Дэлхий аварга С.Цэрэнчимэд өнөөдөр барилдана
 Азийн зуны ХҮII наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр “Dowon Gymnasium” спортын ордонд 13.00 цагаас эхэлнэ. 2014 оны нэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Филиппин улсын нийслэл Манила хотод болсон Азийн олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх, Азийн наадмыг зохион байгуулах хороо, Азийн бөхийн холбооны хамтарсан хуралдаанаар Азийн наадмын бөхийн тэмцээний жингүүдийн асуудлыг хэлэлцэж сонгомол барилдааны тэмцээнийг 59, 66, 71, 75, 80, 85, 98, 130 кг, эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнийг 57, 61, 65, 70, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнийг 48, 55, 63, 75 кг-ын жингээр явуулах шийдвэр гаргаж байсан юм.

Энэ удаагийн Азийн спортын наадмын чөлөөт бөхийн төрөлд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Вьетнам, Иран, Йемень, Камбож, Киргиз, Лаос, Монгол, Мьянмар, Пакистан, Саудын Араб, Сири, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 22 орны бөхчүүд өрсөлдөж байна.
Өнөөдөр эрэгтэй 57, 70, эмэгтэй 48, 63 кг-ын жингүүдийн барилдаан болно. Манай 3 бөх дэвжээнд гарна.

Эрэгтэй 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Номин нэгдүгээр тойрогт Сирийн бөх Гирас Алалмиалрифиафтай сугалаа тарсан байна. Энэ жинд Ардчилсан Солонгосын бөх Муонсонг Жанг, Ираны бөх, ДАШТ-ний алт, хошой хүрэл медальт Хасан Рамихи, Казахстаны бөх, Азийн аварга Расул Калиев, Якут гаралтай Тажикийн бөх Николай Ноев, Энэтхэгийн бөх, ДАШТ-ний мөнгөн медальт, Азийн аварга Амит Кумар, Японы бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Моришита Фумитаки зэрэг шилдэг бөхчүүд байна.
70 кг-ын жинд Узбекийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Бекзод Абдурахиманов, Ираны бөх, дэлхийн болон азийн аварга Мустафа Хоссейнхани нарын шилдгүүд өрсөлдөнө.

Эмэгтэй 48 кг-ын жинд энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт Вьетнамын бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ти Люа Нгуентэй таарчээ. Энэ жинд Казахстаны бөх, Азийн 3 удаагийн аварга Татьяна Аманзол, Өмнөд Солонгосын бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Юми Ли, Хятадын бөх, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, Азийн аварга Янан Сун, Японы бөх, ДАШТ-ний мөнгө, хошой алтан медальт, Универсиад наадмын аварга Эри Тосака нар иржээ.

Эмэгтэй 63 кг-ын жинд насанд хүрэгчдийн дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга ОУХМ С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Ардчилсан Солонгосын бөх Ранми Кимтэй барилдана.

Энэ жинд Казахстаны бөх, ДАШТ-ний хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Екатерина Ларионова, Энэтхэгийн бөх Геетика Жахар, Японы бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Рио Ватари нар байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.