Х.Баттулга: Монгол Улс “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд зохион байгуулсан “Байгаль, хүмүүний төлөөх Засгийн газруудын эвсэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ хэлэлцүүлгийг “National Geographic” нийгэмлэг, “The Wyss” сан, Бүгд Найрамдах Коста-Рика болон Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газрууд хамтран зохион байгуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэгт оролцох үеэрээ:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид,

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Өнөөдрийн энэ чухал ач холбогдолтой хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэх завшаан олдсонд нэн талархалтай байна.

Монгол Улс, монголчуудын хувьд олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйг эрхэлсэн өвөрмөц соёл иргэншлийн явцдаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, уул усаа тахин шүтэж, байгальтайгаа зохицон амьдрахыг эрмэлзэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Түүний дотор тусгай хамгаалалтад газар нутгийг оруулах, түүний ач холбогдлын тухай ойлголт олон зуунаар уламжлагдан ирсэн түүхтэй.

Аль 1294 онд Улаанбаатар хотын урд хэсэгт орших Богд хаан уулыг төрийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Монголын Их Юань Улсын хаан гаргаж байлаа. 1992 онд Рио-де Жанейро хотноо хуралдсан НҮБ-ын “Байгаль орчин ба Хөгжил” сэдэвт дээд хэмжээний чуулган дээр Монгол Улс “Нийт газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтанд авч байгалийн унаган төрх, онгон дагшин байдлыг хадгалах Шим мандлын нөөц газар (Biosphere reserve) болгон эх дэлхийдээ бэлэг барина” хэмээн албан ёсоор тунхагласан.

Далайд гарцгүй, байгаль цаг уурын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий орнуудын нэг учир Монгол Улс унаган байгалиа хамгаалах, хойч үедээ хадгалан үлдээх чухал арга хэмжээний нэгийг тусгай хамгаалалттай газар, сүлжээг өргөтгөх гэж үздэг. Үүнийг төр, засаг, ард иргэд бүгдээр сайтар ойлгож, хамтран ажиллаж байгаа болно.

Монгол Улсын нэгдэн орсон Биологийн олон янз байдал болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцуудын хэрэгжилтийг хангах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтуудыг биелүүлэх тодорхой арга хэмжээг Монгол Улс хэрэгжүүлж ирлээ. Онцлоход Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийн зорилтоо ахиулан тодорхойлсон анхдагч улсуудын нэг Монгол болж, үндэсний хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 14 хувь бууруулахаар тооцсон байсныг 22.7 хувь бууруулах зорилтыг тодорхойлж, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод оролцогч талуудын 25 дугаар бага хурлын үеэр албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэхүү зорилт болоод Биологийн олон янз байдлыг хамгаалах Үндэсний хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хүлээсэн үүрэг амлалтуудад улсын тусгай хамгаалалттай нутгийн эзлэх хувийг 2030 оны байдлаар 30 хувь болгох зорилтыг тусган хэрэгжүүлж, эрхзүйн таатай орчныг бий болгоод байна.

Монгол Улсад өнөөгийн байдлаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ нийт нутгийн 20, орон нутгийн хамгаалалтад авсан газрыг оруулбал 30 хувьд дөхөөд байна. Эдгээр нутгууд нь анхдагч экосистемийн төлөв байдлыг хадгалсан тулгуур газар нутаг болж, экосистемийн үйлчилгээний өвөрмөц голомт нутгийн үүргийг гүйцэтгэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг саармагжуулахад Тусгай хамгаалалттай газар нутгийн хувь нэмрийг тооцох зорилгоор 2019 онд Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийн 170 гаруй улс орныг хамруулан хийсэн судалгаагаар Монгол Улс хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн. Энэ чиглэлээр манай хийж буй ажлын бодитой үр дүн гэж үзэж болно.

Монгол Улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжин “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байгаагаа илэрхийлж байна.

2020 он бол дэлхийн хэмжээнд байгаль орчны асуудлаар чухал шийдвэрүүд гаргах, нэгэнт гарсан хамтын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангахад чухал жил болох учиртай. Дэлхий нийтээр 2020 оныг SUPER YEAR гэж тодорхойлсон.

Монголчууд бид дэлхийн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах үйлсэд нэгдэн далай, тэнгисийн тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх нь энэ цаг үед чухлыг онцлохын ялдамд Далайн улс орнуудыг энэ эвсэлд нэгдэхийг уриалж байна. Нэг дэлхий, нэг байгаль, нэг л орчин бидэнд бий.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэж хэллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ангар 2020-01-27 03:58:03
    Монгол улс алт, зэс, нүүрсээ ухахгүй, ноолуураа самнахгүй, малын мах, арьс ширийг нь экспортлохгүй, зөвхөн Монгол хүнийхээ гайхамшигтай толгойг ашиглаж амьдрана...
    162.158.91.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-23 01:53:20
    Монгол улс цаашид нүүрс хэрэглэхгүй гэчихээгүй нь л яамай
    150.129.141.101
    Мэдэгдсэн Хариулах