''Эрдэнэс Тавантолгой''-н IPO сонгуулиас өмнө амжих уу?

Олон улсын хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувьд IPO хийж, хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил сонгуулийн өмнө урьтаж “Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компаниараа дамжуулан  IPO гаргахаар ажиллаж байгаа тухай Уул уурхайн сайд мэдэгдээд байгаа.

Өнөөдрийн байдлаар IPO хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэх банкууд шалгарч бэлтгэл ажилдаа аль хэдийнээ оржээ. Тодруулбал, АНУ-ын  “Mеrrill Lunch”, Швейцарийн “Credit Suisse”,  Японы “Nomura”  гэсэн гурван банк шалгарсан байна. Эдгээр шалгарсан банкууд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Лондон болон Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан гаргах юм.   Гэхдээ цаг хугацааны хувьд амжих эсэх нь тодорхой бус боллоо гэдгийг шинжээчид хэлж  байна. Ялангуяа Хонгконгийн биржид гаргах бол  коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор  тус бирж сар шахам амарч өчигдрөөс нээгдээд байгаа юм. Тиймээс  тус хөрөнгийн биржийн зах зээлийн индекс найман хувиар буураад байгаа нь асар том уналт  болоод байна.  Өөрөөр хэлбэл,  биржид байгаа аж ахуйн нэгжүүдийн үнэлгээ, үнэ цэнэ  энэ хэмжээгээр уналаа гэсэн үг.  Ийм нөхцөл үүссэн үед “Эрдэнэс Тавантолгой”-н охин компани сонгуулиас урьтаж  энэ биржид IPO хийх нь төвөгтэй байдал үүсч  байгааг хэлж байна.  Цаашдаа энэ таагүй нөлөөлөл гурав, дөрөвдүгээр  сар хүртэл үргэлжлэх төлөв байгааг Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн хөгжлийн албаны судлаач П.Нямдорж онцолж байв. Учир нь хөрөнгийн зах зээлд ажиллаж буй  аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаанд  эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаатайгаар өсөлт, бууралт явагдана. Коронавирустэй холбоотойгоор Хятадын эдийн засагт томоохон хүндрэл учрахаас гадна ихэнх  компаниудын борлуулалт буурч зардал өсөх зэргээс шалтгаалж хэсэг хугацаанд уналтын  байдал үргэлжлэх шинжтэй байна. Үүнээс шалтгаалж  олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой”- н IPO гарах үед суурь хүндрэл байхаар байна. Дэлхийн зах зээлийн чиг хандлагыг харвал оны эцэс рүү тогтворжих магадлал бий. Харин тэр үед гаргавал компанийн үнэлгээ хэвээр байх үнэ цэнээ хадгалах, хөрөнгө оруулагчдын итгэж болох найдвар нь илүү байх магадлалтай аж. Түүнчлэн дэлхийн тэрбумтан хөрөнгө оруулагчид сүүлийн жилүүдэд уул уурхайгаас илүүтэй криптовалют, каннабис гэсэн шинэ зах зээлийн орон зай руу хөрөнгөө байршуулах нь давамгайлж байсан бол алтны ханш дэлхийн зах зээлд өссөнтэй холбоотойгоор  алт руу хөрөнгөө байршуулж эхлээд байгаа аж.  АНУ, Хятадын худалдааны дайн, Иран, АНУ-ын таагүй байдал, коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид нүүрс гэхээс илүүтэй алт руу хөрөнгөө байршуулах сонирхол түлхүү байх төлөв ч байгааг судлаач хэлж байна. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой”  ойролцоогоор найман тэрбум тонн коксжих нүүрсний нөөц болон чанараараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд үнэлэгдэж байгаа болохоор магадгүй гадны хөрөнгө оруулагчид эртнээс төлөвлөж бэлтгэлтэйгээр манайхыг онилсон нь тодорхой.  Тухайлбал, Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, IPO хариуцсан хэлтсийн захиралтайгаа  манайд ирж “Эрдэнэс Тавантолгой”-н IPO -г Лондонгийн хөрөнгийн биржид гаргаач гэсэн хүсэлтээ тавьсан.  Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл  асар үнэ цэнэтэй  үнэлгээ өндөр ордын IPO-г өөрийн хөрөнгийн биржээр эргэлтэд оруулна гэдэг тэр хэмжээгээр их  мөнгө эргэлдэх боломж  гэж харсан гэсэн үг.  Энэ том биржээс хүсэлт тавьсан гэхээр манайд итгэл төрүүлж   IPO-гоо яаравчлах хөшүүрэг болсон ч гэж үздэг. Нөгөөтэйгүүр тус компанийн ашигт ажиллагаа сүүлийн гурван жилд өссөн мөн нүүрсний ханш дэлхийн зах зээлд өндөр байгаа нь гол дэмжлэг болж байна. Компаниудын зах зээлийн индекс түр зуурын уналтаас шалтгаалахгүйгээр энэ түүхэн цаг үеийг ашиглаж яаралтай IPO гаргах нь компани болоод Монголын ард түмэнд ашигтай байж болно.Энэ салбарт  2011 онд хөрөнгийн зах зээлд манайх маш амжилттай байсан түүхэн цаг. Түүнээс хойш 10 орчим жил зах зээлийн индекс уруудсаар IPO гаргах нь зогссон.  Магадгүй одоо энэ цагт өсөх цикл рүүгээ шилжих  төлөвтэй байгааг ашиглаж гарах нь чухал. Энэ үеийг ашиглахгүй өнгөрөөвөл дахин 10 орчим жил хүлээх үү гэдгийг үгүйсгэхгүй. Ямар ч байсан том төслүүд хөдлөх ёстой гэдэгтэй бүгд санал нийлж байгаа. Нөгөөтэйгүүр гадны зах зээлд гарах нь засаглалын хувьд нээлттэй болгох  чухал ач холбогдолтой.  Гадны хөрөнгийн биржийн  шалгуур, босго өндөр  мэдээ мэдээллийн хатуу дэг журамтай. Эдгээрийг хангахын тулд тус компанийн засаглал ил тод байхыг шаардаж байгаагаараа давуу талтай. Дотоодын хөрөнгийн  бирж ч мөн ялгаагүй олон улсын стандартад нийцүүлэхээр  ажиллаж буй ч өнөөдрийн нөхцөл байдалтай холбогдож компаниудад  уян хатан шалгуур, шаардлага тавьдаг.

Монголын хөрөнгийн биржийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийг дотоодын хөрөнгийн биржид  үнэт цаасаа гаргаж эргэлтэд оруулах хөрөнгө босгох үйл ажиллагаагаа нэг дор хийгээсэй гэсэн байр суурьтай байдаг юм байна. Энэ хүсэлтээ Уул уурхайн болон Сангийн яаманд удаа дараа илэрхийлжээ. Ингэснээр зөвхөн 1072 хувьцааг эргэлтэд оруулах биш дотоодын зах зээлд IPO гаргаж хөрөнгө  татна.  Гэвч  дотоод  зах зээлээс хөрөнгө босгох боломж нь бага гэж  ихэнх компани дүгнэдэг. Гэтэл энэ бол өрөөсгөл ойлголт. Дэлхийн эдийн засгийн глобалчлагдсан аль ч улсын иргэн цахим орчноос Монголын хөрөнгийн биржээс хувьцаа авах боломж нээлттэй. Ийм нөхцөлд дотоодын зах зээлд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг  гаргаснаар  мэдээллийг нь гадны хөрөнгө оруулагчдад хангалттай өгч чадна гэсэн байр суурийг Хөрөнгийн биржийнхэн илэрхийлж байгаа.  Ингэснээр  иргэд болоод гадны хөрөнгө оруулагчид дэлхийд үнэ цэнээрээ эхний тавд явж буй коксжих нүүрсний нөөц ихтэй уурхайд хөрөнгөө оруулахаас татгалзахгүй.  Түүнчлэн Монголын хөрөнгийн зах зээлийг дэмжих гадны хөрөнгө оруулагчид орж ирэхийн зэрэгцээ валютын урсгал наашаа чиглэнэ. Бусад компаниудад ч  дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцолж байлаа.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-02-04 23:22:50
    Бид хувцаа гаргаж ашигтай ажиллаж чадах уу адаглаад төрийн биш хувийн байх зэрэг энгийн шалгуур давах уу
    162.158.202.177
    Мэдэгдсэн Хариулах
  • хзр 2020-02-04 09:59:03
    өнгөрсөн намар үнэ өсөлттэй байхад гаргалгшй үнэ унахааар нь гаргадаг нь яаж байнаа ,
    172.68.146.179
    Мэдэгдсэн Хариулах