Аврал эрсэн алаг үрс минь хайран

Би ээж хүн. Улаанбаатар хотын иргэн. Их хотын амьдрал үргэлжилж буй ч сүүлийн үед гарсан сэтгэл сэрдхийлгэм осол, бяцхан үрсийн харамсалтайгаар хорвоогоос хальж буй аймшигт мэдээллүүд тайван суулгахгүй байна. Цаг минут тутам, түгшиж, харамсаж, санаа зовж байна. Алаг үрсэд минь амгалан өсөх орчин алга.  Эрхтэн дархтнуудын буруутай, бодлогогүй шийдвэрээс болж тэд хохирч,  тэд өвдөж, тэд үрэгдэж, тэд хорвоог харамсалтайгаар орхиж, золиос болж байна. 

Өнөөдрөөс гуравхан сарын өмнө гурван бяцхан охин хорвоогоос харамсалтайгаар одсон. Харин өчигдөр....

 Дахин дөрвөн бяцхан хүү хорвоогоос харамсалтайгаар хорвоог орхилоо. Тэд Дэнжийн мянгаас тоглох газар хайж явсаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүрч. Гэвч тэнд нь тэдний амийг авч одох аймшиг ангал байхыг яахан төсөөлөх билээ. 

Яг энэ үед нийгэм даяараа буруутныг хайж, эмгэнэн гашуудаж байна.

Буруутан нь хэн бэ? 

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг буюу хойд цэгээс 10 хүү Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглохоор очсон байгаа юм.  Ингэхдээ тэд цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт тогтсон тогтоол усны орчим тоглож байхаад усанд эндэж амиа алдлаа. 

Тухайн хэсэгт “Хан Талст” ХХК барилгын ажил явуулж байсан бөгөөд барилгын ажил хийхээр суурь ухаж орхисон байж.  “Ханталст” компани нь Шагдарсүрэнгийн Бат-Энх гэгч хүний нэр дээр байдаг. Түүний эхнэр нь Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж И.Нарантуяа юм. Харин “Ханталст” компанид зөвшөөрөл олгож, өнөөдрийн харуусалт үйл явдлын эхлэлийг тавьсан хүн нь хотын дарга асан Э.Бат-Үүл. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа буюу 2014 онд “Ханталст” компанид 3.3 га газрыг олгох зөвшөөрөлд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. 

Харин энэхүү газар олгох зөвшөөрөл нь хууль бус учраас удаа дараа мэргэжлийн байгууллагаас сануулга авсан байгаа юм. Тодруулбал, “Ханталст” компанийн газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчсөн учир тэдэнд албан шаардлага хүргүүлээд байж. Гэсэн ч төрийн байгууллагын шийдвэр шаардлагыг “Ханталст”-ынхан үл тоож, эрүүл саруул, дэгэж дэрвэж явсан бяцхан үрс арвал эрсээр үүрд одлоо. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол хүүхэд залуусын тоглож наадах хамгийн аюулгүй орчин. Тэнд ямар нэг барилга байгууламж барихаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллах ёстой. Гэвч тэгсэнгүй. Тэд дөрвийн дөрвөн амийг авч одох нөхцөл боломжийг бүрдүүлж, харуусалт нөхцөлийг бүрдүүллээ. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus