Долоо хоногийн тойм: Хүн ам орон сууцны тооллого эхэллээ
Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой асуудал өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байв. Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасан болохыг мэдэгдсэн. Улмаар энэ долоо хоногт Засгийн газраас тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүнийг УИХ яаралтай горимоор хэлэлцэн батлав. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг батлав

 
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.
 
Хууль батлагдсанаар тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэхээр, “Эрдэнэс Монгол” ХХК нь Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөөр болж байгаа юм.

 Мөн хуульд иргэнд эзэмшүүлэх 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр, тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь энэ хуулийн 1 000 000 төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлнэ хэмээн тусгасан байна.
 
Хүн ам орон сууцны тооллого эхэллээ

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого энэ сарын 9-нд эхэллээ. Энэ тоооллого энэ сарын 15-ныг дуустал Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт явагдана. Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой юм.
 
Экологийн цагдаагийн алба байгуулав

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийг нэгтгэн Экологийн цагдаагийн алба байгуулав. Энэ алба хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ. Мөн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын ажиллагааг шуурхай удирдлага, зохицуулалтаар, алба хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар, дээд шатны байгууллага, албан тушаалтныг бодит мэдээ, мэдээллээр хангах зэрэг үүрэг хүлээжээ.  УИХ хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиглэлээр ажиллах 170 хүний орон тоо болон шаардагдах зардлыг баталсан юм.

Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгалаа. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их, дэгдэлтийн түвшинд хүрчээ. Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт 15.6-26.6 хувьтай байна.  Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар шийдвэр гарган цэцэрлэгийг түр хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглоод байна.
 
О.Онон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэнп 2020-01-11 12:28:25
    орон сууц хун амын тооллого гээд л суржигнээд байсан 10 хувийг нь тоолно гэхээр ойлгохгуй юм миний ухаан хурэхгуй юм байнаа
  • Зочин 2020-01-11 09:53:18
    Үнэт цаас нь үнэгүй болж дуусах биз дээ...