Б.Батбаатар: Монгол Улс ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгавраа танилцууллаа

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатартай ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг гаргахаар хийж буй ажлын талаар ярилцлаа.

-Манай улс “саарал жагсаалт”-д ороод багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд уг эрсдэлээс гарах ямар арга хэмжээ авч ажиллав?

-ФАТФ-аас дөрвөн шууд хэрэгжилт дээр үндсэн 6 асуудлыг шийдвэрлэх ажлын даалгавар өгсөн. Энэ дагуу 2019 оны 11 дүгээр сараас хойш тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлсэн ажлууд эхнээсээ үр дүнд хүрсэн. Энэ оны нэгдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Ази Номхон далайн хамтарсан бүлгийн уулзалтын үеэр “Стратегийн дутагдалтай орны жагсаалт”-аас гарах анхны тайлангаа хамгаалсан. Хоёрдугаар сард Францын Парис хотноо болсон ФАТФ-ын хурлаар Монгол Улс богино хугацаанд үр дүнтэй ажиллаж нийт өгөгдсөн ажлын үүрэг даалгаврын 50 хувийг биелүүлсэн гэдгийг зарласан.

-“Саарал жагсаалт”-аас гарахын тулд дөрвөн үндсэн ажил хийнэ гэлээ, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Үндсэн дөрвөн шууд хэрэгжилтийн зургаан үүрэг даалгавар дээр манай төрийн байгууллагууд хамтарч ажилласан. Гурван ажил  амжилттай хамгаалсан. Тодруулбал, шууд хэрэгжилт 3 болон 11 гэсэн зөвлөмжүүд дээр холбогдох нэг ажлын даалгавруудыг хамгаалсан бол шууд хэрэгжилт 8 дээр хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах гэдэг ажлын даалгаврыг хангалттай үнэлүүлсэн. Энэ нь бидний хийх ажлын 50 хувиа биелүүллээ гэсэн үг.

-Үлдсэн гурван ажлаа хийхэд бэрхшээлтэй тулгарсан гэв үү?

-Олон улсад “Ковид-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор ФАТФ-ын ерөнхийлөгч ICRG-ийн хяналтын үйл ажиллагааг нэг циклиэр буюу дөрвөн сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Харин Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын зүгээс ФАТФ-ын удирдлагад хандаж, “Төлөвлөгөөний дагуу ажил хэвийн урагшилж байна. Тиймээс үлдсэн ажлын тайлангаа онлайнаар хамгаалъя” гэсэн албан ёсны хүсэлт гаргасан юм. ФАТФ-аас манай хүсэлтийг хүлээж авсан. Энэ дагуу манай холбогдох байгууллагууд нэлээд эрчимтэй ажиллалаа. ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн хамтарсан бүлэг рүү дөрөвдүгээр сарын 13-нд тайлангаа илгээсэн. Мөн тавдугаар сарын 7-нд цахим хурлын тестийг хийсэн. Тавдугаар сарын 11-нд онлайн хэлбэрээр тайлангаа хамгаалсан. ФАТФ-аас манай улсад өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт хангалттай эсэхийг албан ёсоор 6 дугаар сарын 24-ний өдөр танилцуулна. Тэрнээс өмнө урьдчилсан дүн гарна гэхдээ хэлэлцэх үе шат нь олон байдаг. Одоогоор цар тахлаас болж бас хугацаа нилээд шаардах тохиолдлууд байна.

-“Саарал жагсаалт”-аас гарахад төрийн байгууллагуудын үүрэг оройл, идэвх зүтгэл хэр байна вэ?

-Холбогдох бүхий л төрийн байгууллагууд бүх боломжит арга хэмжээг авч байгаа. Ерөнхий зохион байгуулалтыг Монголбанк, Сангийн яам, Тагнуулын Ерөнхий газар хийж байна. Саарал жагсаалтаас гарах ажлын хэсэг ажиллаж байгаа. Мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн дагуу голлох төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Хамтын ажиллагааны зөвлөл маш идэвхитэй ажиллаж байна. 5 сарын 11-ний хуралд 20 гаруй байгууллагын 40 орчим төлөөлөл оролцсон. Хурлын дараа ФАТФ-аас Монгол улсын тайлан хамгаалалт, зохион байгуулалт сайн түвшинд болсоныг тэмдэглэсэн. Бид одоо албан ёсны хариугаа хүлээж байна.

-Эл зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагууд хэр идэвх санаачилгатай ажиллаж байгаа вэ?

