Ч.Чулуунцэцэг: Охид насан туршдаа хохирогч болдог тул гэмтэн ч мөн тийм л байх ёстой
УИХ-д бие даан нэр дэвшихийг горилогч Ч.Чулуунцэцэгтэй ярилцлаа.

-Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч. Ямар зүйл таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бэ?

-Ярилцах боломж олгосон та бүхэнд баярлалаа. Би энгийн нэг багш хүн, ажлын гараагаа Батлан хамгаалахын их сургуулиас эхэлж, БХИС-ийн бүрэлдэхүүнээс ХЦДС өрх тусгаарлан гарах үед үргэлжлүүлэн Хилийн цэргийн дээд сургуульд багшилж, сүүлд МУИС, ШУТИС-д багшилсан. Улс төрөөс үүдэлтэйгээр Монголын жирийн иргэн, баялаг бүтээгчдэд тулгарах саад бэрхшээл маш боллоо.

Шударга бус шийдвэр газар авч, авлига хээл хахууль хэрээс хэтэрлээ. Ард түмнээ дэмжсэн байгаа оносон шийдвэр ховордож ерөнхийдөө бол төрийн үйл ажиллагаа бусармагжлаа. Тэгэхээр энэ бүхнийг хангалттай олон жил шүүмжиллээ. Өнөөдөр харин шүүмжлэх бус түүнийг засч залруулах, зарим салбаруудад үндсэнд нь реформ хийх зайлшгүй шаардлага бий болсон гэж хардаг учраас улс төрд орж байна.

Гэхдээ би гэнэт л улс төрд орчихсон хүн биш. 2004 оноос эхлээд л улс төрийг сонирхон судалж, идэвхитэй оролцож ирсэн. Өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлсээр ирсэн. 2016 онд иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшиж байсан.   

-Нийгмийн ямар асуудал таныг хамгийн их бухимдуулдаг вэ. Тэрхүү асуудлыг хэрхэн шийдэх гарц байна гэж та хардаг вэ?

-Миний хувьд энэ нийэмд маш яаралтай шийдэх ёстой хоёр асуудал байна гэж хардаг.

Мэдээж үүнээс олон асуудал байгаа ч энэ удаа хамгийн чухал гэсэн хоёр асуудлаа эхлээд ярья.

1. Хүүхдийн хүчирхийллийн асуудал. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 2.1-д арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн 12.3 зүйлд ... арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн 12.4. зүйлд энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. Мөн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэсэн хэсгийн 12.2.зүйлд энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 12.3-д энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 гэж заасан байгаа.

Энэ юу гэсэн үг вэ. Би хангай шиг нэг хүү, цэцэг шиг гурван охинтой, гурван охины минь хоёр бага нь ихрүүд, алдарт ээж хүн.

Эх хүний хувьд ийм хуулийг санаачлаад батлаад сууж байгаа төрийн түшээд байгаа гэдэгт итгэхийн аргагүй. Гэвч итгэхээс өөр арга алга, эдгээр хуулиудыг энэ улсын их хурал буюу 2016-2020 онуудад шинэчлэн найруулж баталсан байдаг. Үүний эсрэг олон удаагийн жагсаал цуглаан тэмцэлд нэгдэж байлаа. Одоо хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөнийг хүүхэд хамгааллын “Үжин” төвийн Д.Ундраа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаагийн хамтаар үүсгэн орон даяар өрнүүлж байна. Энэ хөдөлгөөнд 50 орчим ТББ, 11000 гаруй эцэг эхчүүд нэгдээд байна.

 Миний хувьд хууль санаачлах эрхтэй болвол хамгийн түрүүнд хийх ажил минь хүүхдийг  буюу 0-18 насны хүүхдүүдийг хүчиндсэн бол бүх насаар нь хорих ганцхан хуулийн заалттай болгохын төлөө ажиллана. Энэ бол миний заавал хийх ёстой ажил. Яагаад тэр нялх хүүхдийг хүчиндсэн хүнд цөөхөн жилийн ял оноох ёстой юм бэ?

