Ц.Алдархишиг: Иргэд хуулийн заалтыг биелүүлэхгүй байна

Улсын Ерөнхий Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс телекамерын хяналтаар илрүүлсэн зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа байдлыг Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд судалсан байна. Телекамерын тусламжтайгаар ихэвчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчих зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж, бэлэн бусаар торгуулийн шийтгэл хүлээлгэдэг.  Судалгаагаар  тогтоогдсон нөхцөл байдлын талаар тус хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишигээс тодруулсан юм       

 

Телекамерын тусламжтайгаар илрүүлсэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа гэж чухам ямар ажиллагаа вэ, энэ талаар та товч ойлголт өгнө үү?        

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хөдөлгөөн зохицуулах хэлтэс нь замын хөдөлгөөнийг хянахаар тусгайлан байрлуулсан телекамер, зөрчил илрүүлэх систем болон хэмжилт-хяналтын төхөөрөмж ашиглан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.3, 23, 27, 29, 31, 35 дахь хэсэгт заасан зөрчлийг илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж байгаа ажиллагаа юм.

Жишээлбэл, Иргэн Б өөрийн эзэмшлийн улсын дугаартай авто тээврийн хэрэгслээр гэрлэн дохио зөрчин улаан гэрэл асаж байхад замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 23-т заасан “Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалтыг зөрчжээ гэж үзье. Уг зөрчлийг телекамерын хяналтаар илрүүлж,  мэдээллийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан баталгаажуулан шийтгэлийн хуудас бичиж, шуудангаар иргэн Б-гийн буюу тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар хүргүүлэх хэлбэрээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг ойлгож болно.      

Дээрх журмаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хөдөлгөөн зохицуулах хэлтсээс 2017 онд 347976 зөрчилд 4,3 тэрбум төгрөгийн, 2018 онд 318353 зөрчилд 5,3 тэрбум төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын байдлаар 427396 зөрчилд 9,5 тэрбум төгрөгийн буюу сүүлийн 3 жилийн байдлаар нийт 1,1 сая орчим зөрчилд, 19,1 тэрбум төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Прокурорын байгууллагаас телекамерын тусламжтайгаар илрүүлсэн зөрчлийг шалгаж шийдвэрлэж байгаа байдлыг судлахад ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ?

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна” гэж заасан байдаг. Судалгааны дүнгээр Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын дээрх үйл ажиллагаанд зарим зөрчил илэрсэн. Тухайлбал: Эрх бүхий албан тушаалтнууд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, шийтгэлийн биелэлт сайнгүй, мөн шуудангаар буцаагдаж ирсэн гуч гаруй мянган  шийтгэлийн хуудсыг зөрчил гаргагчид хүлээлгэн өгөлгүйгээр орхигдуулсан байсан.

Энэ нь эрх бүхий албан тушаалтнуудын хувьд хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах ажиллагаа хангалтгүй байгаатай холбоотой боловч Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны зүгээс зөрчлийн хэрэг бүртгэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах чиглэлээр удирдлага зохион байгуулалтын зохих арга хэмжээ аваагүйгээс шалтгаалсан байна гэж үзэх боломжтой юм.

Илэрсэн зөрчлийг арилгах талаар ямар арга хэмжээ авсан бэ?

Судалгааны дүн, прокурорын хяналтаар илрүүлсэн зөрчлийг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Зөвлөлийн хуралдаанаар хууль, заавар, журам зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байхад чиглэсэн удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Улмаар Прокурорын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын даргын нэр дээр прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн. 

Уг шаардлагын мөрөөр Цагдаагийн Ерөнхий газраас Улсын Ерөнхий прокурорын газрын холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, харилцан санал солилцон, тодорхой арга хэмжээнүүдийг авсаны дотор прокурор, цагдаагийн байгууллага бэлэн бус торгууль, торгуулийн хуудсаар торгосон талаарх  мэдээллийг цахим хэлбэрээр солилцох ажлыг эхлүүлээд байна.

Зөрчлийн хэрэгт оролцогчид торгуулийн хуудсаа аваагүйгээс зөрчлийн торгууль төлөгдөх процесс удаашралтай явагдахад нөлөөлж байгаа. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Монгол шуудан” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд зөрчил үйлдсэн тухай мэдээлэл, торгуулийн хуудсыг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн хаягаар хүргүүлэхээр тусгасан. Хаяг тогтоогдоогүй, гардуулан өгч чадаагүй шийтгэлийн хуудсыг шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэх, дахин зөрчил гаргуулахгүй байх зорилгоор Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн даргад албан бичгээр ажлын чиглэл хүргүүлэн, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

Мөн Улсын Ерөнхий прокурорын газар, Захиргааны хэргийн шүүх, Авто тээврийн Үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт, инженерчлэлийн газартай хамтран “Замын хөдөлгөөний дүрэм зөрчин бэлэн бусаар оногдуулсан торгуулийг барагдуулах арга хэмжээг хамтран зохион байгуулах” тухай хэлэлцүүлгийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, бэлэн бус торгуулийн эргэн төлөлтийн хувь хэмжээ болон хэрэгжилт бүрэн хангахгүй байгаа шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийж, хэрхэн шийдвэрлэх талаар саналаа солилцоцгоосон. Хэлэлцүүлгийн явцад гаргасан шийдвэрийн дагуу Автотээврийн Үндэсний төв, Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан, эзэмшигч болон өмчлөгчийн хаягжилтийг сайжруулах талаар  арга хэмжээ авах, олон удаагийн торгуультай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөс уг торгуулийг албадан гаргуулах ажлыг Захиргааны хэргийн шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ чиглэлээр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болсон.

Телекамераар илрүүлсэн зөрчлийн хэргийн мөнгөн торгуулийн хичнээн хувь нь нөхөн төлөгдөж байна вэ? Төлөгдөхгүй байгаа шалтгаан нөхцөл юу байна вэ?

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 10 сарын байдлаар нийт оногдуулсан шийтгэлийн 19.1 хувь нь буюу 82 гаруй мянган зөрчлийн 1,8 тэрбум төгрөгийн торгууль төлөгдсөн байсан.

Эндээс харахад иргэд “Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ.” гэсэн хуулийн заалтыг биелүүлэхгүй байна. 

Мөн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргах ажиллагаа хангалтгүй байна.

Түүнчлэн тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн өөрөө зөрчил үйлдээгүй, өөрөөр хэлбэл түүний нэр дээр бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийг өөр хүн жолоодож яваад зөрчил үйлдсэн гэсэн үндэслэлээр торгуулийг төлөхгүй байх тохиолдол гардаг.  Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тээврийн хэрэгслийг өөр хүн эзэмшиж, эсхүл ашиглаж байсан нь тогтоогдсон бол өмчлөгч, эзэмшигчийг шийтгэлээс чөлөөлж, зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулна.” гэсэн хуулийн зохицуулалтаар шийдвэрлэгдэх ёстой. Цаашид эрх бүхий албан тушаалтнуудын оногдуулсан шийтгэлийг бүрэн биелүүлдэг болох талаар холбогдох байгууллагууд тодорхой арга хэмжээ авах, мөн хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох шаардлага бий.

Телекамерын тусламжтайгаар замын хөдөлгөөний эсрэг зөрчлийн хэргээс гадна өөр ямар төрлийн зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх боломжтой вэ?

Одоогоор телекамер, зөрчил илрүүлэх систем болон хэмжилт-хяналтын төхөөрөмж ашиглан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн тодорхой хэсгүүдэд  заасан  зөрчлийг илрүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Өөр төрлийн зөрчлийг телекамерын тусламжтайгаар шалган шийдвэрлэх боломжгүй байгаа. Харин телекамерын бичлэгийг гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд нотлох баримтын хүрээнд  ашиглах боломжтой юм. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-03-18 02:10:19
    энэ их дутагдалтай ажил болоод байна. яг зөв шийдэж байгаа нь 1% байгаа болов уу?
  • zochin 2020-03-18 00:44:50
    Kамераар 13-р хорооллын хойдох уулзвар дөхөөд 2-р эгнээнээс баруун гар тийш эргэхдээ дөнгөж 1-р эгнээ рүү ороод эргэх төдий л 20000 энэ чинь ариун явдал уу...