Ч.Болд: Мэргэшсэн жолоочийн шалгалт өгөхдөө эрүүл мэндийн хуудастай ирэх шаардлагатай
Хөл хориотой холбоотойгоор шалгалт нь хойшилсон, шалгалтаа өгч чадаагүй жолооч нараас мэргэшсэн жолоочийн шалгалтыг нөхөн авахаар болжээ. Энэ талаар Мэргэшсэн жолоочийн шалгалт хариуцсан мэргэжилтэн Ч.Болдоос тодруулллаа.

-Мэргэшсэн жолоочийн шалгалтад ямар иргэд хамрагдах боломжтой вэ?

-Журмын дагуу бол мэргэшсэн жолоочийн шалгалтыг зургадугаар сард авч дуусах ёстой. Энэ жилийн хувьд нэг сараар сунгаж долдугаар сарын 8 хүртэл цахимаар шалгалт авахаар болсон. Жолооны сургалтын үйл ажиллагааг  мэргэжлийн байгууллагуудаас албан ёсоор эхлүүлээгүй ч хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсвэл шалгалтдаа тэнцээгүй зэрэг шалтгаанаар журмын дагуу зургадугаар сарын хугацаанд дахин шалгалтад хамрагдах 3267 иргэнийг Мэргэшсэн жолоочийн тасгаас шалгалтад хамруулахаар болсон.

-Шалгалт өгөхдөө хаана очих вэ. Онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэг тусгай зохицуулалт байгаа юу?

- Нийслэлийн хэмжээнд Нисдэг машин төвийн гуравдугаар давхарт шууд ирээд шалгалт өгч болно. Харин орон нутагт Автотээврийн үндэсний төвийн салбарууд дээр очно. Мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх гэж байгаа иргэд нэг удаагийн бээлий, амны хаалттай ирэх ёстой. Мөн эрүүл мэндийн хуудас заавал бөглөж ирэх шаардлагатай. Эрүүл мэндийн хуудсыг харъяа дүүргийн эрүүл мэндийн төв эсвэл манай байгууллага дээр ирээд бөглөж болно.

-Шалгалт хэзээнээс эхлэх вэ. Үнэмлэхийг шууд олгох уу?

-Мэргэшсэн жолоочийн шалгалт энэ сарын 03-ны өдрөөс эхэлсэн. Ирэх сарын 8 хүртэл үргэлжилнэ. Үнэмлэхийг гурав хоногийн дотор олгоно.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин
С.Уянга
 
Бусдад түгээх
  • gplus