Нэг жишжж дурдъя. Долоон настай охиныг хүчиндсэн гэмт хэрэг гарлаа. Гэмт хэрэгтэнд 8 жил, харин өөр аймагт яг ижил тохиолдолд 12 жилийн ял өгсөн. Яагаад тэр вэ?

Хоёр гэмт  хэрэгтэнд өөр өөр ял өгөх боломжтой хууль байх ёстой гэж үү?

Би үүнийг ял наймаалцах боломж байна гэж хардаж байгаа. Нөгөө талаас нь харахад хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд нь насан туршийн хохирогч байдаг. Тэгэхээр гэмт хэрэгтэн ч насан туршийн гэм буруугаа хүлээх нь шударга юм.

2. Монгол Улсын төрийн албан хаагч, төрийн өндөр дээд албан тушаалтнууд эх орныхоо нэр хүндийг гадаад улс оронд унагаасан, гэмт хэрэгт холбогдсон, авлига хээл хахууль авсан зэрэг зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд бүх насаар нь төрд ажиллах эрхийг нь хасдаг байх хуультай болгох. Хамгийн сүүлийн хэд хэдэн жишээнүүд байна шүү дээ. Дипломат паспорттой, консулын газрын албан хаагчид, ерөнхий консулын автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын хуулийн байгууллагынханд саатуулагдаад хэрэг нь шалгагдаж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын дэд дарга нь мөрийтэй тоглоом тоглож байгаад ажлаасаа халагдсан. Гэвч хэдэн сарын дараа эргээд ажлаа хийж л байна. Мөн л төрийн албан хаагч нь оймсондоо доллар хийчихсэн бичлэг нь сошиалаар цацагдсан.

Төрийн албаны босго өндөр, тэр босгоор орж чадсан чадварлаг залуусын нийгмийн баталгааг төр нь өөрөө маш сайн хангаж өгдөг, мөн дээрээс нь аливаа хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд бүх насаараа төрд ажиллах эрхгүй болох хуультай байвал хэн ч нэг удаагийн алдаанаас болж бүх нийгмийн баталгаагаа үгүй болгож, төрд дахин ажиллах эрхгүй болохыг хүсэх вэ дээ.

-Улс төр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо тааруу байдаг. Жендерийн тэгш бус байдлаас үүдэлтэй энэ асуудлаас болж зарим нэг шийдвэр өрөөсгөл гарах нь бий. Төсөв захиран зарцуулах эрх мэдлийг эмэгтэйчүүдэд өгөх нь илүү үр дүнтэй байх талаар олон хүн санал хэлдэг. Та үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Тийм ээ. Улс төрийн яг шийдвэр гаргах түвшинд нь эмэгтэйчүүдийг оролцуулах нь тааруу байдаг. Монгол Улсын Их Хуралд 1992 онд 293 хүн нэр дэвшиж 3 эмэгтэй, 1996 онд 302 нэр дэвшигчийн 8, 2000 онд 602 хүн нэр дэвшсэний 9 нь эмэгтэй, 2004 онд 244 нэр дэвшигчийн 5 эмэгтэй, 2008 онд 356 нэр дэвшигчийн 66 нь эмэгтэй байж үүнээс 3 нь, 2012 онд 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байж, үүнээс 11 нь эмэгтэй, 2016 онд 498 нэр дэвшигчээс 129 нь эмэгтэй нэр дэвшигч байснаас 13 нь сонгогдож байсан байна.

Энэ нь олон улсын эмэгтэй парламентчдийн дунджаас маш доогуур үзүүлэлтүүд бөгөөд шийдвэр гаргах түвшинд ялангуяа хууль тогтоох дээд байгууллага болон аймаг, нийслэлийн ИТХ-ын хувьд Жендерийн эрх тэгш байдал алдагдаж байна гэсэн үг. Сая хэлсэн тоо баримтын дүнгээр бий болсон өнөөдрийн улс төрийн тогтолцоо нь улс төр, эдийн засаг, нийгэм соёлын шийдвэрт нөлөөлж, жендерийн мэдрэмжгүй бодлогын үр дагавар өнөөдөр гарч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг хүрэлцээгүй, нийгмийн халамж үйлчилгээний чанар, хүртээмж маш муу байна.

 Мөн залуу гэр бүлийг дэмжих бодлого үгүйлэгдэж, эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн хэрэгсэл мэт хандах, зөвхөн халамж хүртэгч мэтээр үзэх, хүний үндсэн эрх зөрчигдөх явдал гарсаар байна. Эмэгтэйчүүдийн оролцоог хангаснаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой болно. Гэхдээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нь парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх гэдгээр өрөөсгөл ойлгож болохгүй юм.

Харин чанарын өөрчлөлт гаргаж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах төлөөллөө сонгох явдал юм. Энэ нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хамтын шийдвэрээр иргэд, улс үндэстнийхээ эрх ашиг, ардчилал, хүмүүнлэг, шударга ёсны зарчим бүхий тэгш эрхт нийгмийг цогцлоон бүрдүүлнэ гэсэн үг юм. Иймээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд эрэгтэйчүүдийн оролцоо, дэмжлэг чухал гэж бодож байна даа.

-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд илүү дуу хоолойгоо хүргэдэг. Та энэ асуудлыг доривтой өөрчлөхөд ямар алхам хийх ёстой гэж хардаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл бол угтаа соёлт нийгэмд хэрхэвч байж болохгүй асуудал шүү дээ. Гэхдээ цаад шалтгаант нөхцөлийг маш нарийн, шинжлэх ухааны үүднээс, судалгаан дээр үндэслэн гаргаж ирэх ёстой юм.

Өнөөдөр гадаад улс орнууд нийгэмд гарсан аливаа сөрөг үзэгдлийн шалтгааныг гэр бүлээс, хүний хөгжлөөс хайдаг болж байна.  Нийгмийн олон талт өөрчлөлтөөс шалтгаалж монгол гэр бүлийн бүтэц, уламжлалт хэв маяг, харилцаа хандлагад олон шинэ асуудлууд бий болж байна. Энэ бүхэнд судалгааны үндэстэй хандаж, төрийн бодлогод тусгах ёстой. Сүүлийн жилүүдэд хамтран амьдрагч, ганц бие эмэгтэйчүүд, гадаад улсад хэн нэг нь амьдарч байгаа буюу улс дамнасан гэр бүл, гэр бүлээс гадуурх амьдрал, гэр бүл салах, гэр бүлийн гишүүдийн үүрэг, эрх мэдлийн хуваарилалт өөрчлөгдөх, хожуу гэрлэлт нэмэгдэх, эрт бэлгийн харилцаанд орох зэрэг гэх мэт сөрөг асуудлууд нэмэгдэж энэ бүхнийг зохицуулах эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх, төрийн оновчтой бодлого бий болгох зайлшгүй шаардлага гарч байна. Гэтэл гэр бүлийн тухай хууль санаж байснаас огт өөрөөр батлагдан гарлаа. Учир дутагдалтай зүйлүүд их байна.

 Монгол гэр бүлийн харилцааны үнэ цэнэ, тулгамдаж буй асуудал, хэрэгцээг судлан тодорхойлж, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх, чанартай амьдралын баталгааг хангах зэргээр маш олон нарийн асуудлуудыг тусгасан эрх зүйн орчинг бий болгох ёстой. Хүчирхийлэл үүсгэж байгаа шалтгааныг бууруулахгүйгээр хүчирхийлэгчдэд хариуцлага тооцсоноор хүчирхийллийг устгана гэдэг өрөөсгөл ойлголт л доо. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд насанд хүрэгчдээс илүүтэйгээр хүүхдүүд дам хохирдог нь маш харамсалтай.

-Та багш хүн. 1990 оноос өмнө багшийн нэр хүнд асар өндөр байлаа. Одоо цалин багатай, ачаалал хамгийн ихтэй хэрнээ нэр хүнд муутай болжээ. Багшийн ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна боловсролын салбарын хамгийн тулгамдаж буй ямар асуудал байна гэж та хардаг вэ?

-Өмнө асуусан нийгмийн ямар асуудал таныг хамгийн их бухимдуулдаг вэ. Тэрхүү асуудлыг хэрхэн шийдэх гарц байна гэж та хардаг вэ? гэсэн асуултанд тань хариулах гэж байсан нэг асуудлыг минь асуучихлаа.

