
М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж, шийдвэрээ гаргалаа.
Шүүхээс М.Энхсайханыг гэм буруутай гэж үзлээ. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна.
Шүүх хуралдааны дараа М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо “Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гомдлоо гаргана. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж бид үзэж байгаа. Ялангуяа хөөн хэлэлцэх хугацаан дээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ын өдөр УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймээс хэрэг шийдэх боломжгүй. Шинжээч нар алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэрэг үйлдэгдээгүй, гэрээний төсөл боловсруулсан л үйлдэл” хэмээн мэдээллээ.
О.Онон