Я.Санжмятав сайдаар нь хэлүүлж, З.Нарантуяа ЖДҮХС-гийнхан руу мессэж бичжээ

“ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон УИХ-ын 40 гаруй гишүүн бий. Тэдний дийлэнх нь МАН-ынхан юм. Гэхдээ ЖДҮХС-гийн 2018 оны хавар, намрын санхүүжилтээс АН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд ч авч, зарим нь авахаар нөлөөлөх гэж оролдсон байна.

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаад УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Д.Батцогт нарын ХХААХҮЯ, ЖДҮХС руу хэрхэн холбогдож, нөлөөлж байсан талаарх мэдээллийг  хүргэе.

Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2009 онд байгуулагдсан“Фрэш эйр” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын 141 тоот тушаалаар 2018 оны есдүгээр сарын 28-нд 300 сая төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ компанийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дэмжжээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг хоёрыг суулгаж байгаад УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын гэх “Фрэш эйр” ХХК-ийн нэрийг өгчээ. Ингэхдээ цаасан дээр “Санжмятав 9911…….” гэж гар утсыг нь тэмдэглүүлсэн байна. Мөн “Я.Санжмятавын нэрийг нь өгсөн компани хөргөлттэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг шүү. Өгсөн дугаараар заавал холбогдоорой” гэж захижээ. Бас “Энэ компанийн төслийг санхүүжилтэд заавал оруулна шүү” гэж үүрэгджээ.

Үүний дагуу ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг сайдынхаа өгсөн гар утасны дугаарт залгахад эмэгтэй хүн утсыг нь аваад “Захирал амарч байна, 20 минутын дараа залга” гэсэн байна. С.Төгсбилэг энэ талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хэлэхэд “Одоо хүртэл холбогдож чадахгүй байгаа юм уу. Улс төрийг тэнцвэржүүлж авч явах ёстой” гэж нэлээд бухимджээ. Ингээд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн дэргэд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав руу утсаар ярьсан байна. Удалгүй С.Төгсбилэгийн утас руу Б.Батзориг сайдын өмнө нь өгсөн 9911….  дугаараас “… “Фрэш эйр” компанийн захирал байна” гээд нас тогтсон гэмээр хоолойтой эрэгтэй хүн залгаж ярьжээ.

“Фрэш эйр” компанийн төсөл хүлээж авах хугацаанд багтаж ирсэн ч материал нь бүрдлийн шаардлага хангаагүй байна. Энэ талаар ЖДҮХС-гийнхан мөн л сайд Б.Батзоригт дуулгахад “Материалыг нь нөхөж бүрдүүлж ав” гэсэн чиглэл өгчээ. Энэ дагуу “Фрэш эйр” компанийн захирал ЖДҮХС-гийнхантай очиж уулзаад материалаа нөхөж өгсөн байна. Ингэж УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын гэх “Фрэш эйр” ХХК тушаалд багтаж, санхүүжилт авчээ.

Мөн УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа ЖДҮХС-гийн хаврын санхүүжилтэд багтаж зээл авахаар оролдсон ч чадаагүй байна. З.Нарантуяа гишүүний ажлын албаны хэмээх хүмүүс өмнө нь хэд хэдэн компанийн материалыг өгч байжээ. Гэвч тухайн материалуудын бүрдэл дутуу байж, материал хүлээж авах хугацаа өнгөрснөөс хойш түүнийгээ нөхөх гэж нэлээд оролджээ. Тодруулбал, 2018 оны хаврын буюу тавдугаар сарын 14-ний А-88 тоот тушаал гарахаас өмнө дөрөвдүгээр сарын 20-нд З.Нарантуяа гишүүний “хүн” ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт мессеж илгээжээ. 9900…… дугаараас “Сайн байна уу. Нарантуяа гишүүний ажлын албанаас холбогдож байна. Нөгөө өгөх материалуудыг хэзээ өгөх вэ” гэж бичсэн байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн зүгээс ийм байдлаар ЖДҮХС-гийнханд нөлөөлөх оролдлогыг хийсэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан, өдгөө Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Д.Батцогт, түүний гуйсан “Дээл бод” ХХК-ийн нэрийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2018 оны намрын буюу наймдугаар сарын 24-ний тушаалд багтаахаар ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт өгчээ. “Энэ компанийг санхүүжилтэд багтаахад анхаараарай. Санхүүжилтэд заавал оруулна шүү” гэсэн байна. Тэгэхдээ “Батцогтод 200 сая төгрөгийн санхүүжилт өгөхөд болно” гэсэн байна. Үүнийг нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг цаасан дээр “Батцогт. “Дээл бод”. 200” гэж тэмдэглэж авчээ.

