ГАШУУНСУХАЙТ БООМТООР НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЭХЭЛЛЭЭ
Гашуунсухайт боомтоор эхний ээлжинд 70 чингэлэгт битүү дээвэртэй машинаар нүүрс ачиж, экспортод гаргаж эхэлсэн байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангасан байна.
Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар явуулахгүй, ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих, жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах, халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхааруулжээ.
НАМУУД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛАВ
УИХ-ын 2020 оны сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд товлогдсон. Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвсэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар энэ сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх...”-ийг хянаж, дүгнэлт гаргах юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ УЛСЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН БОЛОН ТЭВЧИЖ БОЛОХ БҮХ ЗАРДЛЫГ ТАНАХЫГ УРИАЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгатай танилцана уу.
ЖДҮ-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭВ
Энэ долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох , сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих” журмыг шинэчлэн батлав. Журамд шинээр батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд зохицуулсан зохицуулалтыг тусган 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц агуулгыг алдагдуулахгүйгээр дараах гол зохицуулалтуудыг нэмж оруулжээ.
- Бичил, жижиг, дунд ангилалд хамаарах зээлийн хэмжээг тогтоосон
- Хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрийг хуулийн хүрээнд шинэчлэн зохицуулсан
- Дамжуулан зээлдүүлэх арилжааны банкинд тавигдах шаардлагыг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн
- Хороо, дэд хорооны гишүүнд тавигдах шаардлага бий болгосон
- Орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмсэн
- Зээлийн мэдээллийн сан үүсгэх, эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгосон байна.
МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСИЙН 11 ДЭХ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
Тодруулбал, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нийт 221 хүний шинжилгээ дуусаж, нэг иргэнээс коронавирус илэрсэн байна.
УИХ ХАВРЫН ЧУУЛГАНАА ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛНА
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.
Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.
Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж.
УОК: ГАДААД УЛСААС ИРСЭН ИРГЭДИЙН ТУСГААРЛАХ ХУГАЦААГ 21 ХОНОГ БОЛГОЛОО
Энэ сарын 26-ны өдөр УОК-ийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга П.Бадрал нарын албаны хүмүүс мэдээлэл хийсэн..
ОБЕГ-ын дарга П.Бадрал “Тусгаарлагдах байранд байгаа иргэдийн тусгаарлах хугацааг сунгах шийдвэр гаргалаа. Учир нь судалгаагаар коронавирусийн нууц үе 14 хоног биш 5,5-19 хоног байна. Иймээс тусгаарлах хугацааг хамгийн багадаа 21-28 хоног болгох холбогдох байгууллагын дүгнэлт гарсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан 1000 орчим иргэн байна. Үүнтэй холбогдуулан ирэх сарын 2-оос БНСУ болон Япон улсууд рүү нисгэх нислэгийг багасгах асуудал яригдлаа. Яагаад гэвэл 14 хоног тусгаарлагдах байсан иргэдийн хугацаа энэ долоо хоногийн ням гарагаас эхлэн дуусах байсан. Гэвч тусгаарлагдах хугацааг сунгасан учир энэ байрандаа дараагийн нислэгээр ирэх иргэдээ хүлээж авах боломж хомс болсон. Иймээс эхний ээлжинд хоёр нислэгээр хүлээн авах шийдвэр гаргалаа. Мөн Эрүүл мэндийн байгууллагаас халдвар тархах эрсдэлийг тооцож, тусгаарлагдах иргэдийг нэг өрөөнд нэг иргэн гэх хувилбараар хүлээн авна” гэв.
ЕРӨНХИЙ САЙД ЭЗ-ИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ 7 ШИЙДВЭР ТАНИЛЦУУЛЛАА
Энэ сарын 27-ны дөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэддээ хандаж коронавирусийн халдварын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. МУ-ын Засгийн газраас эдийн засгаа хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж, үүнтэй холбогдуулан төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсөн.
Энэ удаад дараах 7 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.