Х.Баттулга: Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд Та бүхэнд хандан дараах уриалгыг гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад:

"Монголчууд аа, ард иргэд ээ!

Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ.

Титэмт вирусний халдвар монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх бус илүү хариуцлагатай, сахилга баттай, ухамсартай байж эмч мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх, халдвар тархах нөхцөлийг хязгаарлах замаар л аюулыг сөрж, давж гарна.

Хүнс болон шатахууны хангалт сайн байгаа, хомсдол үүсэх нөхцөл үүсээгүй тул цуурхал, хов ярианд автахгүйгээр албан ёсны мэдээлэл, албаны эх сурвалжийн түгээж буй мэдээ баримтад л итгэхийг онцгойлон уриалах байна.
Монголчууд бид эртнээс цар тахлын үед халдвар тархах бүх нөхцөлийг хумих аргаар буюу хөл хорих, ариун цэврийн дэглэмийг чанд сахих зэргээр тэмцэж, давж ирсэн уламжлалтай. Та бүхнийг өвгөдөөс уламжилсан дэг журмын дагуу тайван амгалан байж, нийтээрээ хичээн дэг журмаа сахихыг дахин уриалъя.

Хөл хорио, тусгаарлалтад байгаа иргэд эмч, сувилагч, онцгой байдлын ажилтнуудын шаардлагыг чанд биелүүлж, хорио цээрийн дэглэмийг хариуцлагатайгаар сахихыг уриалж, бас шаардаж байна.

Аюулт өвчин бол албан тушаал, ямба, эрх мэдлийг ялгахгүй. Нийт ард түмний эрүүл амьдралын тусын тулд хүн бүр сахилга баттай, хариуцлагатай байж, халдварыг тархаахгүй байх цаг иржээ. Энэ бол монгол хүн бүр бусдынхаа өмнө хүлээх хатуу үүрэг юм. Мөн ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлье.

Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна. Та бүхэн чадна.

Нийтээрээ хичээгээрэй!!!" гэжээ.

Бусдад түгээх
  • gplus