Франц улсаас нисдэг тэрэг, гал унтраах автомашин авна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Франц улсаас нисдэг тэрэг, гал унтраах автомашин авна 

Монгол, Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олголоо.

Төслийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, олон төрлийн, тусгай зориулалтын 42 шинэ автомашин, агаараас эрэн хайх, аврах  эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулж тоноглогдсон Airbus EC-145 загварын гурван нисдэг тэрэг, нисгэгчдийг сургах бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэнэ. Мөн Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг бэлтгэж сургах ажлууд багтсан байна.  Тус төслийг нийт 57,9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Францын төрийн сангийн “Натиксис” банкаар дамжуулан санхүүжүүлж, эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцжээ. 

Товч мэдээ:

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөөг батлав. Нийт 22 хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд цахим хэлбэрээр виз олгох урьдач нөхцлийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулах зэрэг Монгол Улсын визний талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтууд тусгагдсан байна.

“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани болох “Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болгов. Тус станц нь 3 үндсэн цех, 1 алба, 2 хэлтэс, 7 хэсэгтэй 180 гаруй ажилтантай. 2019-2020 онд 716.5 мян/Гкал дулааны эрчим хүч түгээж, 19,969.2 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 50Мвт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгон өргөтгөх төслийг эхлүүэх боломж бүрдэх юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батлав. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой нөхцөл, шаардлага тавих, өргөн нэвтрүүлгийн хэт төвлөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх нэмэлт боломж нээгдэх юм.

 

Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээнд өөрчлөлт оруулах тухай протоколыг батлав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.