Б.Янжмаа: БНСУ-д эрүүл мэндийн даатгалд хамрагдсан  иргэдэд амны хаалт олгож байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа Дэлхийн улс оронд коронавирусын өвчлөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ “Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 3 сая гаруй болсон  байна. Үүний 1 сая гаруй нь дангаараа АНУ-д бүртгэгдсэн байна. Тус улсад өдөрт дунджаар 20 мянга гаруй халдвар бүртгэгдэж байгаа ч  халдварын байдал саарч байна гэж үзэж байна. Мягмар гарагийн байдлаар АНУ-д коронавирусийн халдвараар 58 мянга гаруй хүн эндсэн байна.

БНСУ-д өчигдөр шинэ тохиолдол ес, нас баралт хоёр бүртгэгдсэн байна. Солонгосын өвчний хяналт сэргээлтийн төвөөс мэдээлэх үеэрээ “Коронавирусийн халдвар авсан хүнд  ямар нэг шинж тэмдэг илрэхээс хоёр хоногийн өмнө вирусийг бусдад халдварлуулах магадлал маш өндөр байгаа ба нийт халдварын тохиолдлын 40 гаруй хувь нь халдварын шинж тэмдэг илэрч эхлээгүй хүнээс халдварласан байна” гэж мэдээллэв. Шинэ коронавируст халдвар үүсэхээс сэргийлж БНСУ-д хөдөлмөр эрхэлдэг, бүртгэлтэй болон бүртгэлгүй гадаадын ажилчдын оршин суух орон байр орчны нөхцөл байдал нь халдвар хамгааллын дэглэмд нийцэж буй эсэхэд шаардлага тавих асуудал сөхөгдөж байна.

Тухайлбал, тус улсад ирсэн  гэртээ карентинд байх ёстой хүмүүст хяналт тавьж үзэхэд оршин суугаа байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа талаар мэдээлсэн. Тэрчлэн БНСУ-д эрүүл мэндийн даатгалд хамрагдсан  иргэдэд амны хаалт олгож байгаа байдал нь тус улсад оршин суугаа гадаадын иргэдийн тэн хагасыг орхигдуулж байгаа талаар мөн мэдээллээ.

Япон Улсад өчигдөр 282  шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 112 нь нийслэл токио хотод бүртгэгджээ. Тус улсын нийт нас баралтын тоо 426 болсон байна. Япон улсын хувьд шинжилгээний хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа. Үүний үр дүнд дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар тус улсад нийтдээ 232 мянга гаруй PSR шинжилгээ хийгдсэнээс 13800 гаруй тохиолдол эерэг гарсан байна. БНХАУ-ыг үндэсний хорооны өгсөн мэдээллээр тус улсад мягмар гарагт коронавирусийн 22 тохиолдол бүртгэгдсэн ба эдгээрийн 21 тохиолдол нь зөөвөрлөдсөн нэг нь дотоодын халдвар байжээ.

ХБНГУ-д өчигдөр 1144 шинэ тохиолдол 163 нас баралт бүртгэгдсэн байна. Эдгэрсэн тохиолдлын тоо 117400 ба нас баралтын түвшин 3,8 хувьтай байна” гэлээ.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus