Ангилсан хогийг ачих машинтай болвол хогоо мөнгө, хаягдлаа баялаг болгох боломжтой

Дэлхий хөгжих хэрээр бидний амьдралыг хөнгөвчлөх олон зүйлс бүтээгдсэн хэдий ч ихэнх нь байгальд ямар нэг сөрөг үр дагавартай байдаг. Монголчууд жилдээ  2.3 сая тонн хог үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, бидний гаргаж буй хогийг мөнгөөр үнэлбэл чамгүй их тоо гарна. Зөвхөн хог хаягдлаар Монгол Улс жилдээ 2.3 сая ам.долларыг алддаг гэсэн тоо баримт ч бий. Гэвч бид тэр бүрчлэн хог яаж, хаашаа алга болдог тухай боддоггүй.

Зууны мэдээ сонин “Тэг хаягдал”  сэдэв эхлүүлээд сурвалжлах явцад хэдийгээр бид хог хаягдалаа ангилан ялгаж хэвшиж байгаа хэдий ч ангилсан хогийг нэг л хогийн машинд нийлүүлэн ачдаг болохоор үр дүнгүй байгааг энэ удаагийн сурвалжлагаар хөндөж байна.

Нийслэлчүүдийн хаяж байгаа нийт хогны 80 хувь нь огт ангилагдахгүйгээр хогийн цэгт хүргэгдэж байна гэсэн судалгааг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос гаргажээ. Хэрэв иргэд хогоо ангилаад сурчихвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой бөгөөд одоогийн байдлаар хог хаягдлын 24 хувийг л дахин боловсруулж байгаа аж.  Уг нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах төсөл нийслэлд 2017 оноос хэрэгжиж эхэлсэн аж. Учир нь ангилагдаагүй хогийг булах, шатаах гэсэн хоёр л арга бий. Ингэснээр дээшээ хорт хий ялгарч, доошоо хөрсний бохирдол үүсдэг. Агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа.

Иргэд хогийн саванд хогоо ангилж хаяж буй хэдий ч түүнийг  хогийн машинд нийлүүлэн ачиж, зохион байгуулалтгүйгээр хогийн цэг рүү зөөдөг. Гарсан хог хаягдлаас зөвхөн лааз, хуванцар шилийг нь ангилан авч тушаадаг. Харин цаас, хөнгөн цагаан, цаасан хайрцаг зэрэг дахин боловсруулагдах хог хаягдлаа дахин боловсруулагддаггүй хог хаягдалтай нийлүүлэн хогийн цэгт хүргэж, шатааж, булж устгадаг байна. Гэвч үйлдвэрүүд ихэвчлэн хотын захаар байрлалтай учраас иргэд тэр бүр үйлдвэрт дахивар хогоо ангилан хүргэж өгч чаддаггүй. Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.1 тэрбум тонн хог хаягдал бий болгож буй. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү.

 

Нийслэлд дахин боловсруулагдах хог тээвэрлэх дөрвөн л машин байна

 

Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга С.Аригуун “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт явагдсан. Тус ажлын хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ангилагдсан, дахин боловсруулагдах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж байгаа. Тухайлбал, тусгай тоноглогдсон автомашинууд долоо хоног бүрийн лхагва, бямба, ням гаригуудад тогтсон газрын байршлуудаар явж, ангилагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх юм. Мөн Чингэлтэй дүүрэгт ангилагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх хоёр машин бэлэн болсон байгаа. Цаашид туршилт хийн нийслэлийн үлдсэн долоон дүүргийг ангилсан хогийн машинаар ханган ачиж тээвэрлүүлэх төлөвлөгөөтэй байна” гэдгийг хэллээ.

Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Баярмаа “Манайх саяхан ашиглалтад орсон шинэ орон сууцанд амьдардаг. Байрны гадаа хогоо ангилан хаях цэгтэй. Түүний дагуу байрны бүх оршин суугчид хогоо ангилан хаядаг. Ангилсан хогийг долоо хоногт 1-2 удаа ангилсан хогийн машин ирж ачдаг” гэдгийг хэллээ.

Баянзүрх дүүргийн иргэн Б.Нармандах “Иргэн ААН-үүд нэг үеэ бодвол хогоо ангилан хогийн саванд хийдэг болсон байгаа хэдий ч нийлүүлж ачаад нэг газар асгаж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Гэхдээ тэргээр ангилсан хогийг ангилан ачих хогийн машин байхгүй учраас ачихдаа нийлүүлчихээд байгаа юм. Уг нь ангилдаг машинтай болоод, тэдгээрийг дахин боловсруулагдах үйлдвэрт хуваарийн дагуу өгдөг болчихвол зүгээр байна” гэлээ. Мэдээж хог боловсруулах үйлдвэр байгуулж, үйл ажиллагааг нь тогтвортой явуулахын тулд хог хаягдал үүсч байгаа эхний цэгээс ангилан ялгаж, дамжуулах, дахин боловсруулах боломжтой, боломжгүй гэдгийг нарийн ангилж хогийн машинд ачих нарийн хуваарьтай болох шаардлагатай байгаа юм. Үе үеийн хотын удирдлагууд “Хогоо мөнгө болгоё”, “Хөрсний бохирдлоос хотоо аваръя” гэх уриа лоозон төдийхнөөр 1.3 сая хүн амтай нийслэлийн эрүүл ахуйн асуудлыг хойш тавьж ирсэн нь өнөөдрийн бодит үнэн.  Тухайлбал, нийслэлийн есөн дүүрэгт дөрвөн л ангилсан хогийн машин ангилсан хог ачиж байгаа юм.

Манай нийт хог хаягдлын 319 мянган тонн нь шил, 69 мянган тонн нь хуванцар, 304 мянган тонн нь хоол хүнсний, 134 мянган тонн нь хаягдал төмөр болон өнгөт металл, 104 мянган тонн нь цаас, 72 мянган тонн нь малын гаралтай, 86 мянган тонн аюултай хог хаягдал буюу цацрагийн хог хаягдал, 485 мянган тонн нь бусад булагдсан хог хаягдал байдаг аж. Үүнээс сая тонныг хөрсөндөө булдаг. Харин ангилж дахин боловсруулвал шатаах булах хогны хэмжээ буурах юм.

Ангилсан хогийг ачдаг машинтай болсноор дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудаа үйлдвэрүүдэд нь хүргэж, ангилсан хогийн тээврийн тогтолцоог бүтнээр нь шинэчилчихвэл оршин суугаа Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг бодсон ч, үр хүүхэд, хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл амьдрах орчин нөхцөлийг бодсон ч, ирээдүй хойчийнхоо алгаа тосон хүлээж авах байгаль экологийн асуудлыг бодсон ч ядаж л хогоо мөнгө болгож чадвал хаягдал биш баялаг болно.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Намуунтамир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Schweiz ees  2020-03-28 04:47:47
    Odo hurtel hogiin mashin soliogui l bna uu
    188.114.103.232
    Мэдэгдсэн Хариулах
    • хол 2020-03-29 05:30:13
      Уг нь энэ бол Монголын хувьд хэцүү ажил биш,Хамгийн гол нь энэ замбарббгүй хоцрагдсан ажил дээр мөнгө олдог Хотын захиргааны албаны хэсэг бүлэг байдаг,гэж сонсн...
      162.158.6.163
      Мэдэгдсэн Хариулах