УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн долоо хоног
Долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал байв. Мөн БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн титэм вирустай холбоотой мэдээлэл онцлох үйл явдлын нэг байлаа.
 

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

Өнгөрсөн баасан гаригт Халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хэлэлцлээ.

Хуралдаанд дэд хорооны гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ерөнхий прокурор н.Жаргалсайхан нар оролцов. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж " Мөрдөн байцаалтын ажилд саад учруулж байна. Мөрдөн байцаалтын нууц задруулж байна гэж ерөнхий прокурор ярьсан. Иймээс гишүүнийх нь албан тушаал шалгахад саад болж байгаа учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгуулах нь зүйтэй гэж үзэж шийдлээ" гэлээ.

Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.
 

Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдэв
 
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай  Түр хорооны гишүүүд өнгөрсөн долоо хоногт уулзсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийх үеэрээ “Т.Чимгээгийн бие маш тааруу байгаа тухай мэдээлэл бидэнд өглөө. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлж, хилсээр ял тулгасныг олон улсын байгууллага тогтоосон ч бодитой ажил хийхгүй байна. Тиймээс Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн” гэлээ.
 
312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болгов

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ. Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл 2016 онд:
- 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга
- 216 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга
- 312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ.  Тэтгэвэр нэмсэн тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэв

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 500 төгрөг болгон шинэчлэн тогтоов. Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна. Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан юм. Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Г.Батхүү агсныг гадны нөлөөтэй амиа алдсан гэж ар гэрийнхэн нь мэдэгдлээ

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны гэр бүлийнхэн анх удаа хэвлэлийнхэн мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр өмгөөлөгч н.Батхуяг “Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралт, ухархайн дээд ханын хугаралт үүссэн. Баруун нүдэнд хөхрөлт хавдалт үүссэн. Задлан шинжилгээний явцад талийгаачийн хүзүүний зүүн хажууд 7*0,5 см урттай улайлт үүссэн. Энэ бол боолтын улмаас үүсч болдог үүсч болдог. Дүгнэлтээр өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэж гарсан” хэмээн мэдэгдсэн бол Талийгаачийн хүү Б.ГанхөлөгБид гадны нөлөөтэй гэж шууд үзэж Өндрөөс унаснаас үүдэлтэй гэж байгаа юм. Баруун нүд хөхөрч хавдсан. Зүүн талаараа унасан. Гэтэл тэр унасан талын нүд яагаач үгүй. Унаагүй талын нүд хэсэгтээ нэлээд том хавдартай. Хүзүүн дээрх улайлт бол ойлгомжтой, заамдалтын улмаас улайсан улайлт. Өндрөөс унасан хүн хүзүүн дээрээ заамдалтын мөртэй байх уу, итгэхгүй байна” хэмээн мэдэгдэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2020-01-27 05:17:42
    УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг нь цагдан хорих зөвшөөрөл авч байгаа л хэлбэр шдээ! Ерөөс гишүүний халдашгүй байдал гэж байх шаардлагагүй!!!
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах