Цагаан сар тэмдэглэхгүй байх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлиг

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигт:

“Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг үндэслэн ЗАРЛИГ  болгох нь:

  1. Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай:

1.1. Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах;

1.2. Олон улсын хөл хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх;

1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.

2. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2020-02-13 05:41:04
    Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж- хэмээн зарлигт тань бичсэн байхад Энхтүвшин чинл гэр бүлийн хэмжээнд тэмдэглэж болно гэж тайлбарлаж байсан. Гэр бүл гэж-?...
  • эсэргүү 2020-02-12 21:51:18
    энэ жанхуу монголыг их гайтуулж байна 40 чингэлэг спирт төмөр зам гээд
  • зочин 2020-02-12 08:28:33
    Зээлээ тэглүүлсэн ахмадууд цагаан сарыг тэмдэглэж л таараа. Дээр үед Малчны цагаан сарыг хорьж дийлж байл уу. Мөрөө гаргаж, тоосоо гүвж л тараа ш тээ.
  • Иргэн 2020-02-12 07:38:11
    Банкуудыг бас хааж гамшигаас хамгаалмаар бна.Төрийн банк биг дүүрэн хүн бна.Нил вирус дахал дамжина.Банкны бүх үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой!!!!!!!!
  • zochin 2020-02-12 07:01:24
    Зээлээ тэглүүлсэн ахмадууд төрийнхөө буяныг эдэлж өргөн дэлгэр сайхан тэмдэглэнээ. ккк...