COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.13 цагт эхэлсэн. Хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.

Улсын Их Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Б.Чойжилсүрэн болон ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан бөгөөд Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын зөвлөл болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг хэлэлцэж хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс боловсруулсан нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, цар тахлын голомтын бүсэд болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, захиргаа болон тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн тусгай бүтээгдэхүүний талаар, түүнчлэн энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулах тухай болон хуулийн төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, ойлгомжтой томьёолох зэрэг саналуудыг хэлэлцэж, дэмжсэн хэмээн танилцуулав.

Хуулийн төслийн нэрийг “Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” гэж өөрчлөх санал гаргасан бөгөөд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд үргэлжлүүлэн Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.