М.Бадарч: Социалист орнуудад зарахыг зөвшөөрдөггүй технологийг бид ашигласан

Байгаль, орчныг сансраас тандан судалсны 50 жилийн ойтой холбогдуулж  “Сансраас мэдээ хүлээн авах, боловсруулах төв”-ийн захирал асан доктор М.Бадарчтай ярилцлаа.

-Монгол Улс хэдэн онд хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах төхөөрөмжийг анх суурилуулж ашиглалтад оруулсан бэ?

-Монгол Улс, Дэлхийн цаг уурын байгууллагын сайн дурын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр 1970 оны зургадугаар сард хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах газрын төхөөрөмжийг суурилуулж ашиглалтад оруулж байв. Тэр үед энэ төхөөрөмжөөр дагуулаас үүл, цасны тархалтын мэдээг шууд хүлээн авч цаг агаарын өдөр дутмын мэдээ гаргахад ашиглаж эхэлсэн. Байгаль, орчны тухайн төлөв байдлыг судлан тодорхойлох, байгалийн нөөцийг сансраас тандан судлахад сансрын мэдээлэл, технологи ашиглах ажлын эхлэл тавигдсан.

-Анх ямар хиймэл дагуулаас мэдээгээ хүлээн авч байсан юм бол?

-Бид АНУ-д үйлдвэрлэсэн ЭССА-8 нэртэй, дэлхийгээс ойролцоогоор 600 км өндөрт нисч, дэлхийг нэг цаг 53 минутад нэг тойрч мэдээгээ 137.5 м.герцийн үелзлэл дээр дамжуулдаг дагуулаас мэдээ авдаг байв. Дагуулын ажиллах зарчим нь дэлхийн бөмбөрцгийн гэрэлтэй талд гармагцаа теле камер нь доороо байгаа газрын зургийг аваад радио дохио байдлаар эх дэлхий рүү цацна. Энэ дохиог хүлээн авч байлаа. Энэ нь гар ажиллагаатай, маш энгийн төхөөрөмж байсан. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хиймэл дагуулаас Каспийн тэнгисээс дорно зүг Сахалины арал, Гималайн нуруунаас умард зүг Таймырын хойг хүртэлх Евроазийн өргөн уудам нутаг орон дээрх үүлэн бүрхэвч, цасан бүрхүүл, газрын гадаргын төлөв байдал, хувьслын тухай зурагт дүрс мэдээг өдөрт хоёр удаа хүлээн авдаг байлаа. 50 жилийн өмнө Монгол Улсын цаг уурын шинжилгээний ажилд шинжлэх ухааны технологийн том дэвшил нэвтэрснээр цаг агаарыг  урьдчилан мэдээлэх ажлын таарах магадлал улам нарийсч улс ардын аж ахуйг үнэн зөв мэдээгээр хангахад үнэтэй хувь нэмэр болсон түүхтэй.

Хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах анхны өртөө. 1970 он.Хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах анхны өртөө. 1970 он.

-Сансрын судалгааны салбар дахь олон улсын хамтын ажиллагаа ямар үр дүнд хүрсэн бэ?

-Тэр үед дэлхийд социалист, хөрөнгөтний гэсэн систем ноёрхож байхад манай орон социалист орнуудын хэмжээнд хэрэгждэг сансрын судалгааны хамтын ажиллагаанд оролцдог байлаа. 1975 онд социалист системийн орнуудад сансрын уудмыг энхтайвны зорилгоор ашиглах, хамгаалах зорилго бүхий “Интеркосмос” хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж сансрын цаг уур, сансрын холбоо, сансрын геодези, сансрын анагаах ухаан, сансраас эх дэлхийг судлах чиглэлээр ажилладаг байв. Сансрын судалгааны чиглэлээр мэдээлэл дамжуулах, солилцох, мэргэжилтэн бэлтгэхэд анхаарсны үр дүнд шинэ технологи нэвтэрч, мэдээллийн арвин сан үүсгэж, үндэсний боловсон хүчний нөөцтэй болж чадсан. Энэ үед ЗХУ-ын эрдэмтэдтэй манай эрдэмтэд хамтарч Монгол орны сэдэвчилсэн зургуудыг зохиосон. Энд хиймэл дагуулаас авсан зургуудыг ашигласан юм. Эдгээр зураг одоо болтол шинэчлэгдээгүй байгаа нь ямар үнэ цэнэтэй бүтээл болсныг харуулж байна. Монголын эрдэмтэд, инженерүүд 1981 онд Зөвлөлт, Монголын сансрын хамтарсан нислэгийн үеэр "Биосфер-МОН" туршилтыг амжилттай гүйцэтгэж, гарган авсан үр дүн нь шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой болсон.

1979 онд Улаанбаатар хотод социалист орнуудын сансрыг энхтайвны зорилгоор судлах, ашиглах “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад анх удаа сансрын цаг уурын мэргэжилтнүүдийн ээлжит зөвлөлгөөн зохион байгуулахад ЗХУ, Болгар, Герман, Унгар, Монгол, Польш, Чехсловакийн сансрын цаг уур судалгааны мэргэжилтнүүд оролцож, сансрын цаг уурын ажиглалт, мэдээлэл боловсруулалт, дамжуулалтыг автоматжуулах талаарх асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаж байлаа. 1983-1987 онд ЗХУ-ын Ус цаг уур, хүрээлэн буй орчны хяналтын улсын хороотой хамтран “Газар-Агаар-Сансрын мэдээллээр хүрээлэн буй орчны төлөв байдлыг судлах” төслийг хэрэгжүүлж, нисэх онгоц, газраас хадлан бэлчээрийн ургамлын ургац, тариалангийн төлөв байдлыг судлах цуврал туршилтыг манай мэргэжилтнүүд амжилттай гүйцэтгэж, ургамал-хөрсний спектрийн тодролын судалгааг хийж шинэ технологи нэвтрүүлж байлаа. 1980 онд манай улс хиймэл дагуулаас тоон мэдээ авах шаардлага байсан ч хэрэгжүүлж  чаддаггүй байлаа. Учир нь энэ технологийг Япон, АНУ, Франц, Англи, Канадад үйлдвэрлэж ашигладаг байсан юм. Харин энэ технологийг социалист орнуудад зарахыг зөвшөөрдөггүй байсан ч Монгол Улс 1987 онд түүнийг ашиглаж чадсан.

-Одоо ашиглаж байгаа юу. Энэ технологийг ашиглахад бэрхшээл тохиолдож  байв уу?

-Одоо техник, технологийн хувьд улам боловсронгуй болгон ажиллуулж байгаа. Тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах заавар дүрэм англи хэл дээр учир түүнийг ашиглахад англи хэлтэй мэргэжилтэн дутагдаж байлаа. Тэр үед Монголд англи хэл цоо шинэ гадаад хэл байсан. Одоогийнх шиг англи-монгол, монгол-англи толь бичиг байгаагүй. Манай мэргэжилтнүүдийн ихэнх нь ЗХУ-д мэргэжил эзэмшсэний ачаар орос-англи, англи-орос толийг ашиглан гадаад хэлийг орос  хэлээр дамжуулан ойлгож, өдөр тутмын ажилдаа ашигладаг байлаа. 1987, 1988 онд манай төвийн судлаачид “Сансрын тоон мэдээлэл хүлээн авах, боловсруулах анхдагч боловсруулалтын технологийг зохиож үйлдвэрт  нэвтрүүлсэн нь тухайн үеийн Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны  шагнал хүртсэн. Энэ технологид үндэслэн манай төвийн эрдэмтэн, судалаачид   Монгол орны нутаг дэвсгэрт цасан бүрхүүл, бэлчээрийн ургамлын төлөв  байдлыг  тодорхойлох, ган, зуд, ой, хээрийн түймрийн эрчим, тархалтын зураглал гаргах, цаг агаарын аюултай үзэгдэл тухайлбал, цасан болон шороон шуурганы эрч хүч, хурд, чиглэл, хамрах нутгийн хэмжээг өдар, шөнийн аль ч үед үнэлж улсын болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хэрэгцээнд нэвтрүүлсээр байна.

-Ойн хүрээнд ямар  ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Манай орны хөгжил дэвшилд зайнаас тандан судлах арга, техник хэрэгсэл нэвтэрч, байгалийн түргэн хувьсах нөөцийг тогтоох, байгалийн онцгой үзэгдлийг урьдчилан мэдээлэх, уур амьсгалын өөрчлөлтийг судлах практикт хэрэглэж, нийгмийн амьдралын бүх хүрээнд зохих ашгаа өгсөөр байна. Цаг уур, байгаль орчны салбарт сансрын мэдээлэл, технологи ашиглаж эхэлсний 50 жилийн үр дүн, ололт, амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, залуу хойч үеийнхэнд мэдлэг түгээх, олон нийтийн санал хүсэлтийг сонсож, бүтээлч ажил, үйл ажиллагаанд оролцуулах, энэ чиглэлээр ажилласан эрдэмтэд, ажилчин, албан хаагчдын хөдөлмөр бүтээл, алдар гавьяаг алдаршуулах, энэ салбарт олон үлсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр  ажиллаж  байна.     

Хиймэл дагуулаас тоон мэдээ хүлээн авах өртөө 2020 он.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Отгонжаргал

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гэрэл 2020-04-24 07:24:47
    1987 оноос Монголыг бусниулж эхлэхдээ ашигласан байна.Түүнээс юу гэж Монголд ашиглуулах вэ.