Б.Гэрэлтогтох: Орлогынхоо тодорхой хэмжээг сайн үйлсийн аянд хандивлаж  байсан
Цахим орчинд Урлаач Арт нэрээр олонд танигдсан, технологийн багш мэргэжилтэй Б. Гэрэлтогтохыг “Бүтээлч залуус” буландаа урилаа. Тэрбээр энэхүү ажлаа өөрийн сонирхолд тулгуурлан хөгжүүлсэн бөгөөд өөрийн гэсэн тогтмол орлогын эх үүсвэр болгож чаджээ.

-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу? Намайг Батбаярын Гэрэлтогтох гэдэг. Ерөнхий боловсролын сургуульд дүрслэх урлаг дизайн технологийн багшаар ажиллаж байсан. Хичээлээ сонирхолтой болгох мөн өөрийн бяцхан тогтмол орлоготой болох зорилгоор бие даан гар урлалд суралцсан юм. Полимер гэх гоёл чимэглэлийн урлалаар бүтээл хийгээд таван жил болсон байна. Интернэт орчинд намайг Урлаач Арт гэдэг нэрээр хүмүүс  илүү таньдаг.
           
-Яагаад заавал Полимер урлалыг сонгох болов?

-Хамгийн анх агаарт хатдаг шавраар сарнай хийх бичлэгийг интернэтээс үзсэн. Ингээд туршилтаар анхны бүтээлүүдээ хийж эхэлсэн. Анх хийсэн бүтээлүүд минь амархан эвдэрч, хэмхэрч байсан. Тиймээс  өөр материал хайж, олж үзээд Полимер урлалыг сонирхох болсон юм. Мэдээж материал нилээн өртөг өндөртэй, ажиллагаа их байсан болохоор эхлэл амархан байгаагүй.

- Өөрийн сонирхолдоо хөтлөгдөн полимер урлалыг хийж эхлээд  таван жил болсон байна. Одоогоор таны урын санд хичнээн бүтээл байна вэ?
 
- Ихэвчлэн захиалгаар хийж байсан болохоор урын санд хадгалсан зүйл ховор. Полимер материал маань эдэлгээ маш сайн даадаг. Мөн уран бүтээлч хүмүүсийн хүссэн хэлбэрийг гаргадаг гэж хувьдаа ойлгодог. Өдөр бүр л шинэ зүйлд суралцаж, өөрийгөө хөгжүүлээд л явж байна даа. Зарим бүтээлээ өвчтэй хүүхдийн хандив цуглуулах аянд хэрэгтэй гэхээр нь хандивлаж байсан. Ихэвчлэн жижиг гоёл чимэглэл хийдэг. Одоо хэмжээг нь арай томруулаад өнгөрсөн жилээс аяга чимэглэж эхэлсэн.
           


-Та өөрийн сурч мэдсэн зүйлээрээ бусдад зааж, зөвлөх сургалт явуулдаг уу?

- Бүтээлээ хийгээд олонд танигдаад ирэхээр захиалгаа дийлэхээ больдог юм билээ. Тиймээс би яагаад ганцаараа байж, захиалагчдынхаа хүсэлтийг хугацаанд нь амжуулж чадахгүй гэх зэрэг асуудлууд гарсан. Иймээс надаас өөр гарын ур дүйтэй, сонирхол нэгтэй олон хүмүүст сургалт хийх хэрэгтэй юм байна гэх санааг бүхэл бүтэн дөрвөн  жил өнгөрсний дараа бодож олсон. Яагаад өмнө нь бодоогүй юм бэ гэж асуух байх.  Аливааг заахад надад тодорхой туршлага хуримтлуулах, алдаж онох хугацаа хэрэгтэй байсан. Одоо сурсаар л байна. Оны өмнөөс полимер сонирхсон хүмүүст нь байж болох хамгийн хямд үнээр сургалт хийж байгаа. Одоогоор бараг 100 хүн сургалтад хамрагдсан.

Полимер материал чанараасаа хамаараад өртөг өндөртэй. Сурах хүсэлтэй маш олон хүн байхад боломжид нь тааруулж хүргэхээр тооцоолох л жаахан асуудалтай байсан.

Үнэгүй зааж өгье гэж бодож оролдож үзсэн ч  үр дүн их муу гарсан. Учир хүн төлбөр төлж эрж, хайж олсон зүйлдээ илүү их утга учир өгдөг болохыг багшлах хугацаандаа олж мэдсэн. Тиймээс сургалтаа хэт үнэтэй ч  биш үнэгүй ч биш хийхээр шийдсэн юм.
           
- Сургалт явуулж эхлэхэд хүмүүс хэр хүлээж авав?

- Сургалтыг маань  хүмүүс эерэгээр хүлээж авсан. Яг ийм сургалт явуулахыг хүсэн хүлээж байсан байна лээ. Хөдөө орон нутгаас бас урьсан. Энэ зун  цаг үеийн байдлыг харж байгаад аймгуудаар тойрч сургалт хийх бодолтой байгаа. Сургалт хийх болгондоо суралцагчдынхаа асуулт болон сурч байгаа үйл явцаас нь би давхар суралцаж байдаг. Мөн орлогынхоо тодорхой хэмжээг “Ид шидийн орон” болон Г.Батзаяа гэдэг залуугийн эмчилгээний зардалд хандивлаж байсан болохоор сургалт сонирхсон хүмүүс улам урамтайгаар суралцаж байсан.
 
- Полимер урлалаар хичээллэхийн давуу тал нь юу вэ? Таны бодлоор?

- Гар урлал манай нийгэмд байгаа стресс бухимдалыг бууруулах эерэг нөлөөтэй гэж хувьдаа боддог. Бүтээл хийхэд урамтай л даа. Хатаах процесст хатууран биежиж эдэлгээ даах тэсвэртэй болдог. Германы фимо гэдэг баримал илүү сайн бэхждэг мөн үнэтэй материал. Анх хэрэглэж байгаа хүмүүст  хүүхдүүдийн хичээлд хэрэглэдэг орос баримлын шавар шиг сэтгэгдэл төрүүлж болох ч цааш боловсруулах технологи нь их нарын заалттай байдаг.

Гадаадад бол өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн бүтээл хийж түүнийгээ онлайнаар худалдан өөрийн орлогын эх үүсвэр болон хоббитой болдог юм байна лээ. Тиймээс би өсвөр насны хүүхдүүдэд чөлөөт цагаа илүү бүтээлч зүйлсэд хандуулахад чиглэж сургалт хийж эхэлсэн ч ихэвчлэн дунд насны хүмүүс сонирхон суралцсан. Намайг захиалга авч орлоготой болж байгааг хараад  хүмүүст ч бас орлогоо нэмэгдүүлэх сэдэл төрсөн байх гэж бодож байна.
 
-Таны хувьд багш технологийн багш мэргэжилтэй. Энэ хичээлээр дамжуулан хүүхдүүд юу сурч аваасай гэж хүсдэг вэ?  
 
- Хувийн сургуулийн сурагчдын нэг онцлог нь Математик, Англи хэл, Хими, Физикийн хичээлээ шүтсэн хүүхдүүд байдаг. Технологийн хичээл хэнд хэрэгтэй юм бэ гэж ярих сурагчидтай таардаг байлаа. Тэднээс амьдрах ухаанд суралцуулдаг, өөрт чинь чадвар суулгадаг, бэрхшээлийг даван туулах тэнхээ өгч, стресс бууруулах  ач холбогдолтой энэ хичээлийг орхигдуулж болохгүй гэж заадаг байсан. Дугуйлангийн цагаар л энэхүү шинэ гар урлалын төрлийг хүүхдүүдэд танилцуулж  цаашид хэрхэн хөгжих талаар танилцуулдаг байлаа. Орон нутагт багшилдаг байсан. Хотод ажиллахаар болоод багшлахаа больсон юм. Одоо багш мэргэжил эзэмшихээр суралцаж буй хүүхдүүдийн  багш болсон. Тиймээс урлалд зориулах цаг хомс л байна. Одоо өөрийн пэйж хуудас , сургалтын групп болон Урлаач Арт хаягаараа гар урлал болон сургалтын талаар уриалж байгаа.

-Ярилцсан танд баярлалаа












           
Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus