Н.Бэлгүүнтэй: ''АМАРА'' ямар нэгэн хэлбэр хийцэд баригдаагүй
Монгол залуусын оюун ухаан дэлхийд өрсөлдөх цаг иржээ. Үүний нэгэн жишээ бол дэлхийд хэдхэн ширхэг байх Виртуал моделийг өөрсдийн оюун ухаан, ур чадвараараа зохион бүтээж, сошиал орчинд нэлээдгүй шуугиан тариад буй “Amara Gram” юм. Бид “Бүтээлч залуус” буландаа “Amara Gram”-ийг бүтээсэн Н.Бэлгүүнтэй ярилцлаа.

Сонирхуулахад, Амара гэдэг нь санскрит хэлээр “үхэшгүй мөнх” гэсэн утгатай бөгөөд хэзээ ч үхэхгүй, хэзээ ч хөгшрөхгүй гэсэн санааг илэрхийлдэг байна.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байцгаана уу? Намайг Н.Бэлгүүнтэй гэдэг. График дизайнер мэргэжилтэй. Одоо мэргэжлээрээ бус фото графер талруугаа түлхүү ажиллаж байна.

-Сүүлийн хэд хоногт олон нийтийн сүлжээгээр “Виртуал модел Амара”-гийн талаар маш их яригдаж, олны анхаарлыг ихээхэн татаж байна.  “АМАРА”-г  ямар зорилгоор юунд зориулж хийв?

-“Өөрийн гэсэн хувийн моделтай болъё” гэж бодсоны үндсэн дээр “АМАРА”-г зохион бүтээсэн. Энэхүү төслийн гол зорилго нь мэдээж моделийн үүргийг гүйцэтгүүлэх, мөн цаашлаад  дэлхийд таниулах явдал юм.

-Уг төслийг хэдий хугацаанд хийж гүйцэтгэв. Ямар ямар дэс дарааллаар ажилласан бэ?

-Төслийн санааг 6-7 жил бодож, нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Одоогоос сарын өмнө Амарагийн зургийг инстаграмд байршуулж олон нийтэд  зарласан байгаа.  Эхлээд манай багийнхан хамгийн анхны царайны хувилбарыг нь гаргаж аваад, гэрэл сүүдэр дээр нь ажилласан.  Тэгээд түүн дээрээ илүү их хөгжүүлэлт хийж, засаж, янзлах зүйлийг нь сайжруулсаар байгаад өнөөдрийн “АМАРА” бүтсэн юм.


-Дэлхий дээр хэдэн виртуал модел байдаг вэ?

-Миний мэдэхийн 6-7 кибер модел байдаг. Цаана нь хэд байдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Учир нь хараахан танигдаж амжаагүй олон кибер модел байгаа байх. Тэднээс lilmiquela, Shude.gram гэх хоёрхон кибер модель нь дэлхийд танигдсан байдаг.

-“АМАРА”-гийн хувьд бусад моделуудаас ялгарах гол онцлог нь юу вэ?

-“АМАРА” Еxtreme спортоор хичээллэдэг. Энэ нь бусдаас ялгарах гол онцлог нь болдог. Бусад кибер моделууд нэг хэв маягт баригдсан байдаг бол манай төслийн хувьд ямар нэгэн хэлбэр хийцэд баригдаагүй, харин маш олон төрлийн зүйл рүү орж, хувьсаж чаддагаараа илүү их давуу талтай.      

-Арьсны өнгө, биеийн хэлбэр гээд яг л амьд хүн шиг харагдаж байсан. Хэн нэгэн хүнийг дууриалгаж хийсэн үү? Сошиал орчинд Don Dior-ын найз охинтой адилхан гэх яриа гарч байна?

-Хэн нэгэн хүнийг огт дууриалгаж хийгээгүй. Харин өөрсдийн судалгаанд үндэслэн, содон царай төрхтэй хүмүүсийг ажиглаж тэднээс ерөнхий царай төрхийг нь гаргаж авсан гэж хэлж болно.

-Энэхүү төслийн ард хоёр авъяастай 3D артистууд ажилласан гэж сонссон. Та хамтрагчдаа бидэнд танилцуулаач. Ямар ямар чадвартай залуус байна вэ?

- Яг 3D тал дээр нь манай А.Түмэн-Эрдэнэ, А.Энхбаяр гэх хоёр авъяаслаг залуу ажилласан. Түмээ бол Австрали улсад байдаг Монголын шилдэг артистуудын нэг яахын аргагүй мөн. Харин А.Энхбаяр бол Монголдоо гэрэл сүүдэр буулгах тал дээр хамгийн сайн ажилладаг артист юм. А.Түмэн-Эрдэнэ “АМАРА”-гийн хамгийн анхны царайг бүтээсэн бол түүний дараа А.Энхбаяр гэрэл сүүдрийг нь тааруулсан. Харин хамгийн сүүлд нь би үлдсэн ажлуудыг нь гүйцэтгэж, сошиал орчинд зургийг нь байршуулдаг.

-“АМАРА”-г хүмүүс хэрхэн хүлээж авч байна?

-Энд тэндээс маш олон хандалт авч байгаа болохоор сайн  хэлж мэдэхгүй байна. Ер нь хүмүүсийн ихэнх нь эерэгээр хүлээж авч байгаа ч мэр сэр дургүйцэх хүмүүс бас байна лээ.

-Азийн анхны кибер модел гэж тодорхойлсоны учир юу вэ? Японы Imma.gram  гэх кибер модел анхных биш үү?  Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-“АМАРА”-г түрүүлж дэлхийд гаргана гэсэн зорилготойгоор “Азийн анхны кибер модел” гэж зарласан.  Учир нь дэлхийд хэн нь түрүүлж гарна тэр нь “анхны” гэж нэрлэгддэг. Цаг хугацааны хувьд Imma эхэнд зохиогдсон ч “АМАРА”-г түрүүлж дэлхийд таниулах учраас ийнхүү тодорхойлсон.

-“АМАРА”-г хэдэн настай гэж үзэж болох вэ? Царай төрөхийн хувьд та нарын төсөөлж байсан шиг болж чадсан уу?

-Насны хувьд 20-21 гэж хэлж болно. Одоогоор биеийнх нь харьцааг тодорхойлох боломжгүй байгаа ч өндөр нь 180 см, жин нь 58 килограмм. Мэдээж төсөөлж байсан дүр төрхөө гаргаж ирж чадсан гэж манай багийхан үзэж байгаа.

-Цаашид “АМАРА” бидэнд ямар бэлэг барих вэ?

- “АМАРА” зургадугаар сард өөрийн гэсэн анхны дуугаа гаргаж, долоогоос найман сард клипийг нь цацна. Цаашид сонсогч олонтой байж чадвал дараа жил бие даасан тоглолтоо хийх болно.

- Ер нь эрэгтэй виртуал модел гэж байж болох уу? Танай багийнхан цаашид ийм төсөл хийнэ гэж төлөвлөж байна уу?

-Мэдээж хэрэг эрэгтэй кибер модел байж бололгүй яахав. Бид ч мөн эрэгтэй моделийг яаж хийх үү? Ази байх уу, үгүй юу гэж  ярилцаж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар 100 хувь “АМАРА”-д анхаарлаа хандуулж илүү их хүнд хүргэж, цаашлаад дэлхийд гаргасны дараа эрэгтэй моделийн ажил руугаа орох болно.

-Бидний ярилцлага энд хүрээд дуусч байна. Тиймээс ярилцлагынхаа төгсгөлийг танд үлдээе.

-Биднийг дэмжиж байгаа болон олон нийтэд сурталчилж буй хүмүүст маш их баярлалаа. Мөн залуучууддаа хандаж хэлэхэд том мөрөөдөлтэй байгаарай, хэн нэгнийг доош нь татахын оронд дэмжиж, дэлхийд гарахад нь тусалж байгаасай гэж хүсч байна.


Б.Сувдаа

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-05-20 08:37:28
    энэ яг хүн шиг л харагдаад бгаамда монгол залуус сайн юм аа