Коронавирусийн дуулианд дарагдсан анхаарал татсан үйл явдлууд
Дэлхий нийтийн шинэ коронавирусын талаарх асуудалд анхаарал хандуулж байна. Манай улсад ч коронавирустай холбоотой мэдээллүүд олон нийтийн анхаарлыг төвд байна. Үүнтэй холбогдуулан зарим анхаарал хандуулах, хариуцлага тооцох сэдвүүд орхигдоод байгааг цахим орчинд сануулах хүмүүс олон байна. Тэгвэл коронавирусын дуулианд дарагдсан анхаарал татсан сэдвүүдийг эргэн сануулъя.
 
Хахууль авч байгаад баригдсан гэх Х.Оргил-Эрдэнийн асуудал мартагдав

Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан.
Тодруулбал, ТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын “Баруун аймгууд руу салдаг уулзвараас 52 даваа хүртэлх авто замыг тавьж байгаа” БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж компанийн Хятад иргэнээс авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Гэвч Х.Оргил-Эрдэнэ хахууль авсан нь тодорхой байхад хорих саналыг шүүх хүлээн аваагүй. Өнөөдрийн байдлаар энэ асуудал намжмал байдалд ороод байна.
 
Казино тоглосон гишүүдэд хэзээ хариуцлага тооцох вэ
 
Австралийн Канберра хотод болсон олон улсын чуулганд оролцсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарын гишүүд казинод тоглосон нотлогдсон. Иймээс эдгээр гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудал эрчимтэ яригдаж байсан ч коронавирусын дуулианаар намжмал байдалд ороод байна.
 
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эхэнд Засгийн газрын хуралдаанаар мөрийтэй тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцох тухай шийдвэр гаргасан. Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх шатны албан хаагчдын ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, 3.1.4-т “Дотоод, гадаад мөрийтэй (казино) тоглохгүй, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхгүй байх” гэсэн заалтыг нэмсэн юм. Казино тоглож байсан нь батлагдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар зохицуулалт хийсэн. Иймээс казино тоглосон гишүүд болон Австрали улс дахь Элчин сайд Б.Чулуунхүү нар хариуцлага хүлээх асуудал хөндөхөөр болоод байсан юм.
 
Дэд сайд асан Т.Болдбаатарын охин хар тамхины хэрэгт дахин холбогдсон асуудал юу болов

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охин хар тамхины хэрэгт дахин холбогдсон тухай мэдээлэл хэд хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Сануулахад, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас  2020.01.12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах  зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчилсан байна.
 Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна. 
Түүнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорих саналаа энэ сарын 14-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх уг саналыг хэлэлцээд гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж дүгнэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, Нарангуа, Лай Фужун нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж.
Энэ хэргийн холбогдогч У.Анхбаяр, Б.Буянжаргал нар 2015 онд хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар олж авсан хэрэгт холбогдон дэд сайдын охин тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн бол У.Анхбаяр нь хорих ял эдэлсэн аж.
 
Мөнгө угаасан гэх элчин сайд А.Баттөрын асуудал юу болов

Монгол Улсаас Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Баттөрийг АТГ-аас саатуулсан байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан болон оффшор бүсэд мөнгө угаасан  гэх хэргээр АТГ-аас шалгаж байсан юм. А.Баттөрийг дипломат ёсоо зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж визний хураамжийн мөнгийг хууль бусаар цуглуулсан, түүнийгээ оффшор бүсэд угаасан, тэр хөрөнгөөрөө усан үзмийн талбайтай тансаг харш худалдаж авсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж буй.

Түүний хувьд хоёр жил хагасын өмнө Франц улсад суух элчин сайдаар томилогдсон байдаг. Үүнээс өмнө тэрбээр Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.  
 
Дээрэм хийсэн гэж тагнуулынхны асуудал юу болов

Энэ сарын 23-24 нд шилжих шөнө ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэрэг гарсан. Тодруулбал, Тагнуулын байгууллагын тусгай бүлгийн дөрвөн ажилтан ОХУ-ын иргэн Г болон Монгол Улсын иргэн М нарыг мөнгөн ус худалдаж, наймаалцахаар тохирч, мөнгөө солилцох гэж байхад нь сүрдүүлж, дээрэм хийжээ. Энэ үйл явцтай холбогдуулан Тагнуулын байгууллага “Албан хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудлын талаарх урьдчилсан мэдээллийн дагуу тус газраас цагдаагийн байгууллагад мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан. Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна” гэсэн. Ямартай ч энэ асуудал хэрхэн шийдэгдэх эсэх нь тодорхойгүй намжмал байдалд ороод байна.
 

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баагий 2020-01-31 06:56:11
    Одоо энэ элдэв сенсацаа болиоч
  • Бат 2020-01-31 02:04:40
    АН угшилтай Эрдэнэбат орон нутгийн сонгуульд нэр дэвшигч 6 сарын өмнө ажлаасаа чөлөөоөгдөх гэж чи мөн тэнэгтэх юм аа 14 л болоо шүү дээ