Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой журмыг Засгийн газар баталлаа
Өнгөрсөн долоо хоногт манай улсад  COVID-19 цар тахлын батлагдсан 15 тохиолдол шинээр нэмэгдэж, 164 хүний ажиглалтын хугацаа дууссан тул тусгаарлалтаас гаргасан.  Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 9 дүгээр сарын 1-н хүртэл сунгалаа. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан 31 тохиолдол  бүртгэгдэв

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 15-аар нэмэгдэж нийт 31 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь нэг нэг өрөөнд тусгаарласан бөгөөд шаардлагатай бүх арга хэмжээг авч эмчилгээ хийж байгаа юм.

Мөн тусгаарлалтад байсан иргэдээс  Сэлбэ, Ивээлэн, Баянхангай, Баянбуурал сувилалд сувилалд байсан 164 хүний ажиглалтын хугацаа дууссан. Иймээс хоёр удаагийн лабораторийн шинжилгээ хийгээд сөрөг гарсан тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна.

Эрээн хотоос 58 монгол иргэнийг татаж авлаа

Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 58 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор энэ сарын 16-ны өдөр татан авсан.  Иргэдийн 27 нь эрэгтэй, 31 нь эмэгтэй бөгөөд:

  • 0-5 насны хүүхэд 5
  • 5-18 насны 2
  • 18-30 насны 20
  • 30-45 насны 21
  • 50-иас дээш насны 8
  • Өндөр настан 1
  • Жирэмсэн 1 хүн байна.

Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарласан байна.


Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 9 дүгээр сарын 1-н хүртэл сунгалаа
 
Энэ сарын 14-нд болсон Улсын онцгой комиссын хуралдаанаар  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг есдүгээр сарын 1-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ. Хоёрдугаар улирлын дүнгээр жилийн эцсийн дүнг тооцож анги дэвшүүлнэ. Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй. 

ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9-ны өдрүүдэд  их дээд сургууль элсэлтээ авна. Энэ жил их дээд сургуульд элсэгчид Монгол хэл бичгийн шалгалт өгөхгүй, бүх хүүхэд ЭЕШ-д хамрагдана.

Улаанбаатар хотын болон орон нутаг дахь  бүх ШТС-ууд шатахууны үнээ бууруулсан
 
Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийсэн. Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ цар тахалтай холбоотойгоор буурсан. Одоогийн хямдарсан үнэ тавдугаар сард хадгалагдана гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа аж.  Манай улсын хувьд энэ сарын 13-ны даваа гаригаас үнэ нь буурсан нефтийн бүтээгдэхүүн орж ирж байгаа. Улсын хэмжээнд 1300 орчим ШТС, Улаанбаатар хотын хэмжээнд 250 гаруй ШТС байдаг. Эдгээрт ШТС-уудад нөөцийн мэдээ балансын тулгалт хийж эцсийн буулгалт хийгддэг байна. Энэ нь 2-3 хоногийн хугацаа шаарддаг. Энэ дагуу сарын 15-н гэхэд  Улаанбаатар хотын болон орон нутаг дахь  бүх ШТС-ууд шатахууны үнээ бууруулсан.

Амралтын газар, фитнесс, сауны үйл ажиллагааг нээлээ

Монгол Улсын Засгийн газраас нийслэлд ирүүлсэн амралтын газар, фитнесс заал, сауны  үйл ажиллагааг нээх чиглэлийн хүрээнд НОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлт, холбогдох судалгаа тооцоо, тоон баримтанд үндэслэн хэлэлцсэн.

Хэдийгээр коронавирусын тархалтаас урьчилсан сэргийлэх ажил нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ч олон хүн нэг дор төвлөрөхөөс урьчилан сэргийлэх, улс, нийслэлийн эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийнхэний үйл ажиллагааг дэмжих, иргэдийг гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан  А/521 тоот “Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэр дээр стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаага явуулж байгаа амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнесс/, иогийн клуб, цөөн хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээлээ.

Эдгээр байгууллагууд үйл ажиллагаа нээж, явуулахдаа үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэж байх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллахыг Хотын дарга захирамждаа дурьджээ.

НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой журмыг Засгийн газар баталлаа 

 
-УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, ажлын  байрыг хадгалах, орлого нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын холбогдох тогтоол гарсан. НДШ-ээс чөлөөлөх, НДШ төлж байгаа ААН, байгууллагуудын ажилтнуудад гурван сарын хугацаатай санхүүгийн дэмжлэг олгохтой хоолбоотой хууль гарсан. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газар батлахаар заасан байгаа. Засгийн газар энэ сарын 17-ны өдөр ээлжит бусаар хуралдаж НДШ-ийг дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-ний хооронд чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1-ний хооронд хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа.
 
Дөрөвдүгээр сарын 1-ээс үйл ажиллагаа нь доголдож борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж байгаа ААН байгууллагуудад зургаан сарын хугацаатай НДШ-ийг чөлөөлөх хууль батлагдсан. Энэ хууль батлагдсантай холбоотойгоор НДШ-д ямар байгууллага орох вэ, гэдгийг журмаар зохицуулсан / Энэ хууль  ААН, байгууллага гэсэн үг хэллэгтэй батлагдсан/. 
  1.  Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс бусад  байгууллага НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлтөд хамаарна. 
  2.  ТББ-ууд энэ хөнгөлөлт чөлөөлтөд хамаарна
  3.  Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна. 
  4.  Сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна. 
Ажилтны болоод ажил олгогчийн НДШ-ийг чөлөөлөхдөө 2020 оны нэгдүгээр улирал буюу 1,2,3 дугаар сард төлж байсан хэмжээнээс илүүгүй хэмжээгээр НДШ-ийг төлж болно. УОК болоод аймаг нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон борлуулалтын орлого нь 50-аас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ААН-ийн ажилтнуудад дөрөвдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1 хүртэл санхүүгийн дэмжлэг олгох асуудал бас журамд орсон. 
 
Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд НДШ-ээс чөлөөлөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Мөн энэ хэмжээнээс дээш дүнгээр НДШ-ээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилтээ хийлгэх боломжийг бүрдүүлсэн.
 
Ирэх 7 хоногоос Татварын ерөнхий газарт бүртгэлтэй ААН, байгууллагууд журамд хамрагдана. ТЕГ-аас өгсөн мэдээллийг үндэслэн НДШ-ээс чөлөөлж, ажилтнуудад 200 мянган төгрөгийн урамшуулал олгох юм.

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
 
Энэ сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлаар нууц санал хураалт явуулснаар үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулсан юм. 
 
Тэгвэл үдээс хойших хуралдааны эхэнд нууц санал хураалтын хуудсыг тоолж, дүнг танилцууллаа. Санал хураалтад 47 гишүүн оролцжээ. Улмаар гишүүдийн 27 нь буюу 54 хувийн саналаар УИХ-ын гишүүнээс Б.Батзоригийг чөлөөлжээ. Дүнг танилцуулсны дараа Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг батлав.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hehe 2020-04-18 19:52:54
    Mongolchuud ikh sonin. Hulgaich nariig ny shorond hiiheer ayagui bol uruvduud tavhichihna. Odoo tsa ny bolson 30 jil bolskn hulgaich nariig hairlakh hereggui.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах