зүйл бий. Тэр нь одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудал юм.

31-ээс 12.7 га болсон гэдэг. Бас 14.5 га гэсэн тоо байдаг. Ерөөс энэ үлдсэн газарт ч “но” орчихоод байгаа юм.

2015 оны зургадугаар сарын 29-нд Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/561 тоот захирамж гар­чээ. Энэ захирамжийн дагуу “Төв цэнгэлдэх хү­рээ­лэн” ХХК-ийн эзэмшилд байсан 14.5 га буюу 141 513 м.кв газрыг гурав хувааж, өөр аж ахуйн нэгжид шилжүүлжээ. Уг захи­рамжаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д 13.6 га буюу 135 923 м.кв газрыг үлдээж, “Зүүн тариа” ХХК-д 819 м.кв, “Ар Ви Жи Эйч” ХХК-д 4551 м.кв газрыг тус тус шилжүүлсэн байна.

Гэтэл 2020 оны нэг­дүгээр сарын 3-ны өдөр www.unegui.mn зарын сайтад “Стадионы урд байрлалтай, А даалгавараа авсан 4551 м.кв газрыг 2.6 тэрбум төгрөгөөр зарна” гэсэн зар гараад ирэв. Энэ газрын хэмжээ нь 2015 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас “Ар Ви Жи Эйч” ХХК-д шилжүүлсэн 4551 м.кв газрын хэмжээтэй таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Ар Ви Жи Эйч” ХХК авсан газраа зарах гэж байна гэж ойлгогдож буй.

Энэ мэдээллийн талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Бид Төв цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшиж буй Т.Нямдаваа гэх хүнд ч ийм зар тавигдсан тухай болоод, ингэж зар тавих нь хууль бус гэсэн бичиг явуулсан. Ямартай ч хэн, ямар зорилготойгоор ийм хуурамч зар тавьсныг судалж байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Мэдээж хэрэг, Т.Ням­даваа гэх хүн нь “Надад хамаагүй” гэж таарах биз. Таван жилийн өмнө эзэмш­лээс нь “гараад явчихсан” газар шүү дээ.

Тэгэхээр энэхүү 4551 м.кв газрыг Төв цэнгэл­дэхийн хувьчлалаас өмнө нэг тийш болгох гэж яараад байгаа нь тодорхой болж байгаа юм. Яагаад яарсан нь ч ойлгомжтой. 1993 оноос эхэлсэн маргаа­ны эцэст Төв цэнгэлдэх хүрээлэн хувьд очихдоо одоогийнх шиг 13.6 га газартай байгаагүй. Эх сурвалжийн мэдээллээр 31 га газартай байсан гэдэг. Тэгэхээр энэ хооронд Төв цэнгэлдэхийн газрын дор хаяж тал нь алга болсон болж таараад байна.

2015 онд хоёр компани руу шилжсэн 5370 м.кв газар зөвхөн нэг л жишээ гэсэн үг.

Тэгэхээр төр буюу нийслэлийн засаг захиргаа алдсан газрынхаа араас явах ёстой болж байгаа юм. Учир нь анх хувьчлахад байсан 30 га-гийн 49 хувь нь нийслэлийн өмчийнх байсан гэсэн үг. Тэр хэмжээ нь одоо 100 хувьд хамаарч байгаагаас том газар болно. Ийм явдал болоод хэ­дэн жил, хамгийн сүүлд 2.6 тэрбумаар 4551 м.кв газрыг нь зарна гэж зарын сайтаар яваад байхад нийслэл ямар нэг арга хэмжээ авахгүй хэд хонолоо.

Хууль бусыг хуулийн дагуу болгох нь төрийн үүрэг. Төрд албан тушаал хашиж байгаа бол үүргээ гүйцэтгэх учиртай юм.

Тийм учраас 2015 онд алдсан 5370 м.кв газраа нийслэлийн өмчид буцаахыг НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амар­сайхан нарт “санал бол­гож” байна. Та бүхэн нийслэлийн эзэмшлийн алдагдсан газраа буцаан авч, хууль ёсны болгоно уу.

Өдөр тутмын сонинуу­дын “Эрэн сурвалжлагч” нэгдэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшилд байсан бусад газар хэн гэдэг албан тушаалтны шийдвэрээр, хэрхэн ал­дагд­сан талаар сурвалжлан хүргэх болно.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Onom 2020-01-11 15:54:29
    Yooyoyo.. yooyo... ingeed bichchlee gej uu. Unen uu... xorvoo xumurchuugui l bgaa yum bn.
    103.212.117.220
    Мэдэгдсэн Хариулах
  • тав 2020-01-10 03:33:40
    Авдаг нь ч хулгайч өгдөг нь ч хулгайч нар хэрэг хуучирахгүй.Цаг нь болоход бүгдий нь барьж эрүүдэхэд хүлээхгүй хаачдаг юм .
    66.181.161.43
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!! 2020-01-10 03:03:49
    Naad hereg chini nudend il tod baina tuhain ued Niisleld alba hashij baisan darga nariig l barij awaad hiichih tegeed l helchihne dee !!!!!!!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-10 01:23:19
    Нэг өдөр Монголоо алдсан байх бий мөнгө ахиухан амлавал өгнө шүү энэ хулгайчууд
    202.9.46.213
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-01-10 02:58:28
      ТИЙМ ШҮҮ. ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ХУЛГАЙЧУУД
      124.158.111.6
      Мэдэгдсэн Хариулах