Ч. Оюунханд: Хүүхэд төрөөд уйлах хамгийн сайхан мөч
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн сэхээний тасгийн сувилагч Ч.Оюунхандтай ярилцлаа.  Тэрбээр “Сувилагч гэдэг бол өөрийнхөө төлөө бус өрөөлийн сайн сайхны төлөө бүхий л хайр энэрэл, зүрх сэтгэлээ зориулж чаддаг мэргэжил” хэмээн тодотгосон юм. Түүний хувьд амьдралынхаа 26 жилийг бусдын сайн сайхны төлөө зориулж яваа нэгэн юм.

-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байна уу? Намайг Чимэддоржийн Оюунханд гэдэг. 47 настай. 1994 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны коллеж төгсөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилд орсоноос хойш 26 жил өнгөрсөн байна.

-Ярилцлагаа таны ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байсан тухай дурсамжаас эхлүүлмээр байна?

-Би анх энэ эмнэлэгт эх баригчаар ирж байсан. Төрөхийн хүлээн авах дээр томилогдсон. Хүлээн авах дээр ажиллах маш хүнд байдаг. Бүхий л хүндрэлтэй төрөх дөхсөн ээж нар ирдэг. Тэр бүгдийг хүлээж аваад тайвшруулна, заримдаа хүлээн авах дээр ч эх барих тохиолдол гарна шүү дээ. Тухайн үед би анхнаасаа энэ мэргэжлийг сонгосон учраас сандарсан, шантарсан зүйл огт байхгүй улам л гоё санагддаг байсан. Эх баригч байхад хүүхэд төрөөд уйлах тэр л агшинд их баярладаг байлаа.

-Эзэмшсэн мэргэжлээрээ сэтгэл хангалуун ажиллана гэдэг хамгийн сайхан зүйлийн нэг. Таны хувьд яагаад сувилагч мэргэжлийг сонгох болов?

-Сувилагч гэдэг бол өөрийнхөө төлөө бус өрөөлийн сайн сайхны төлөө бүхий хайр энэрэл, зүрх сэтгэлээ зориулж чаддаг мэргэжил. Тиймээс би энэхүү мэргэжлийг сонгосон. Манайх эцэг, эхээс есүүлээ. Бүгд дээд боловсрол эзэмшсэн. Ихэнх нь багш, цэргийн албаны хүмүүс. Иймээс аав маань намайг эмнэлгийн ажилтан л болгоё гэдэг байсан. Анх есдүгээр ангид байхад хамаатны эгч эмийн санд шил угаагчаар ажиллах уу гэхэд нь эмнэлгийн хувцас өмсөж үзмээр санагдаад зөвшөөрсөн. Хөлсөнд нь 10 төгрөг авч байлаа. Тэр үе маань надад маш гоё сэтгэгдэл үлдээсэн юм. Эмнэлгийн үнэр нь хүртэл гоё байсан. Тэгээд заавал энэ мэргэжлийг сонгоно гэж шийдсэн. Үүнд аав маань ч их нөлөөлсөн.

-Мэргэжлээрээ хамгийн их бахархах мөчүүд олон биз?

-Манайд маш хүнд биетэй нярай их ирдэг. Нялхаараа, хаана өвдөж буйгаа илэрхийлж чадахгүй тэр бяцхан үрст бид бүхий л асаргаа, сувилгааг хийж өгч ээжийнх нь оронд ээж болдог. Ингэж их хүч хөдөлмөр гаргасны ард хүүхдүүд маань эдгээд урдаас хараад инээх нь бидэнд аз жаргалыг мэдрүүлдэг. Энэ нь миний  мэргэжлийн сайхан нь гэж хэлж болно.

-Эмнэлгийн байгууллагыг сувилагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хамгийн их ачаалалтай ажилладаг хүмүүс шүү дээ. Долоо хоногт ер нь хэдэн цаг ажилладаг вэ?

-Бид чинь долоо хоногийн 40 цаг ажилласан байх ёстой. Гэтэл бид 60 гаруй цаг ажилладаг. Үнэхээр ар гэрийн зүгээс  сайн ойлгодог болохоор бид энэ ажлыг хийж байна. Ар тал нь хэцүү гэр бүл олон бий. Ийм үед үнэхээр хэцүү. Сувилагч хүн цаг наргүй, зогсоо зайгүй ажиллаж байдаг.

-26 жилийн туршид эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй ажиллахад гэр бүлийн дэмжлэг нөлөөлсөн байх?

-Би нөхөрдөө их баярладаг. 26 жилийн турш ээлжинд ажиллаж байгаа намайг нөхөрөөс минь өөр ойлгох хүн бараг байхгүй дээ. Биднийг ар, гэр ажлын хамт олон ойлгохгүй л бол энэ хүнд ажлыг давж гарна гэдэг хэцүү.

-Ачааны хүндийг үүрч байгаа ч эрүүл мэндийн салбар тэр дундаа сувилагч мэргэжлийг үнэлэх үнэлэмж хангалттай хэмжээнд биш.

--Яахав хуучнаа бодвол харьцангуй цалин нэмэгддсэн. Бид 8-16 цагаар ээлжинд гардаг. Одоо тулаа хийгээд өнжөөд нэг гардаг болсон. Энэ үед ачаалал маш ихтэй байдаг. Ачааллынхаа дагуу цалин авч чаддаг уу гэхээр хангалтгүй л санагддаг.

-Цаашид сувилагч мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд ямар ажлууд хийх хэрэгтэй гэж боддог вэ?

-Саяхан сувилагч мэргэжлээр үнэ төлбөргүй сурган гэсэн шийдвэр гарсан. Энэ маш буруу зүйл. Яагаад гэвэл энэ мэргэжлийг үнэгүйдүүлж байгаа юм шиг санагдсан. Үүнийхээ оронд сувилагч мэргэжлээр суралцдаг оюутнуудын төлбөрийг нь аваад, төгсөөд орох ажлыг байрных нь цалинг нэмвэл энэ мэргэжлээр ажиллах хүмүүс олон болох болно.

-Их, дээд сургуульд  сувилагч мэргэжлээр суралцдаг оюутан залуус дадлага хийхээр танай эмнэлэгт ирдэг байх. Тэр хүүхдүүдийн ур чадвар, хандлага нь хэр байна вэ?

-Манайд оюутан залуус дадлага хийхээр их ирдэг. Бид сургадаг. Ер нь  хуучныг бодвол одооны хүүхдүүдийн ачаалал даах чадвар нь сул. Сайн зааж өгнө. Дараа нь асуухад урдаас юу билээ гэж хэлээд зогсож байдаг. Зарим нь нярай хооллох гэж ирдэг. Хэсэг явж байгаад шантраад буцдаг юм. Эргэж энэ мэргэжлээр ажиллахгүй, хүнд, хэцүү юм байна гэдэг. Ажиллахгүй байсан юм бол яагаад энэ мэргэжлийг сонгосон юм гэхлээр өөр хувиар байгаагүй аль эсвэл эцэг, эхийн шахалт шаардлагаар сонгосон гэж ярьдаг. Тэдний нэг алдаа нь сувилагч мэргэжлийг амархан гэж ойлгодогт байгаа юм. Хэдэн хүнд эм тариа хийхэд болоо гэж боддог . Яг үнэндээ сувилагчийн ажил амархан зүйл огт биш ээ.

-Цаашид сувилагч мэргэжлийг сонгон ажиллах ирээдүйн сувилагч нартаа хандаж хэдэн үг хэлээч?

-Одооны хүүхдүүд эдийн засагч, хуульч гэх мэт мэргэжлүүдийг эзэмшинэ гэж ярьдаг. Эцэст нь мэргэжлээрээ ажилласан зүйл байхгүй, дэлгүүрт худалдагч хийгээд зогсдог. Эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдээ багаас нь хайрлах ухаанд сургах  сувилагч мэргэжлийг сонгуулаарай. Сувилагч бусад мэргэжлийг бодоход амьдралтай илүү ойр, эрэлт хэрэгцээ ихтэй. Тийм учираас аль болох сувилагч мэргэжлийн үнэ цэнийг мэдэрээрэй гэж хэлмээр байна.

Б.Сувдаа

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.