Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид

УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт АН, МАН-аас нэр дэвшигчдийг танилцуулъя. 

АН: Бидон Д.Ганбат даагаа нэхнэ 

Бидон Ганбаа нэрээр олонд танигдсан УИХ-ын гишүүн Д.Ганбат Баярхонгорт даагаа нэхэх нь. Өнгөрсөн оны төгсгөл хүртэл бидон тарааж гүйснийхээ эцэст 100 сая төгрөгийн дэнчингээ хураалгаж, нэр дэвших эрхээ олж авсан байна. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх жиг жуг бий. Түүний хувьд 2008 оны сонгуульд “өвдөг шороодсон” ч 2012 оны сонгуулиар парламентад суух эрхийг олж авсан. Д.Ганбат гишүүний хувьд инженер, механикч мэргэжилтэй. Ардын армийн салаа салбарын захирагч "Техник Импорт" ХК-ий ерөнхий захирал болтлоо дэвшсэн түүнийг намынхан бийлэгжүү нэгэн гэж тодотгодог. Гэвч гишүүн байх дөрвөн жилдээ бидон сав тараахаас өөр олигтой хийсэн ажилгүй түүнд Баянхонгорынхон итгэл хүлээлгээгүй юм.

АН: Найзууддаа “өртэй” П.Нүрзэд

Ардчилсан намын ҮБХ гишүүн П.Нүрзэдийг мөн л Ерөнхийлөгчийн хүн гэх нь бий. Түүний хувьд Баянзүрх дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан гэх товчхон намтартай. Туршлага, туулсан замнал гэвэл АН-ын “гал тогоо”. 

П.Нүрзэдийн хувьд нэр дэвшихдээ намдаа хураалгах 100 сая төгрөгөө найзуудаасаа цуглуулж өгсөн, нэг ёсондоо найзууддаа “өртэй”  нэгэн.

АН: Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх А.Адьяасүрэн

Баянхонгорт очих дараагийн хүн бол мөн л Ерөнхийлөгчийн хүн. А.Адьяасүрэнгийн хувьд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг.  “Номгон Санчир” групийн ерөнхий захирал.  Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй. АН-ын ҮБХ-ны гишүүн. Баянхонгор нутгийн уугуул нэгэн. 

Түүнтэй холбоотой бас нэг мэдээлэл цахим орчинд тархсан нь авлига албан тушаалын хэргээр шалгагдаж буй тухай юм. Тодруулбал, А.Адьяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагдаад байна. 

Иймээс нэр дэвшигч А.Адъяасүрэнд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэсэн хуулийн заалт байгаа гэдгийг сануулмаар байна.

МАН: “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан” Л.Элдэв-Очир

Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын эсрэг хэлэлцүүлгийн үеэр Л.Элдэв-Очир гишүүнд хандан, “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан хүн миний хажууд сууж байна” хэмээсэн. Өнгөрсөн сонгуулиар нэг тойрогт өрсөлдсөн тэд ийнхүү байнгын үг хаялцаж байдаг.  Нөгөө талаар Л.Элдэв-Очир бол "М-Си-Эс" группын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд томоохон хувьцаа эзэмшигч нь. Иймээс Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хоёр бол улстөр дэх “мөнхийн дайснууд”. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд жилийн 13 тэрбум 979 сая төгрөгийн орлоготой, хөрөнгө чинээгээр арвин нэгэн.  Үүнийг нь түүний ХОМ дахь 4 тэрбум 407 сая төгрөгийн үл хөдлөхүүд тодотгоно. Тэрбээр нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй, Монголдоо томоохонд тооцогдох компаниудаас хувь эзэмшдэг хур баян эр.

Гэхдээ Л.Элдэв-Очир гишүүн өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо нэг их хийж гийгүүлсэн ажилгүй гэх шүүмжлэлийг Баянхонгорчуудаас авч байгаа нэгэн юм.

Хөрөнгөө зузаатгасан Г.Занданшатар дахин нэр дэвшинэ

УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентад сууснаас хойш хөрөнгө орлого нь тогтмол өссөн эрхэм бол Г.Занданшатар. Тодруулбал, УИХ-ын даргын хувьд өнгөрсөн онд машинаа сольж, гадаад дотоодын дансанд дахь хадгаламжаа 50 гаруй сая төгрөгөөр өсгөсөн байгаа юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар 2015 онд жилийн 58 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 162 сая, 2017 онд 169 сая төгрөг, 2018 онд 94 сая төгрөгийн орлого олсон байна. Харин гэр бүлийн гишүүдийн орлого өнгөрсөн жил өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, 2017 онд УИХ-ын даргын гэр бүл 27 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 133 сая төгрөг болж огцом нэмэгдсэн байна.

Г.Занданшатар даргынх нэг орон сууцтай, үйлчилгээний зориулалтаар нэг газар эзэмшдэг. Эдгээр нь  722 сая төгрөгийн үнэлгээтэй. Тэрбээр Nissan Murano, Volkswagen Passat маркийн 50 сая төгрөгийн үнэлгээтэй  хоёр машинтай байсан бол өнгөрсөн жил шинээр Nissan Murano маркийн машин 80 сая төгрөгөөр худалдан авчээ.

УИХ-ын даргынх 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоод дахь дансандаа 126 сая төгрөг, гадаад дахь дансандаа 13 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Мөн Монголиан силикон валлей ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг байна.

М.Билэгтийн оронд дэвших Б.Батцэцэг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монголын төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл салбартаа дээгүүр бичигдэх хөрөнгөлөг хатагтай Б.Батцэцэгийг М.Билэгт гишүүний оронд нэр дэвшүүлэхээр батламжилжээ. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн тухай хамгийн сүүлийн баримт гэвэл “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум 259 сая төгрөг авсан байдаг. Нэг үгээр тендерийн хатан хаан. Гэтэл Ерөнхий сайд жанжин шугамаа зөрчиж түүнд нэр дэвших эрх олгожээ. 



О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus