Д.Нямхүү: Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа уушгины хатгалгаагаар өвчилсөн 28 хүнээс шинжилгээ авахад COVID-19 вирус илрээгүй. Энэ бол тандалт судалгаа. Энэ сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илрээгүй.  Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт, хяналтад байна. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүнээс шинжилгээ авч, давтан шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээ үргэлжлүүлэн хийгдэж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. ДЭМБ-аас гаргасан зөвлөмж стандартын дагуу таван сорьцонд шинжилгээ хийж байна. Тухайлбал хамар залгиураас арчдас авч, цэр, цус, өтгөн, шингэнд шинжилгээ хийж байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг харьцуулж, хянаж байна. Эмнэлэгт 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног тусгаарлах ёстой. Эдгээр хүмүүс өөрийгөө битгий хуураарай” гэлээ.
О.ОНОН


 
Бусдад түгээх
  • gplus