“Дээл бод” ХХК-ийн нэрийг Б.Батзориг сайд хаврын буюу 2018 оны тавдугаар сарын 14-ний А-88 тоот тушаалаар олгосон санхүүжилтэд багтаа хэмээн “Батцогт” гэж нэрийг нь тэмдэглүүлээд ЖДҮХС-гийн захиралд хэлж байжээ. Энэ дагуу тус компани материалаа өгсөн ч ЖДҮХС-гаас тавьсан шалгуурт тэнцээгүй байна. Улмаар ЖДҮХС-гийн Зээл, төслийн хэлтсийн мэргэжилтнүүдийн анхан шатны шалгуураар хасагджээ. Ийм учраас намрын төсөл сонгон шалгаруулалтад заавал багтаах учиртайг сайд сануулсан нь тэр аж.

Гэсэн ч “Дээл бод” ХХК намрын төсөл сонгон шалгаруулалтад материалаа ирүүлээгүй байна. Энэ талаар ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг сайд Б.Батзоригт хэлжээ. Удалгүй Б.Батзориг сайд С.Төгсбилэгийг өрөөндөө дуудаж “Д.Батцогтын компани хаврын сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн юм байна шүү дээ. Тэр материалаар нь ямар нэг аргаар санхүүжилтэд багтаачих” гэсэн байна. Гэвч тус компанийн материал ирээгүй тул сонгон шалгаруулалтад ороогүй юм байна.

 ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2020-03-09 03:25:56
    Зээл авч чадаагүй хөөцөлдсөн бүх хүмүүс ЖДҮ-ийн зээлдэгч буюу МАНгаруудтай адилхан ЖДҮ-чин болох юм байна л даа өнөөдрөөс сонгууль өнгөртөл МАНгаруудынхаар бол....
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • dondog 2020-03-08 09:04:03
    batzorig ch ter togsbileg ni ch ter gemt heregtenguut biz dee. hariutssan ajlaa hen negend hariutsuulah baisan yum bol ajil hiij yaadag bainaa,
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-03-06 06:12:45
    батзориг гэж терийн хуний унэр ч байхгуй амьтан байжээ тегсбилэг гэж нэг еерийн толгойгуй амьтан байж дээ естой ухаангуй ноены урагшгуй албат л гэж энэ байх даа...
    162.158.7.124
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-03-06 05:58:50
    Ер нь бол бүх зээл танил талаар дээгүүр л явж байж дээ. Жирийн нөхөд бол хэзээ ч үгүй юм байна.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • ах 2020-03-06 04:49:19
    энэ батзориг гэдэг гөлгийг шоронд хийж шоронд хатаагаач
    172.69.134.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2020-03-06 03:37:13
    энэ жилийн сонгуульдаа тун няхуур ухаантай сонгнот хийцгээе! Одоо байгаа УИХ-ын гишүүд болог хуучин хэд бүгд л адилхан юм байна даа! МАН-АН бүгд адил!!!
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-03-06 03:14:50
    Зээл авч чадаагүй хөөцөлдсөн бүх хүмүүс ЖДҮ-ийн зээлдэгч буюу МАНгаруудтай адилхан ЖДҮ-чин болох юм байна л даа өнөөдрөөс сонгууль өнгөртөл МАНгаруудынхаар бол....
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах