Д.Сарангэрэл: Франц иргэнтэй эхлээд уулзсан 42, ойрын хавтьлын 120 хүнийг олж илрүүлэх үүрэг өгсөн

Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн коронавирусаар халдварласан нь тогтоогдсон тухай УОК-оос мэдээлэл хийж байна. 

УОК өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргажээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Юуны түрүүн гадаад иргэнтэй  нисэж ирсэн, хамт хооллосон, буудалд байсан, ажлын байран дээр цуг байсан иргэдийн нэрсийг гаргаж, холбогдож, шинжилгээнд хамруулах ажлыг яаралтай хийх шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт өнөөдөр өглөөний буюу гуравдугаар сарын 10-ны өглөөний 07.00 цагаас эхлэн энэ сарын 16-ны өглөөний 07.00 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоож, энэ хооронд бүх шаардлагатай арга хэмжээг авах шийдвэрийг гаргалаа” гэлээ. 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн коронавирусаар халдварласан нь анхны шинжилгээгээр тогтоогдлоо. Бид шинжилгээг давтан хийж баталгаажуулна. Энэ хүн Монгол Улсад ирээд Дорноговь аймагт ажилласан. Бид эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүрэг өгч байна. Гамшгийн тухай хуулиар ойрын хавьтлын хүмүүсийг олж илрүүлэх ажлыг тусгай хүчний байгууллагууд хийх ёстой. Шадар сайд Ө.Энхтүвшин энэ дагуу үүрэг өглөө. Бид шөнийн 02.00 цагаас эхлэн ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг эрт өгч байна. Энэ хүн Дорноговь аймагт тусгаарлагдсан байна. Шөнийн 04.00 цагт  ХӨСҮТ-ийн хоёр баг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн  хэрэгслүүдийг авч Дорноговь аймаг руу явсан. Энэ баг газар дээр ажиллана. Орон нутгийн эмч нар одоогоор халдварын голомтод ажиллаж байна. Тухайн эмч нараас авсан мэдээллээр халдвар авсан иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Одоогоор халуунтай байгаа бусад зовиур илрээгүй гэсэн мэдээллийг өгөөд байна. Мэргэжлийн баг очиж үнэлгээ хийж, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр явсан. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus