Монголд хүн болж төрснөөс мал бол гэж үү, Сангийн сайд аа!
Засгийн газраас цар тахлын үед иргэдийнхээ амьжиргааг дэмжих, эдийн засгаа тэтгэх багц арга хэмжээ авч буйгаа зарлах болсон ч бодит амьдрал дээр нэг гараараа халамж тарааж, нөгөө гараараа хувийн хэвшлээ багалзуурдаж эхэлжээ.

Тавдугаар сарын 6-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх телевизийн камерны өмнө Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа “Энэ сараас эхлэн аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд сар бүр авдаг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох шийдвэрийг гаргалаа. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талон 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөг болгосон”-ыг зарлаж байв. Түүнчлэн ямаанд 20 мянган төгрөг олгохоор болсноо ч давхар дуулгаж байлаа. 

Харамсалтай нь, дээрх мөнгийг өгөхийн тулд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хувийн цэцэрлэгүүдэд өгдөг хувьсах зардлаа зогсоосон нь тэнд ажиллаж буй багш, ажилчдын хоногийн хоолыг булаасан шийдвэр болжээ. Хувийн хэвшилд ажиллаж буй багш бол хоосон хонож, ажилгүй болсон ч Ардын засагт хамаагүй гэнэ.

Тэр тусмаа ямаанд мөнгө өгөхийн тулд хүүхдийнхээ боловсролыг хөсөр хаядаг нь Монголын төрийн зарим түшээдийн ямар өчүүхэн болохыг харууллаа. Ямар сайндаа Монголд хүн болж төрснөөс мал болж төрсөн нь дээр гэсэн хэлц үг хүртэл гарах билээ.



Салбарын сайд нь Архангайд, Сангийн сайд нь Увсад нэр дэвшиж буй тул хөдөөний малчдад таалагдахын тулд хүүхдийн боловсролд МАН-ын сайд нар хөрөнгө оруулахаас татгалзах нь аргагүй ч биз. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар та хүүхдэд зориулагдсан мөнгийг сонгуульд зориулахаа больмоор юм. Тэгээд МАН-ын сайд нарын олонх нь мянгат малчид. Мянгат  сайд нар боловсролыг дэмжсэнээс ямаагаа дэмжсэн нь ядаж л эдийн засгийн хувьд өөрт нь илүү ашигтай ч биз.

Дэлхийн дахинд нүүрлээд буй вирус КОВИД-19 халдварт тахлын улмаас Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг 2020 оны нэгдүгээр сараас хойш үйл ажиллагааг нь есдүгээр сарын 1 хүртэл  зогсоосон.  Хөл хорионы дэглэмээс болж боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэн, ялангуяа хувийн цэцэрлэгүүд дампуурлаа зарлахад ойрхон болжээ.

Бусад улс оронд хүний хөгжлийн хамгийн чухал үе, улс орны хөгжлийн тулгуур нь сургуулийн өмнөх боловсролыг хамгийн чухал гэж үзэж бүх талаар дэмждэг атал Монголын төр хүүхдийн хөгжлөөс татгалзаж, ямаанд мөнгө тараахыг илүүд үзэхээр шийдвэр гаргалаа.

Жилийн жилд, намрын намарт цэцэрлэг, сургуулийн эрэлт хэрэгцээ ихсэж, олон мянган хүүхэд цэцэрлэггүй үлддэг. Тэдгээрийн ихэнхийг хувийн цэцэрлэгүүд хүлээн авдаг. Хувийн цэцэрлэг нь боловсролын салбарт шударга өрсөлдөөнийг бий болгож, ирээдүйн элитүүдийг бэлтгэж, хүртээмжтэй чанартай боловсролыг эзэмшүүлж байдаг.  Гэтэл ирэх намраас хувийн цэцэрлэгүүд хүүхдээ авч чадахгүйд хүрэх нөхцөл үүчихээд байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сонгуулиас өөрийг бодохгүй нь эмгэнэлтэй.

Монголын амьдрал сонгуулиар дуусчихгүй. Хэрэвзээ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүүхдийн боловсролд зарцуулагдах мөнгийг ямаанд өгөөд дуусгавал 40 мянган хүүхэд ирэх намар гэхэд “гудамжинд” гарах нь.

Ямаа = 200 тэрбум : Хүүхэд = 2,3 тэрбум

Үнэндээ төрийн зарим ачааллыг үүрч, боловсролын салбарт хөрөнгө оруулж яваа цэцэрлэг, сургуулиудаа улсын ба хувийн гэж төр алагчлах ёсгүй.

Боловсролын хуулиар төр цэцэрлэгийг өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжинэ гэж заасан байхад Сангийн сайдын хууль зөрчсөн шийдвэрээр, алагчилсан бодлогоор хувийн цэцэрлэгт ажиллаж буй олон мянган багш ажилчид цалингүй, хоногийн хоолгүй болж байна. Тэд “Монголын төр ээжийнх нь цалинг аваад чиний мөнгийг нэмчихлээ” гэж хүүхдэдээ учирлах уу, уйлах уу!

Ирэх намар энэ харгис бодлогынхоо хариуцлагыг МАН үүрч чадах уу. Өнөөдрийн сонгуулийн төлөө маргаашийн боловсролын салбарыг бодлогоор дампууруулж болохгүй.

Засгийн газрын иргэдийн амьдралыг дэмжих бодлого ингэж хэрэгжвэл  эсрэгээрээ ирэх намар гэхэд хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй эцэг эхчүүд гэртээ сууж амьдрал нь улам хэцүүднэ. Монголын хүн амын 70 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Төрөлт ихсэж байгаа учраас цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоо ч жил бүр өсдөг.  Төр бүх хүүхдийг улсын цэцэрлэгт хамруулж чадахгүй, эрэлт хэрэгцээ нь байгаа нөхцөлд хувийн хэвшлийн цэцэрлэгийн ажлын байрыг хадгалж үлдэх нь айл өрх, улсын эдийн засагт ч хэрэгтэй. Хувийн цэцэрлэгүүд үүдээ баривал төрийн ачаалал, дарамт улам нэмэгдэнэ. Аав, ээжийнх нь нэг нь ажилгүй болж гэртээ суухад хүрнэ. Багшаас нь цалинг нь хулгайлж, хүүхдэд өгөх, хүүхдээ боловсролыг нь “хулгайлж” ямаанд өгөх нь Засгийн газрын эдийн засаг, иргэдийн амьдралыг дэмжсэн бодлого болж чадах уу.





 
А.Атар
Бусдад түгээх
  • gplus