Ургийн болон хүүхдийн тархины гэмтэл эпилепси үүсгэдэг
Хүн амын тав орчим хувь нь амьдралдаа нэг удаа ямар нэгэн шалтгааны улмаас унаж татдаг байна. Тодорхой шалтгаангүй хоёр буюу түүнээс дээш удаа давтагдвал эпилепсийн өвчин болдог хэмээн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Насанд хүрэгчдийн тасгийн мэдрэлийн их эмч С.Бямбасүрэн зөвлөж байна.
 
ЭПИЛЕПСИ ГЭЖ ЮУ ВЭ?
 
Хүний их тархи нь хоорондоо нягт уялдаа холбоотой мэдрэлийн эсүүдээс бүрддэг. Аль нэг мэдрэхүйн эрхтэнд гадны цочрол нөлөөлөхөд мэдрэлийн эсүүдэд цахилгаан потенциал үүсч дамжина. Энэ цахилгаан потенциалын дамжуулалт өөрчлөгдөж, цахилгаан хэлбэлзэл хэт идэвхжихэд эпилепсийн уналт үүснэ. Үүнийг дуу цахилгаантай бороо орохтой зүйрлэж болно.
 
Эпилепсийн уналт нь хүн бүрт хэт их ядарсан, цочирсон, архи болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний дараа тохиолдож болно. Эпилепсийн өвчний үед тодорхой шалтгаангүй дахин давтагдан тархины эсүүд хэт идэвхжинэ. Тархины цахилгаан потенциалийн хэт идэвхжсэн байдлыг тархины цахилгаан бичлэгээр илрүүлж болно. Эпилепси өвчний шалтгаан нь янз бүр байдаг. Зарим тохиолдолд ургийн болон хүүхдийн тархины гэмтлүүд эпилепси үүсгэдэг.
 
Ялангуяа, төрөлтийн үед хүчилтөрөгч удаан хугацаагаар дутагдах нь хүүхдийн тархинд хүчтэй нөлөөлдөг. Үүнээс гадна тархины үрэвсэл, хавдар, гэмтэл, хордлого, тархины судасны эмгэг болон бусад бодисын солилцооны өөрчлөлтүүд уналт таталтыг үүсгэж болно. Мөн удмын гаралтай ч байж болно.
 
Гэхдээ тэр бүр эпилепсийн тодорхой шалтгаан олддоггүй. Энэ тохиолдолд эпилепси нь бие даасан тархины эмгэг болно. Уналтын эсрэг эмийн эмчилгээг аль болох эрт, оновчтой, тууштай хийвэл эпилепси өвчтэй хүмүүсийн оюун ухааны чадвар эрүүл хүнийхтэй адил байх боломжтой. Унадаг хүмүүс, эрүүл хүмүүсийн дунд ч оюун ухааны хөгжил муутай, хэвийн болон гоц ухаантан ч бий. Тархины хүнд гэмтлээс үүдсэн хүүхдийн насны эпилепсийн үед хүүхдийн сэтгэц, оюун ухааны хөгжил саатаж хоцрох магадлалтай байдаг. Хэрэв өвчтөн удаан хугацаагаар ойр ойрхон унаж татвал түүний оюун ухааны чадвар сулардаг. Эмийн эмчилгээг оновчтой сонгож чадвал өвчтөний хөдөлмөрийн чадвар төдийгүй зан төрх өөрчлөгдөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Орчин үед эпилепси өвчтэй хүмүүсийн 80 хувьд нь эмийн эмчилгээ амжилтгай хийж байна. Өөрөөр хэлбэл, уналтын тоо болон эрчим нь эрс буурч, зарим тохиолдолд уналт таталт бүрмөсөн зогсоно. Ховор тохиолдолд мэс заслын эмчилгээ хийх боломжтой байдаг.
 
ТӨРӨЛХИИН ЭСВЭЛ ОЛДМОЛ ЭМГЭГ ҮҮ?
 
Эпилепсийн уналт өвчин нь олон янзын шалтгаантай байж болно. Төрөлхийн тархины гаж хөгжил, төрөх үеийн хүндрэл, тархины эдийн болон бүрхүүлийн үрэвсэл, гэмтлийн дараах сорви үлдэцийн улмаас уналт таталт үүсч болдог. Мөн тархины даамжирсан эмгэг болон хавдар, настай хүмүүст тархины суцасны хатуурал, тархины хатингирал уналт таталтын шалтгаан болно. Эдгээр тохиолдолд эпилепсийн уналт таталт нь тархины хүнд эмгэгийн үлдэц буюу суурь өвчний нэг шинж тэмдэг болдог. Үүнийг шинж тэмдгийн буюу симптоматик эпилепс гэж нэрлэнэ.
 
Харин тодорхой шалтгаан олдохгүй тархины бүтцийн өөрчлөлт байхгүй тохиолдолд уналт таталт илэрвэл идиопатик эпилепси гэж нэрлэнэ. Ховор тохиолдол эпилепси тухайн хүний удамтай холбоотой байдаг.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Н.Даян
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.