ЭМЯ: Ухань хотод 7 тохиолдол голомтлон гарсан байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 215 улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, 4.335.000 хүн өвчилж,  292.000 хүн нас барж,  1.6 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвараар 83.000 хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барсан байна. Ялангуяа  БНХАУ-ын  Ухань хотод 45 хоногийн дараа 7 тохиолдол нэг байранд голомтлон гарсан тул тус хотын засаг захиргаа 11 сая хүнээ лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулахаар болсон байна.

Манай улсын хувьд коронавирусийн  халдварын 42 тохиолдол зөөвөрлөгдөж бүртгэгдсэнээс 15 хүн эдгэрч гарсан, 27 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Өчигдөр 35 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор ажиглалтын байранд 945 хүн байгаа бөгөөд 49 эмч ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар нийтдээ 266 хүнд шинжилгээ хийгдсэнээс коронавирусийн өвчлөл илрээгүй.  ОХУ-аас ирэх оюутнууд голомттой газраас  ирэх тул хүлээж авах ажлыг тусгайлан анхаарч ажиллаж байна.”

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны нэгдүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ  316 сэжигтэй тохиолдлыг илрүүлж тусгаарлан ХӨСҮТ-д оношилсон эдгээрээс коронавирусын халдвар илрээгүй, 78 хувь нь амьсгалын замын хурц цочмог эмнэл зүйтэй байсан. Сүүлийн долоо хоногт 4 тохиолдол МУ-д зөөвөрлөгдөн орж ирсэн. Ингээд нийтдээ 42 батлагдсан тохиолдол болсон. Эдгээр хүмүүс 2-13 хоногийн дараа мөн 1-3 удаа шинжилгээ хийсний дараа онош батлагдаж байгаа. Нийт тохиолдлын 60 орчим хувь нь ОХУ-аас  үлдсэн нь бусад 11 улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Хүйсийн хувьд 45 хувь нь эрэгтэй,  65 хувь нь эмэгтэй, насны хувьд 11-65 насны хүмүүс байна.  ОХУ-аас цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр ирнэ. Гурван онгоцоор ирнэ. Эдгээр оюутнуудыг хүлээн авахаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага Баян,  Toyoko Inn зэрэг буудлуудыг бэлдсэн байгаа. ОХУ-д коронавирусийн халдвар өндөр байгаа тийм учраас хавьтал болсон өвдөөд эдгэсэн эмнэл зүйн шинж тэмдэгтэй хүүхдүүд байгаа учраас өнөөдөр ирэнгүүт нь бүх хүнээс шинжилгээ авч маргааш гэхэд халдвартай эсэх нь тогтоогдсон байна" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus