Д.Нямхүү: Коронавирусийн халдвар дахин нэгээр нэмэгдлээ
 Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Коронавируст халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж, нийт 5 сая гаруй хүн өвчилсөн байна. Нас баралтын тоо 333 мянгад хүрчээ. Сүүлийн 24 цагт өвчлөл 123 мянга , нас баралт 4 мянга гаруй хүнээр нэмэгдсэн байна. АНУ-д тавдугаар сарын 21-ны өдөр 22 мянга гаруй шинэ тохиолдол, 1400 шахам нас бааралт нэмж бүртгэгдсэн бол, ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, батлагдсан халдвартай хүний тоо 317 мянга гаруй болжээ.

Харин манай улсад коронавируст халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ- ийн захирал Д.Нямхүү: "Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатлалын сувилалд шилжлээ. Ерөнхийдөө хүмүүсийн эмчлэгдэж байгаа хугацаа 30-40 хоног дотор гэж бид үзэж байна. Тавдугаар сарын 21-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн нэг лаборатори болон Дархан-Уул дахь салбар лабораторид нийтдээ 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүнд коронавирус илрээгүй. Харин үлдсэн нэг хүнд нь илэрсэн байна. Тухайн хүн нь өнгөрсөн 13-ны өдөр ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутан" гэв.

Б.СУВДАА
.
Бусдад түгээх
  • gplus