Ч.Үл-Олдох: Манай сэтгүүлчид мэргэжилдээ хайртай учраас нулимстай ч гэсэн инээж явдаг
Монгол улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 107 жилийн ой өнөөдөр тохиож байна. Иймээс бид “Аварга Тосонгоос аврал эрэх хэрэггүй”, “Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе”, “Сүхбаатарт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү”, “Жанжны нутаг сүйрлийг ирмэгт” зэрэг сурвалжлага, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдээрээ 2019 оны сонины сэтгүүлч хэмээх алдрын эзэн болсон Зууны мэдээ сонины тоймч
Ч.Үл-Олдохтой цөөн хором ярилцлаа. 


 -Монголд Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 107 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Манай улсын хувьд сэтгүүл зүйг дөрөв дэх засаглал гэдэг. Үүсч хөгжсөн түүх нь ч бага биш. Гэсэн хэдий ч энэ салбарт тулгамдаж байгаа асуудлууд бий. Үүнийг шийдвэрлэхдээ хойрго байсаар иржээ гэх шүүмжлэл гарах болсон. Энэ талаар таны байр суурь?
 
-Баярлалаа. Танай  хамт олонд болон  үзэг сэтгэл нэгтэй нөхөд, мөн уншигчдадаа Монголд чөлөөт хэвлэл үүсэн байгуулагдсан түүхт өдрийн баярын мэнд хүргэе. Сэтгүүлзүйн салбарт тулгамдаж байгаа, шийдэх ёстой, шинээр бий болгох ёстой, аль аль талдаа анхаарах учиртай,  мөн сэтгүүлчид өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой гэхчлэн яриад байвал олон асуудал бий. Харин эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ хойрго байсаар иржээ гэвэл түүнийг судлаачид  л дүгнэж хэлэх болов уу. Манай сэтгүүлчид  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг ТББ-д харьяалагдаж ирсэн. Сайн ч муу ч салбарын толгой болсон энэ байгууллагыг  залж чиглүүлж ирсэн  удирдагчид  чадах ядахаараа зүтгэж ирсэн гэж боддог. Түүний зэрэгцээ тэднээс болон сэтгүүлч  биднээс хамаарахгүй хүчин зүйл, сэтгүүлзүйг хашаатай байлгах гэсэн үе үеийн эрх баригчид, улстөрчдийн  нөлөө  гэж  бас бий. Өнөөдөр л гэхэд Засгийн газраас Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, УИХ-д оруулахаар бэлтгэж байгаагаас үзэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гартаа оруулах,  өөрсдийн мэдэлд байлгах гэсэн санаархал  зарим зүйл заалтаас нь цухалзаж байна уу гэж харагдаж байгаа. Мэдээж сэтгүүлзүйн тогоонд   буцалж яваа нэг эд эсийн хувьд  надад бодож явдаг зүйлүүд байлгүй яах вэ. Тэр нь юу вэ гэвэл  хариуцлага,  хариуцлагатай сэтгүүлзүйн тухай. Бид хариуцлагын тухай хамгийн их ярьж, бичдэг атлаа өөрсдөө хариуцлагагүй байж болохгүй.

-Тухайлбал?
 
-Наад захын жишээ гэхэд л сониныхон тоо баримтыг зөрүүлж  мэдээлээд, ямар ч эх сурвалжгүй тааж бичээд, эсвэл улстөрчдийн гар хөл болоод, телевизүүд твитер дээрээ үг үсгийн болоод утга найруулгын алдаатай мэдээлэл оруулж, хүний нэр, албан тушаалыг буруу бичээд, цахим салбарынхнаас эхлээд  сошиалаас ялгагдахгүй байвал олон нийтийн  итгэлийг хүлээж чадах уу. Хүмүүс  хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээс  бодитой мэдээлэл авахыг хүсдэг. Гэтэл бид мэдэх  эрхийг нь  хангахгүй, мэргэжлийн байж чадахгүй, хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Тэгэхээр хариуцлагатай байж чадаж байна уу гэдэгтээ дүгнэлт хийх хэрэгтэй юм. Бидэнд хамгийн  их тулгамдаж байгаа асуудал бол  хариуцлага байна.  
 


-Сүүлийн жилүүдэд манай салбарыг хоточ нохойн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж шүүмжлэх болсон. Та үүнийг хэрхэн харж байна?

 
-Хоточ нохой хотоо манадаг, хонио  ч хариулдаг. Энэ утгаар авч үзвэл сэтгүүлзүй үүргээ гүйцэтгэж байгаа. УИХ-ын гишүүн, сайд нар Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сангаас зээл авч эргүүлээд Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан өндөр хүүтэй зээл олгож иргэдээ мөлжсөн гэмт хэргийг  манай сэтгүүлчид  шилэн дансны мэдээллээс нь шүүгээд гаргаад  ирсэн. Капитал банк НДС-ийн мөнгийг идчихсэн хэргийг ч тэр, сэтгүүлчид мэдээлж, бичиж олон нийтийн анхааралд оруулж ирсэн шүү дээ. Одоо улс орнуудыг түгшээж байгаа коронавирусын цаг үеийн мэдээлэл, хариуцлага, сахилга бат ямар чухал болохыг сурталчлах, ЭМЯ болон бусад эх сурвалжийн мэдээллийг ард иргэдэд шуурхай хүргэж сэтгүүлчид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэ чинь коронавиурсыг улс орондоо оруулчих вий гэж иргэдийг мэдлэгтэй, мэдээлэлтэй байлгахын төлөө мэргэжлийн үүргээ  нэр төртэй гүйцэтгэж, хоточ нохойн үүргээ  ч сайн биелүүлж байгаа хэрэг мөн биз. Эсрэгээр нь хэвлэл, мэдээлэл байхгүй байсан бол яах байсан бэ гээд төсөөл дөө.
 

-Нөгөөтэйгүүр сэтгүүлчдийн нийгмийн болоод цалин, хангамж гээд хөндөх асуудлууд бий. Харамсалтай нь дорвитой өөрчлөлтгүй байсаар л байна шүү дээ?
 
-Сэтгүүлч гэдэг сэтгэлтэй хүний хийдэг ажил гэдэг үнэн. Шуналтай хүн бол амжилт олохгүй л дээ.Үнэхээр цалин багатай,  тэгсэн атлаа цаг наргүй ажилладаг. Мэргэжилдээ сэтгэлээ өгсөн хүн нулимстай ч гэсэн инээж явдаг юм болов уу даа. Өөрт тохиолдсон нэг жишээг хэлэхэд, 2010 онд санагдана Малын хулгайтай тэмцэх зүүн аймгуудын хэлэлцүүлэгт сонин, телевиз, радиогийн хэдэн сэтгүүлч Хэнтий аймаг руу сурвалжлагаар явсан юм. Хот руу буцаж ирэхэд  шөнө орой ч болчихлоо, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн машинд   сэтгүүлч, зураглаачид сууж хүргүүлэхээр  болов. Сайд, гишүүд өөрсдөө түрүүлж хүргүүлдэг болохоос сэтгүүлчдийг хүргэж өгье гэдэггүй шүү дээ. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн  жолоочийнхоо хамтаар бүх сэтгүүлч, зураглаачдыг  гэр гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгж явахад манай сэтгүүлч, зураглаачдын гэр голдуу Чингэлтэй, Долоон буудал, Хайлаастын эцсийн   харанхуй  мухарт  эсвэл айхтар гүн жалганы хажууд, ямар ч гэрэлтүүлэггүй муруй тахир гудамжинд байсан даа. Ямар сайндаа  Б.Бат-Эрдэнэ гишүүн “Та нар чинь цаг наргүй ажилладаг, оройтож харьдаг биз дээ. Шөнө орой би ч энэ хавиар явбал айхаар юм байна.Яасан хэцүү газар амьдардаг хүүхдүүд вэ”” гээд толгой сэгсэрч байж билээ. Нөгөө талаар  өөрсдийнхөө төлөө тэмцдэггүй, дуугардаггүй, шаардлага тавьдаггүй нь бидний сул тал байх. Манай сэтгүүлчид эмч нарын цалин бага байна, багш нар цалингаа нэмүүлэхээр жагслаа  гээд л дуу дуугаа аван мэдээлдэг. Нэмэх ёстой шүү дээ гээд шүүмжилсэн өнцгөөс ярьж, бичдэг. Гэтэл өөрсдийнхөө тухай ярьдаггүй. Бусдын зөрчигдсөн эрхийг хамгаалж тэмцдэг атлаа өөрийнх нь эрх өчнөөн зөрчигдөж байхад  ингэлээ  тэглээ гэж гомдоллодоггүй. Наад зах нь л гэхэд сайд дарга нарын авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлж, бичтэл нөгөөдүүл нь “Намайг гүтгэсэн байна” гээд сэтгүүлч рүү буруугаа  бухаад гүтгэчихдэг. Үнэнийг магадлуулахаар шүүх, цагдаагаар явж цаг хугацаа, цалин мөнгө, сэтгэл санаа гээд олон талаар  хохирно. Мэдээж сэтгүүлч ямар ч баримтгүйгээр тэнгэр харж  бичихгүй шүү дээ. Иймээс эрх мэдэлтнүүд үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт  сэтгүүлчийг мохоох, залхаах  зорилготой тухайн хэрэг  нь хэрэгсэхгүй  болоод өнгөрөх жишээтэй. Өөрсдөдөө дүгнэлт хийж, энэ байдлаа  өөрчлөх ёстой.


-Хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх хэрэгтэй гэх боловч хөрсөнд буухгүй байна гэдэг. Магадгүй хэвлэл мэдээллийн байгууллагын хөрөнгө оруулагч эсвэл эзэд нь улстөрч байгаа нь ч нөлөөлдөг байх. Таныхаар?
 
-Өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд болсон “Хараат бус сэтгүүлзүй” форумаар  хэвлэлийн  эрх чөлөөг хэрхэн бүтээх вэ гэдэг асуудлыг олон талаас ярьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэр үеэр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг тогтоодог олон улсын байгууллагаас гаргасан жагсаалтад манай улс дэлхийн 210 орноос 70 дугаар байрт орсныг мэдээлж байсан. Олон улсын судлаачид энэ байдлыг эдийн засгийн байдалтай холбон тайлбарладаг юм байна лээ. Дээр нь манай улсын хууль боловсруулж батлагчид улс төрийн нөлөө бүхий хүмүүс байгаад зогсохгүй өөрсдийн эрх мэдэл, дур зоргыг  хэмжээгүй, хяналтгүй хэрэгжүүлэхийн  тулд  сэтгүүлзүйг  хазаар, дөнгөтэй байлгахаар  Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар санаагаа гүйцэлдүүлж байдагтай холбоотой байдал өөрчлөгдөхгүй байна. 
 
-Манай улсын сэтгүүлчид төрөлжиж бичих хандлага нь давамгайлах болсон. Магадгүй энэ нь сайн жишиг боловч нарийн мэргэших тал нь орхигдсон юм болов уу гэж хардаг. Энэ талаар таны байр суурь?
 
-Санал нэг байна. Сэтгүүлчид мэдээ, мэдээллийг дамжуулаад зогсохгүй олон талаас нягталдаг, харьцуулдаг, судалдаг, анализ хийдэг байх ёстой. Олон талын, өөрөөр хэлбэл салбар салбарын талаарх  мэдлэг хэрэгтэй, олон улсын мэдээллийг анхдагч эх сурвалжаас нь авахын тулд  гадаад хэл мэддэг байх шаардлагатай. Гэтэл цаг наргүй ажилладаг, нөгөө л эдийн засгийн боломж хомс, магадгүй байрны лизинг, цалингаас цалингийн хоорондох мөчиг тарчиг амьдрал,  гэхчлэн ахуйн шинжтэй бэрхшээлдээ уягдаад зарим нь  өөрийгөө  боловсруулах, мэргэжил дээшлүүлэх талаар дутагдалтай байдаг тал бий.

Гэсэн хэдий ч олон нийтийн мэдэх эрхийг нь хүндэтгэн мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулахын сацуу салбарын мэргэжилтнүүдтэй эн зэрэгцэн алхах зайлшгүй шаардлагыг өөрийн хүч чадлаар биелүүлсээр ирснийг үгүйсгэж болохгүй. Улс төр, эдийн засаг, соёл урлаг, эрэн сурвалжлах гээд бүхий л салбарт сэтгүүлчид мэргэшиж бичиж байгаа. Редакциуд ч мөн мэргэшүүлэхэд анхаарал хандуулж боломжийнхоо хэрээр сэтгүүлчдээ сургалтад хамруулдаг. Бид аливаад гомдоллодоггүй шигээ мэргэшиж бичихээр хичээн тууштай зүтгэсээр байгааг онцлон тэмдэглэмээр байна.
 
-Ярилцсан танд баярлалаа

 
П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2020-03-11 01:36:49
    Baynhongoriin busgui ingeed Suhbaatartchuudiin tolgoig erguuld altan ovoo mini gd bgaan da UIH sbaataraas ner nevshih gk bgan
  • Зочин 2020-03-07 03:31:35
    35 үсгээ бүрэн мэдэх үү та нар
  • чөтгөр 2020-03-06 07:02:54
    Үхсэн бааснууд муу шантаажчмнгууд