Х.Бямбацогт: Харандаагаар зурахаас илүү  кофегоор  зурах нь сонирхолтой байдаг
 Бүтээлч залуус буландаа Кофегоор зураг урлаач Х.Бямбацогтыг урьлаа. Тэрээр өөрийн хүсэлд хөтлөгдөн интернетээс бичлэг үзэн сонирхолоо хөгжүүлсэн гэнэ.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Хүүбаатарын Бямбацогт гэдэг. МУБИС-д Сэтгүүлч мэргэжлээр суралцдаг.

-Кофегоор зураг зурдаг гэж сонссон. Хэзээнээс эхэлж кофегоор зурах болов. Харандаагаар   зурахаас  хэр  их  эв дүй шаарддаг вэ?

-Яг хэзээнээс эхэлснээ сайн санахгүй байна. Би багаасаа зураг зурах сонирхолтой байсан учраас интернетээс кофегоор зураг зурдаг хүмүүсийн бичлэг хараад анх сурч байсан.Харандаагаар зурсан  зургийг бодвол илүү сонирхолтой байдаг. Зүгээр уухын төлөө авдаг байсан кофегоороо зураг зурах үнэхээр сонирхолтой шүү. Мөн уусалт, өнгө зэрэг цаанаа л өвөрмөц байдаг.

-Кофе дотроо олон янз байдаг. Зураг зурахын тулд ямар кофег түлхүү хэрэглэдэг вэ?

-Аль  ч кофе тохирно. Бидний уудаг YE YE, хаан кофе байсан ч болно. Хамгийн сайн зураг болдог нь сахаргүй хар кофе юм. Кофе  дотроо өөр өөр өнгөтэй байдаг учир өнгө уусаад  гоё зурагддаг.

-Нэг кофегоор хэдэн зураг зурах боломжтой вэ?

-Хэмжээнээсээ хамаарах байх. Ер нь бол усан будаг, тосон будаг, харандаа зэрэг оло н зүйл авч байхаар нэг шил кофе авахад маш удаан хэрэглэгдэнэ шүү.


-Монголд өөрийн чинь мэдэхээр кофегоор зураг зурдаг хүн байдаг уу?

-Яг кофегоор дагнаж  зурдаг хүн байдаг үгүйг мэдэхгүй. Гэхдээ уран зургийн сургалтад кофе, нүүрс зэргээр зургийн хичээлээ ордог юм билээ.Тэр ч байтугай шавар, элс, шороо гээд амьдралд хэрэглэгдэж буй юм бүхнийг бид дотоод сэтгэлдээ мэдэрч чадвал урлаг болгож болно гэж би боддог.

-Кофегоор зурахаас өөр ямар төрлийн зураг зурдаг вэ?

-Одоогоор би “Street art” чиглэлийг их сонирхож байна. Залуу хүний оролдож үзэх ёстой зүйлсийн нэг нь байх гэж боддог. Энэхүү урлаг нь залуус нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх нэгэн талбар болж өгдөг. Монголчууд ч энэ чиглэлээр дэлхийд нэр хүндтэй болсон.

-“Street art” урлагийн талаар тодорхой тайлбарлаач?

-Энэ нь гудамжны зураг юм л даа. Бидний мэдэхээр Чойномын зураг мөн сансарын түнелүүдэд зурагдсан маш олон гайхалтай зургууд байдаг шүү дээ. Залуус нийгэмд энэ урлагаар дамжуулж маш олон утга санааг хүргэж, нөлөөлж чаддаг маш хүчтэй чиглэл юм.
 
-Ийм төрлийн зураг зурахын тулд хэдий хэр хугацаа шаардагддаг вэ? Бусад зургыг бодвол арай  том зайнд зурдаг юм билээ. Чи нэг street art зурахдаа хэр хугацаанд зурж байв?

-Тухайн хүнээсээ л хамаарах байх даа. Зай хэмжээ нь ч гэсэн янз янз байдаг. Мэдээж баг хамт олноороо зурдаг бол илүү хурдан дуусгана. Байшингийн  нүүр хэсэг дээр гэхэд л долоо хоног болох жишээтэй. Миний хувьд анхлан суралцагч учраас асуудал их гарна. Гэхдээ  би үүнийг хүсэж байгаа болохоор хийх ёстой гээд л өөрийгөө зоригжуулдаг. Бороо, салхи шуурганаар түр азнах шаардлага бас гардаг юм. Ер нь хурдан удаан гэхээсээ илүү чанартай бүтээл гарах нь чухал гэж би боддог.

-“Street art” урлагаар дамжуулан нийгэмд маш олон зүйлийг ойлгуулж чаддаг гэж байсан. Тэгвэл чи зургаараа ямар зүйлийг харуулахыг зорив?

-Одоо би байгууллагын захиалгын дагуу зурж байгаа. Гэхдээ зураг маань ихэнхдээ тухайн үеийн сэтгэгдлээс хамааран зурагддаг.

-Бидний ярилцлага энэ хүрээд дуус ч байна. Үе тэнгийн залуусдаа хандаж юу гэж хэлэх вэ?

- За ярилцсанд маш их баярлалаа. Үеийнхээ залууст хандаж хэлэхэд бид хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцдэг байх хэрэгтэй. Мөн дотоод мөн чанараа ухаж, өөрийн хүсэл зорилгоо чөлөөтэй илэрхийлдэг байх ёстой. Чадвар байхгүй гээд хойш суух биш аль эсвэл чадвар байлаа ч хэрэглэгдэхүүн нь байхгүй гэж шантрах биш ямар нэгэн аргаар оролдож үзээрэй. Хэрвээ цаг нь болоогүй бол өдөр бүр ирэх зүйлд өөрийгөө бэлдэж байгаарай гэж хэлмээр байна.

 


Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus