Ц.Уртнасанг цагдан хорьж, Н.Номтойбаярт хилийн хориг тавьлаа
Өнгөрсөн долоо хоногт улс төр нийгмийн амьдралд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэр гаргав. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна. Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянган төгрөг болгож нэмсэн юм.
 
Иргэн Г.Буяндорж 25 тэрбумын авлигын баримтыг дэлгэв

Нэр бүхий шүүгч, прокуроруудыг авлига авсан гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт гаргалаа.

Иргэн Г.БУЯНДОРЖ гаргасан гомдлынхоо талаар “Би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, хуулийн байгууллагын зарим нэг ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай, тэдний ажил, албан тушаалтай холбоотой авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлж, гомдол гаргаж байна.

Манай “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн есөн жил хуулийн байгууллагаар шалгагдсан ч Монгол Улсын шүүх миний хэргийг цагаатгасан.

Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлмээр байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор байсан прокурортой холбогдох  гомдол бий. Миний хэргийг шалгах явцад хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, шантаажилж дарамталсан. Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан тул түүний санал болгосон буюу гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа, 90 мянган ам.долларыг хэрэг ашигтайгаар шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн. Гэрээ хийгдсэний дараа би мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн юм. Ингэж хэлснийхээ төлөө би Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар 5 удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хоригдсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж би 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан” гэсэн юм.

Н.Номтойбаярт хилийн хориг тавьлаа

Нийслэлийн Прокурорын Газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авахуулахаар ирүүлсэн прокурорын саналтай хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Улмаар Н.Номтойбаярт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.

НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг цагдан хорилоо

АТГ-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасанг  48 цаг саатуулж, тайлбар авсан байна. Улмаар түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих саналын дагуу шүүгчийн захирамж гарчээ. 
 
Ц.Уртнасанг тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны даргатай нь хамт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
 
Ц.Уртнасан нь 2012 оны есөн сарын 27-нд тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн тушаалаар тус албанд томилогдож байсан билээ. Тэрбээр өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дэд даргын албан тушаалыг хашиж байгаад Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан юм.
 
О.Онон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Рагнар 2020-02-10 08:30:14
    Одоо л наад Номтойгоо сайн шалгаад бөөрийг нь гарга!
  • ard tumen 2020-02-08 07:02:09
    Anusiin xulgaichuudiig bugdiig tsaazal
  • АН-гишүүн Нэмэхбаяр 2020-02-08 03:19:14
    С.Эрдэнийг цуг хориж байцаавал бүх үнэн нь тодорно.
    • ЗОЧИН 2020-02-11 01:14:57
      Манай Эрдэнэ дарга гүрийгээд юу ч хэлэхгүй эээ.