Ч.Бямбажаргал: Их дүйчин өдрийг угтан модноос гурав дөрвөн тонн хадаг салгаж авсан
Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны эхэн сарын шинийн 15 буюу өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан Гандандэгчилэн хийдийн лам хуваргууд ямар ямар ажлууд зохион байгуулж байгаа талаар МБШТ Гандандэгчилэн хийдийн ХМОНХА-ны лам Ч.Бямбажаргалтай ярилцлаа.

- Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг угтаж сүм хийдийн лам нар ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөв?

-Өнөөдөр өглөө МБШТ Гадандэгчилэн хийдийн тэргүүн хамба лам гавж Чойжамц лам нэг өдрийн тэтгэн ариусах цамгаар хүртээсэн. Энэхүү үйл ажиллагаа нь 5:30 цагаас Батцагаан дуганд болж TV9 телевизээр шууд дамжуулалт хийгдэх байгаа. Мөн “Бурхан багшийн их дүйчин өдөр” баяр, амралтын өдөр болж хуульчлагдсан учраас үүнийг тэмдэглэн 9:30 цагаас нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ.Үүний хүрээнд тэргүүн хамба ламба тэргүүтэй лам нар нээлтийн үгийг хэлж энэ өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг өгөх үйл гэх мэт дарааллаар үргэлжилнэ. Мөн 10:30 цагаас Бурхан багшийн төвийн чогийг айлдаж хурах үйл явц МҮОНРТ-ээр сүсэгтэн олон та бүхэнд хүрнэ.

-Бурхан багшийн их дүйчин өдрийг угтаж ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

-Энэ өдрийг угтаж Гандандэгчилэн хийд болон бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв болон хийдүүд маш олон бэлтгэл ажлыг хийсэн байгаа. Жишээлбэл: Туул голын ай савыг хамгаалах байгууллагатай хамтарч тус голын усан дахь хог болон сэлбэ голын хогийг цэвэрлэсэн. Мөн хүмүүс модонд хадгийг зүй бусаар их уядаг.Ер нь болвол бурханы номонд хадаг уя гэсэн зүйл огт байдаггүй. Хүмүүс өөрсдөө дур мэдээд уячихсан байдаг.Тэрнээс үүдэн ой мод өвчлөх, өт, хорхойнд баригдах, хадаг уясан хэсгээрээ өсөхгүй бусад хэсгээрээ томрсон байх зэрэг зүйлүүд маш их гарч байдаг. Энэ бүгдийг явж цэвэрлэсэн. Нийтдээ гурав, дөрвөн тонн хадагыг модноос нь салгаж авсан.

-Бурхан багшийн их дүйчин өдрийг яагаад тэмдэглэх болов? Их дүйчин гэж яг ямар утгатай юм бэ?

- Бурхан багш 2500 гаруй жилийн өмнөөс бурханы хутгийг олоод номоо номолж олон шавийг гэгээрлийн замд оруулж өгсөн байдаг. Тиймээс бурхан багшийг нирваан дүр үзүүлсэнээс хойш “Бурхан багшийн их дүйчин өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрөөдөг болсон. Энэ нь болохоор бурхан багш эхийн хэвлийгээс төрсөн, бурхан болсон, нирваан дүр үзүүлсэн гэх энэ гурван өдөр нэг буюу зуний тэргүүн сарын шинийн 15 тохиодог. Ийм учраас их дүйчин өдөр хэмээн тэмдэглэдэг юм.

-Их дүйчин өдрөөр сүсэгтэн олон ямар үйлийг хийхийг цээрлэж ,чандлан сахих ёстой байдаг вэ?

-Архи, тамхи хэрэглэх, муу үйл хийх, ширүүн үг, хараал хэлэх, хүнтэй хэрэлдэж, зодолдох, амьтны ам таслах зэрэг бүхнийг тэвчих хэрэгтэй. Харин нөгөө талаараа сайн үйлс хийх, адгуус амьтан хорлохгүй байх, болж өгвөл махан хоолыг тэвчих, цагаан хоол идэх зэрэг буяны үйлийг хийх нь хамгийн зохистой юм.

-Их дүйчин өдрөөр сүсэгтэн олон ном хуруулахаар ирнэ. Гэтэл коронавирусийн халдвар гарсан энэ үед засал номоо яаж хурах гэж байна вэ?

- Дөрөвдүгээр сарын 30-нд гарсан Сүм хийдүүд олон нийтийг хамарсан үйл ажиллага явуулахгүйгээр дотоод үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн Нийслэлийн Засаг Даргын захирамжийн дагуу хуралаа хурах болно. Мөн Гандандэгчилэн хийдийн албан ёсны цахим хуудсаар болон телевизээр шууд дамжуулал хийнэ.


Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus