Б.Амархүү: Уран бүтээлч хүн хэвлэлээр бичүүлэхгүй байхаас айх хэрэгтэй
Энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буланд ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүүг урилаа. Тэрбээр өнгөрөгч 26. 27-нд бие даасан хоёр дахь тоглолтоо хийсэн билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Их ажлын ард гарлаа шүү дээ?

-Маш их баярлалаа. Тог­лолт маань үнэхээр сай­хан боллоо. Хоёр дахь бие даасан тоглолтоороо дам­­жуулж сонсогч, фэ­нүүд­дээ гэртээ байгаа юм шиг эрх чөлөө, амар амгалан, тав тухтай орчныг бэлэглэхийг хүссэн. Энэхүү хүслээ ч биелүүллээ. Сэтгэл өндөр байна.

-Таны тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн боллоо. Би л гэхэд анх удаа ямар ч хөтлөгчгүй тоглолт үзлээ. Үзэгчдийн суудалд сууж байхдаа заа­вал энэ тухай асууна даа гэж бодож байлаа?

-Хүмүүс намайг 2006 оноос мэддэг болсон. Тэр үеэс өнөөдрийг хүртэл дуу­чин Б.Амархүү ямар уран бүтээл хийж, ямар замаар алхсан тэр бүхнийгээ тог­лолтоороо дамжуулж ха­руу­лахыг хичээлээ. Тэр ч ут­гаараа тоглолтоо хэн нэгэн хөтлөгчөөр хөтлүүлэхийг хүсээгүй.

-Яагаад тэр вэ?

-Магадгүй хөтлөгч дуу­чин, үзэгч хоёрын хоо­ронд хана үүсгэдэг байхыг үгүйсгэхгүй.

-Уучлаарай, тантай са­нал нийлэхгүй байна. Хана биш харин ч уран бүтээлч, үзэгчдийг холбох гүүр нь болдог юм биш үү?

-Би магадгүй гэж хэлсэн. Ийм шийдвэр гаргасан маань нэг талаараа үзэгчдэд таатай ч байсан юм билүү, хэн мэдлээ.

-Ингэхэд шинэ цомгийн ажил юу болсон бэ. “B” продакшны захирал, Тө­рийн соёрхолт, дуучин Д.Болдтой хамтарч шинэ цомог дээр ажиллаж байгаа гэж сонссон?

-“Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд ахтай шинэ цомог дээр ажиллаж байсан нь үнэн. Харамсалтай нь түү­нийгээ больсон.

-Яагаад?

-Үнэнийг хэлэхэд уран бүтээлийн гар нийлэхгүй юм билээ.

-Тийм гэж үү?

-Гэхдээ үүнээс болж уран бүтээл зогсоно гэж юу байх вэ. Монголд чадварлаг, авьяас­тай уран бүтээлчид олон бий. Сэтгэл нийлсэн хүмүүстэйгээ шинэ цомог дээрээ ажиллаж байна. Удахгүй сонсогч, фэнүүдийн маань гарт очих байх.

-Цомог хэдийгээр бэлэн болох бол?

-Ямар ч гэсэн энэ ондоо багтааж сонсогчдынхоо гарт хүргэхээр ажиллаж байна.

-Хоёулаа энэ сэдвийг түр орхиё. Тайз, дэлгэцийг хөшиг гэж үзвэл цаана нь Б.Амархүүгийн амьдрал хэрхэн өрнөдөг нь сонин байна?

-Бусдын л адил. Ажлаа хийгээд л. Хэрэв найзууд маань таван цаг ажиллавал би найман цаг ажилладаг. Тэд найман цаг ажиллавал 10 цаг ажиллана. Ийм л зарчмаар амьдарч байна.

-Яах гэж?

-Ингэж л би тэднээс илүү байна. Тиймээс цаг үргэлж бодож, тунгааж явдаг. Гэх­дээ тэр их ажлынхаа ха­жуугаар бас сайхан амарч чаддаг. Хүн ажил, амралтаа зохицуулж чаддаг байх ёстой.

-Тэр ч тийм шүү. Ин­гэхэд та их романтик хүн байх, тийм үү?

-Хэлж мэдэхгүй юм.

-Яагаад. Таны хэлсэн үг, хийж байгаа үйлдэл тань их л романтик хүн шиг харагдуулдаг?

-Жишээ нь.

-Би тэс хөндлөн зүйл асуугаагүй биз дээ. Таны хийж байгаа ажил, тэр ч битгий хэл хайр дурлалын асуудал чинь хүртэл олны өмнө ил байдаг. Та ч түүндээ нэг их эмзэглэдэггүй юм шиг ээ?

-Яасан гэж эмзэглэх юм бэ. Дэлхийн аль ч оронд шар хэвлэл байдаг. Тэд бичиж л байдаг. Харин ч эсрэгээрээ бичиж, ярихгүй бол уран бүтээлч хүн айх хэрэгтэй.

-Гэхдээ таны зарим үйлдлийг шоу мэтээр харж, дүгнэх ч хүн байна?

-Ойлгосонгүй. Яг юу нь шоу гэж.

-Жишээ нь, найз бүс­гүйдээ барьж байгаа гэнэ­тийн бэлгүүд чинь байна. Үргэлж л олны нүдэн дээр ил байдаг. Гэхдээ зүрх сэтгэлийн асуудал нийтэд ил байх нь хэр зохимжтой юм бол. Би л хувьдаа шоу гэж харж байгаа?

-Би олны танил хүн. Хүмүүс миний амьдралыг сонирхдог. Алхаж, гишгэж байгааг минь хүртэл сонждог. Б.Амархүү хаана, юу хийж явна гээд л. Гэхдээ тэр бүхнийг шоу гэж харахгүй байна. Би олны танил байх тэр амьдралыг сонгосон. Ямар ч саад бэрхшээл байсан тэр замаар л алхах болно. Хүмүүсийн сонирхож байгааг нь сонирхуулна.

-Олны танил гээд асуу­сан болгонд нь хариу­лаад бай­вал нэг л өдөр та­наас асуух асуулт олдох­гүй болно. Тэр үед яах вэ?
-Мартагдана гэж үү.

-Тийм ээ?

-Би санал нийлэхгүй байна. Уран бүтээлч хүн болж өгвөл энгийн, нээлт­тэй байх хэрэгтэй. Ингэх тусам үзэгч, сонсогчид чам руу гэсэн илүү хандлагатай болдог. Харин тэр бүхнийг шоу гэж хүлээж авах хэрэг­гүй. Чи хэл л дээ, яагаад хүн ийм байж болохгүй гэж.

-Харин яагаад тийм байх ёстой гэж?

-Магадгүй миний хийсэн зүйлийг хараад хэн нэгэн хүн зориг орж хайртай хүндээ хайраа илчлэх ч юм бил үү. Амьдрал их сонин шүү дээ. Миний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг нэг ч гэсэн хүнд урам зориг, аз жаргал бэлэглэж байхыг хэн мэдэх юм.

Тиймээс би өөрийнхөө үйлдлийг зөв, зүйтэй ажил л гэж боддог.

-Уг нь О.Ариунзул Азийн топ модель. Гэтэл хүмүүс Б.Амархүүгийн бүсгүй л гэж ярьдаг?

-Би тэрэнд нь үнэхээр дургүй. Манай хүн авьяас­тай чадварлаг бүсгүй шүү дээ. Өөрөө ч их амжилт гаргадаг. Бид хоёрын хийж байгаа ажил тусдаа. Гэхдээ хүмүүс янз янзаар л ярих юм даа.

-Салсан, нийлсэн гээд л үү?

-Тийм ээ.

-Хуримаа хэзээ хийх гэж байна вэ?

-Ирэх онд.

-Сайхан мэдээ байна?

-Баярлалаа.

-Гадаадынхан шиг нү­сэр, сүртэй хурим хийх үү?

-Сүртэй гэсэн ойлголт байхгүй. Гоё хурим хийнэ. Хэний төлөө сүртэй хурим хийх юм бэ. Хамгийн гол нь өөрийнхөө эхнэр, аав ээж, ах дүү нарынхаа сэтгэлийг гоё байлгана. Түүнээс биш нээх айхтар “Би лаг гэдгийг хар л даа” гэх ойлголт байхгүй. Сэтгүүлчид мэ­дээж зураг хөрөг авах санал тавих байх. Түүнийг нь хүлээж авна. Гэхдээ хэвлэлийнхэнд зориулж тусад нь үйл ажиллагаа зохион байгуулна. Түүнээс биш бидний хуриманд хэн дуртай нь орж, гарахгүй.

-Таныг хараад байх нь ээ, амархан хөөрч баяр­ладаг хэрнээ амархан уур­лаж, гунигладаг юм шиг санагддаг?

-Тийм ээ, би угаасаа тийм зантай. Бас ядрахаараа сэтгэл санаагаар унадаг.

-Сэтгэл, санаагаа яаж сэргээдэг вэ?

-Сайхан амарч унтдаг. Унтаж амрах бол хамгийн сайхан зүйл. Би түрүүн хэлсэн шүү дээ. Хүн ажил, амралтаа зохицуулж чаддаг байх ёстой гэж. Гадаа намар болчихсон болоод ч тэр үү жаахан гунигтай л байна. Тэгээд ч би хүйтний улиралд дургүй.

-Ингэхэд Монголд од байх Орост од байхаас ямар ялгаатай вэ?

-Би од гэдэг үгэнд дургүй. Од тэнгэрт л байдаг.

-Уучлаарай, уран бү­тээлч байх?

-Тэнгэр газар шиг ял­гаатай шүү дээ. Тэс хөнд­лөн хоёр зах зээл болохоор харьцуулах ямар ч бо­ломжгүй. Энэ нь ийм, тэр нь тийм гэж хэлэх хэцүү. Харин манайхны шоу биз­нест юу нь гоё вэ гэхээр эрх чөлөөтэй, ямар ч дарамт шахалт байдаггүй. Бүх хүн уран бүтээлээ хийх боломж нь байна. Мөнгө аваад сурчихсан хүмүүс нь бага байна. Одоохондоо шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-10-09 11:19:51
    Amarhvv bol jinhen avyastai uhaantai uran bvteelch zaluu harin ene asuult tavisan setgvvlch sanaatai hvn vnheerin teneg um bna
    103.10.22.242
    Мэдэгдсэн Хариулах
  • zula 2014-10-02 09:54:13
    Demjij bnaa, amjilt huseye. Bold luivarchin shu dee
    150.129.142.133
    Мэдэгдсэн Хариулах