Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ

Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй  хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллараар тогтсон. Улмаар  2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг 2019 оны 12 дугаар сард УИХ-аас соёрхон баталсан юм.

Иймд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Унгар Улсын Засгийн газрыг төлөөлж Унгарын Экспорт-Импорт банк хооронд тусгайлсан зээлийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах эрхийг холбогдох хүмүүст олгож Ерөнхий сайд захирамжаа гаргалаа.

Зээлийн хугацаа 17,5 жил бөгөөд нэн хөнгөлөлттэй буюу хүүгүй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний дөрвөн жил чөлөөлөгдөх аж.

“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн хүрээнд Олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусын гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг тус тус шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно. Үйлдвэрийн хэвийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Манай улс сүүлийн гурван жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх  вакцин 23.6 сая/тун гадаадаас импортоор авч нийт 7,5 сая ам.доллар зарцуулжээ.

Биокомбинатыг шинэчилж үйлдвэр байгуулснаар  гадагшаа чиглэж буй энэхүү валютын  урсгалыг зогсоож, дотооддоо шүлхий, мялзан, цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинаар бүрэн хангахаас гадна экспортлох боломж бүрдэх юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.