Би 1995 онд ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн математикийн сонгоны ангийг онц дүнтэй төгссөн. Тэр үед багш нар ажлаа хаяад ид наймаанд явчихсан үеийн төгсгөл болсон, багшийн эрэлт хэрэгцээ ихтэй байсан ч сургалт мундаг байсан үе дээ. Математикийн сонгоны ангийг төгсөгчид программист болох гэж КТМС /хуучнаар компьютерийн техник, менежментийн сургууль, одоогийн ШУТИС/ рүү ордог, эсвэл санхүү эдийн засгийн мэргэжил сонгож санхүү, эдийн засгийн дээд сургуулийг сонгодог байлаа. Тэр үед ангиасаа ганцаараа багшийн мэргэжил сонгохоор саналаа өгөхөд ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд, багш нар их гайхаж билээ. Ангидаа эхний хэдэд жагсдаг ийм мундаг хүүхэд яагаад байна вэ гээд л /инээв/. Миний хүсэл мөрөөдөл л байсан, сайн багш байх, самбарын өмнө олон хүүхдүүдэд хичээл заагаад зогсох их л сайхан санагддаг байсан. Тэр ч хүслээ биелүүлж дээд боловсролын салбарт амжилттай ажиллаж, олон сонсогч оюутнуудыг төгсгөж, олон ч магистр, бакалавр төрүүлсэн. Боловсролын салбарын гал тогоонд 20 жил чанагдсан хүний хувьд бодож санал, хийж хэрэгжүүлж явахсан гэдэг олон ч  ажил байдаг. Зах зухаас нь хийж хэрэгжүүлээд явж байна. Өнөөдөр боловсролын салбарыг тогтолцоогоор нь эргэн харах цаг болсон. Олон ч жил ярилаа, олон ч удаа оролдлоо. Үр дүн санасан хэмжээнд очихгүй байна шүү дээ. Энэ салбарыг тогтолцоонд нь бүр төрөөс боловсролын талаар баримтлах бодлогоос нь эхэлж судлаж, шинэчлэл хийхгүй бол, хатуухан хэлэхэд өөр хоорондоо уялдахгүй, гаднаас шууд хуулбарлан авчирсан нутагшихгүй олон бодлогууд өөр хоорондоо зөрчилдөж эцсийн дүнд чанартай амьдралын баталгаа болсон чанартай боловсролын асуудал тэг рүү тэмүүлж эхэллээ. Боловсролын тогтолцооны асуудалд багшийн ур чадварын асуудал ч багтаж байгаа юм. Би өнөөдөр Монголын боловсролын салбарыг нэг байшин гэж төсөөлвөл цонх нь нэг салхивчтай байх зураг төсөл дээр хоёр салхивч гаргасан том хэмжээтэй цонх байрлуулчихсан, баруун зүүн талдаа хоёр том хаалгатай байх ёстой байтал зэрэгцүүлээд тавьчихсан гурван жижиг хаалгатай ч юм уу нэг тийм огт төлөвлөгөө, төсөл, ирээдүйн дүр зураг, уялдаа холбоо байхгүй олон эд зүйлсийн нийлэмжээр үүссэн байшин гэхэд хэцүү зүйл төсөөлөгдөөд байдаг юм.

Сайд болгон гарч ирээд л нэг зүйл шинээр нэмж хийнэ. Боловсролын салбар нь угтаа хамгийн тогтвортой байх ёстой салбар шүү дээ. Шинэчлэгдэж бус байнга хөгжиж байх ёстой салбар гэсэн үг. Хөгжил, шинэчлэл хоёр нь өөр ойлголтууд шүү. Боловсролын үйлчилгээний үр дүн олон жилийн дараа гардаг онцлогтой. Анагаах ухаан бол өөр. Хүнийг эмчилнэ, эдгээнэ гэдэг үр дүн нь өдрөөр цагаар харагддаг. Харин боловсрол бол хэдэн жилээр хугацаа нь яригддаг. Гэтэл энэ салбар хамгийн тогтворгүй салбар болоод байна. Тэгэхээр бид одоо алдаагаа ухамсарлаж боловсролын тогтолцоогоо ард нийтээрээ, нийгмээрээ хэлэлцэн байж ул суурьтай хандаж байгаад шинэчлэл хийж түүнийгээ тогтвортой хөгжүүлэхэд л анхаарах ёстой юм. Тогтолцоонд шинэчлэл хийнэ гэдэг сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг тонгочуулах тухай асуудал огт биш юм.
 

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Эдийн засагт худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээг эрэлт гэдэг. Үүнтэй адилаар ард түмэн нам бус хүмүүсийг эрэлхийлж байна. Төрийн дээр нам байдаг тогтолцоог түлхэн унагахыг хүссэн эрэлт үүсжээ. Тэгэхээр мэдээж эрэлтээс нийлүүлэлт бий болно. Тэр жамаараа л бие даагчид их байгаа болов уу. Энэ ч утгаараа энэ жилийн сонгуулийн үр дүнгээр бие даагчдын суудал илүү олон тоотой гарах байх. Харин гарсан бие даагчид нь нэгдэн нийлж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, шударга бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх л хэрэгтэй дээ. Эрэлтээр үүссэн нийлүүлэлт сэтгэл ханамжтай байх ёстой шүү дээ.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Би хоёр шалтгаан хэлнэ.

1. Монголын улс төрийн нөхцөл байдал болон ард түмний хүсэн хүлээж байгаа нөхцөл байдал хоёр өөр чигт явлаа. Төр барьж байгаа улс төрийн намууд буюу МАН, АН гэсэн хоёр том хүчинд ард түмэн итгэхээ больж байна. Би зориуд төр барьж байгаа намууд гэж хэллээ. Төрийн дээр нам байдаг болсон учраас тэгж хэлж байгаа юм. Ийм учраас нам бус “улс төрчид” буюу бие даан нэр дэвшигчид төрийг хамтран барьж төрийн дээр нам байдаг уламжлалыг халах хүсэл тэмүүллээс үүдэлтэй гэж хардаг.

Нөгөө талаас нам, эвслээс сонгогдон гарч ирсэн улс төрчид ард түмний ашиг сонирхлоос илүү намчирхсан үзэл бодлынхоо төлөө төрийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Иймд нам гэсэн хайрцаганд ороогүй хүмүүс зоригтойгоор улс төрд орох боломжоо ашиглаж байна гэж хардаг. Гэхдээ намдаа гомдсон, намдаа тоогдоогүй, намаасаа урвасан нөхдийг бас сая хэлсэн хоёр өнцөгт хамруулан ойлгож болохгүй. Нөгөө талаас бие даан нэр дэвшигч бүрийг үндэсний эрх ашгийнхаа төлөө, ард түмнийхээ төлөө явж байгаа гэж харж болохгүй. Монгол төрийн босго өндөр байх ёстой. Энэ босгоор давж чадах хүнийг л дэвшүүлэх эрх олгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Гэхдээ одоо сонгогчдын боловсрол өндөр болсон, худал амлалт, авлига, хууль бус үйлдлээр төрийн эрхийг барих гэсэн сонирхолтой хүмүүсийг таньдаг болжээ.

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

-Баярлалаа. Нэгэн цагт дэлхийн түүх монголын түүхээр бичигдэж байсан. Энэ аугаа их үндэстэн өнөөдөр зөв сонголт хийж Монгол Улс минь үүрд мандан бадрах их ерөөл биелэлээ олох болтугай.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжий 2020-05-14 11:10:12
    Яаралтай шийдэх энэ 2 ажил нь маш чухал юм. Энэ хүнийг дэмжих хэрэгтэй. Нэмээд хэлэхэд гаж донтой ч юи уу, балчир хүүхдийг хүчиндсэн бол энэ засагдахгүй. хэдэн ...
  •  2020-05-14 08:42:16
    Тэгэхээр гэмт хэрэгтэн ч насан туршийн гэм буруугаа хүлээх нь шударга юм. тэр нь бол засаж, тайган болгох. эсүүл үхүүлэх. ял юм