- Дээр хэлсэн ажлын хэсгүүд, зөвлөлүүд маш эрчимтэй ажиллаж байгаа. Стратегийн дутагдалтай орны жагсаалтад удаан байх нь өөрөө аль ч улс орны хувьд эрсдэл өндөртэй байдаг. “Саарал жагсаалт”-аас гарах нь дан ганц төрийн байгууллагын ажил биш. Төрийн бус байгууллага, бусад холбоод бас их нөлөөтэй байна.

-“Саарал жагсаалт”-аас гаргах сүүлийн гурван даалгавар юу байсан юм бэ?

- Шууд хэрэгжилт-3, шууд хэрэгжилт-7, шууд хэрэгжилт-11 гэсэн зөвлөмжүүд дээр 3 ажил үлдсэн. Шууд хэрэгжилт-3 нь санхүүгийн бус, бизнесийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болох хуульч, нотариатч, нягтлан бодогч, үл хөдлөх хөрөнгө зуучлагч,үнэт металлын арилжаа эрхлэгчдийг тодорхойлох, эрсдэлийн ойлголтоо сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах юм. Уг ажилд ХЗДХЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүү мэдээллийн албаныхан голлон ажиллаж байна. Шууд хэрэгжилт-7-д хуулийн байгууллагынхны үйл ажиллагаатай холбоотой даалгавар байсан. Тодруулбал, хууль сахиулах, шүүх, прокурорын байгууллагынхан мөнгө угаахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг сайжруулах, прокурорын хяналтыг сайжруулах чиглэл өгсөн. Хамгийн сүүлд шууд хэрэгжилт-11 ажлынхаа тайланг танилцуулсан. Энэ бол банк, ББСБ-ын болон санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг хянаж, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйл ажиллагааны ойлголтыг таниулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах ажиллагаа байсан. Энэ талын тайланг манай төв банк, Тагнуулын ерөнхий газар, Терроризмын зөвлөлийн ажлын алба, Санхүү мэдээллийн алба хамт хамгааллаа.   

-Өнөөдөр урьдчилсан үр дүнг танилцуулна гэлээ. Эцсийн үр дүн хэзээ гарах юм бэ?

-Тавдугаар сарын 28-нд ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлэг манай тайланг хэлэлцээд цааш танилцуулах болов уу. Зургадугаар сарын 24-нд эцсийн дүгнэлтээ зарлах юм. Тайлангаа амжилттай хамгаалчихвал ФАТФ-ын төлөөлөгчид Монголд ирж бидний үйл ажиллагааг шалгах ёстой. Бүр тодруулбал, ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн хамтарсан бүлгийнхэн манайд улсад ирж ажиллана. Холбогдох бүхий л төрийн байгууллагуудын төлөөлөл, удирдлагын түвшинд уулзалт хийнэ.

-“Саарал жагсаалт”-д дэлхийн өөр ямар улсууд багтсан бэ. Энэ жагсаалтад орсноор эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх бол?

-2009 оноос 53 орон энэ жагсаалтад орж, Ардчилсан Солонгос, Иран “хар жагсаалт”-д байдаг. Ази, Африк, Өмнөд Америкийн орнууд голдуу эл жагсаалтад багтсан байдаг. Үндсэндээ саарал жагсаалт бол корреспондент банкны үйл ажиллагаа, гадаад хөрөнгө оруулалт, эх үүсвэр татан авалт, санхүүгийн салбарын хөгжил, гадаад худалдааны санхүүжилтүүд гэсэн үндсэн сувгуудаар дамжин эдийн засагт нөлөөлдөг. Эдийн засагт сөрөг нөлөөтэй тул бид энэ жагсаалтад удах эрх байхгүй. Аль болох хурдан гарахаар бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

-Цахим вальют эрсдэл дагуулж байна гэв үү?

-ФАТФ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай техник хэрэгжилтийн 40 зөвлөмж гаргасан байдаг. Үүн дээр нэмэгдээд виртуал хөрөнгийн зохицуулалт орж ирсэн. Учир нь олон улсад виртуал хөрөнгийн эрсдэл нэмэгдэж байгаа гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-аас тусдаа 1 зөвлөмж болгон улс орнуудыг хэрэгжүүлэхийг шаардаж эхэлсэн. Виртуал хөрөнгө нь бидний хувьд харьцангуй шинэ ойлголт. Үүн дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байна. Мөн хэрэгжилтийг судалж, өөрийн орны онцлогт тохируулж хэрэгжүүлэх ажлууд хийгдээд эхэлсэн.

-Хууль эрх зүйн орчин боловсронгуй бус байгаа нь мөнгө угаах гэмт хэрэг өсөхөд нөлөөлөөд байгаа гэв үү?

-Тухайн улсын хууль эрх зүйн орчинг үнэлдэг шалгуур нь ФАТФ-ын 40 зөвлөмж байдаг. Бид энэ тал дээр хангалттай сайн үнэлгээтэй яваа. Гол нь шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүд байгаа юм. ФАТФ-аас шаардаж байгаа зүйл нь мөнгө угаалттай холбоотой гэмт хэргүүдийг илрүүлдэг тогтолцоотой болох, үйл ажиллагаагаа сайжруулах, улам илүү боловсронгуй болгох, тоон үзүүлэлт өсгөх зэрэг ажлууд байгаа. Мөн терроризм, мөнгө угаахтай тэмцдэг байгууллагууд нь энэ талын мэдлэгтэй, бүрэн ойлголттой байж, гэмт хэрэг гарахад дор нь илрүүлж, хянадаг, шат шатандаа хамтарч ажилладаг цогц систем бүрдүүлэхийг зорьж байгаа.

-Өмнө нь Монгол “саарал жагсаалт”-д орсон. Энэ алдаагаа давтчихлаа.

-Дэлхийн дахинд бүх зүйл хурдацтай хөгжиж, шинэчлэгдэж байна. Терроризм, мөнгө угаах гэмт хэргийн арга хэлбэр нарийсч байна гэж үздэг. Томоохон улсууд эдгээр гэмт хэргээс олсон бохир мөнгийг улсынхаа эдийн засагт оруулахыг хүсэхгүй нь мэдээж. Нөгөө талаас бохир мөнгийг банк, санхүүгийнхээ салбараар дамжуулахгүйг эрмэлздэг. Тиймээс эдийн засаг нь буурай орнуудад тавих шаардлагаа өндөрсгөж эхэлсэн. Улс орнуудад өмнө нь харьцангуй энгийн шаардлага тавьдаг байсан бол одоо шаардлага өндөрсөж цаг алдалгүй шуурхай биелүүлэхийг шаардаж байгаа. Ийм ч учраас манай улс энэ олон улсын стандарт, шаардлага зарчим, зөвлөмжүүдтэй тогтмол уялдаж ажиллахаас өөр гарц байхгүй. Одоо саарал жагсаалтаасаа гарах, дахин орохгүй байх асуудал илүү чухал.

-Ядаж байхад Европын холбооноос манай улсыг “хар жагсаалт”-д оруулахаа зарлачихлаа. Одоо яах вэ?

-Европын холбооноос батлагдсан аргачлалын дагуу ФАТФ-ийн саарал жагсаалтад багтсан улс орнууд автоматаар энэ жагсаалтад ордог. Бид Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзсан. Суурин төлөөлөгч “хар жагсаалт” гэж байхгүйг албан ёсоор мэдэгдсэн. Тэрбээр Европын холбоо улсуудыг өнгөөр ялгаварладаггүй гэсэн. Харин Монголыг статегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орны тоонд орох эрсдэлтэй байгааг сануулсан. Үүнийг цахим орчинд гуйвуулж, “хар жагсаалт”-д орно гэж мэдээлж байна. Стратегийн дутагдалтай орны жагсаалтыг батлах ажиллагааг Европын холбооны парламент болон зөвлөл шийдэх байх. Энэ жагсаалт аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх боломжтой гэсэн мэдээллийг Европын холбооноос гаргасан. “Саарал жагсаалт”-аас гарах нь Европын холбооны стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах хамгийн чухал анхдагч асуудал.

-Европын холбоо манайхыг эрсдэлтэй гээд тодорхойлчихсон юм чинь төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтаа татах болов уу?

-Европын холбооны хөтөлбөр, төслүүд нь банк, санхүү, эдийн засаг, нийгэм гээд маш өргөн хүрээг хамарч Монголд хэрэгжиж буй. Тус холбооны суурин төлөөлөгчид эдгээр албан ёсны төсөл хөтөлбөр хэвийн хэрэгжихийг хэлсэн. Харин төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй гадаадын хувь хүн, бие даасан байгууллагын өмнөөс Европын холбоо шийдвэр гаргахгүй гэдгийг онцолсон. 

Эх сурвалж: Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2020-05-19 21:12:05
    ene han ya yariad baigaan byy med ooroo oilgoj bgaa bolovuu, gadniihnii haraand yavdag tushaalgadag oron boloo shivdee Mongol uls