Танилц: Сэлэнгэ аймагт нэр дэвшигчдийн ХОМ
УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт гурван Эрдэнэбат нэр дэвшиж байна. Тодруулбал “Та бидний эвсэл”-ээс эдийн засагч А.Энхболд, АН-аас Д.Эрдэнэбат, МАН-аас Ж.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна. 

Мөн энэ тойрогт АН-аас Д.Үүрийнтуяа, С.Баярцогт, МАН-аас А.Ундрам Д.Өнөрболор нар нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ. 

 
Д.Эрдэнэбатын нэр дээрх компаниуд “дампуурсан” уу
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын тун даруухан ХОМ-ыг хүргэе. Тэрбээр жилийн 26 сая төгрөгийн орлоготой. Хоёр нийтийн орон сууц нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай газартай. Эдгээр нь 916 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 222 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 88 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай.  Өнгөрсөн 2018 онд 6 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2019 онд 11 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Түүний хувьд  Хангай ХК, Хорол-Эрдэнэ ХХК, Адуунчулуун ХК, Ноён ХХК-иудаас хувь эзэмшдэг. Гишүүний  жилийн орлогоос харахад эрхэм гишүүний нэр дээр компаниуд “X” тайлантай ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй бололтой. Сүүлийн зургаан жилийн турш ХОМ мэдүүлэгтээ онцын өөрчлөлт оруулаагүй нь хардлага түрүүлж байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авах биз. Гурвын гурван үйл ажиллагааг тогтвортой байгаа ААН эзэндээ ганц төгрөгийн ашиг өгдөггүй гэхэд хэтэрхий үнэмшил муутай. Дээрээс нь Д.Эрдэнэбат гишүүний гэр бүлийнхэн бараг л орлого олдоггүй. Тэгэхээр Д.Эрдэнэбатыг гэдэг айл жилдээ 20 гаруй сая төгрөгийн гишүүний цалингаа “хүргэж” ядан амьдардаг гэж харагдана. 
 
Д.Үүрийнтуяагийн гурван ширхэг ЗИЛ 130 машинтай
 
Буу сум агсаж олон нийтийн анхаарлыг татсан хатагтай Д.Үүрийнтуяа Сэлэнгэ аймгаас нэр дэвших нь ээ. Тэгвэл “тамирчин” бүсгүй ХОМ-ээ хэрхэн бөглөснийг танилцуулъя. 
Д.Үүрийнтуяагийнх гэр бүлээрээ 100 гаруй сая төгрөгийн орлоготой. Нэг орон сууц, нэг хашаа байшин, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 365 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Гурван ширхэг ЗИЛ 130 машинтай, хоёр суудлын жижиг тэрэгтэй. Эдгээр нь 81 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 436 сая төгрөгийн үнэлгээ бүхий есөн байршилд газар эзэмшдэг. 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, Эртний тоонот гэр ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг гэжээ. 
 
С.Баярцогт эхнэрээрээ “тэжээлгэдэг”

Монголын ард түмэнд оффшорын тухай “А” үсэг заасан нөхөр бол С.Баярцогт. Тэрбээр Мr Leo Shiu хятад нэртэй. Тухайн үедээ дуулиан шуугиан болж, парламентаас хөөгдөх дөхөж, дахин нэр дэвших эрхээ хасуулж байв. Гэвч энэ удаад С.Эрдэнэ дарга оффшорчин намын гишүүндээ нэр дэвших эрх олгожээ. Тэгвэл С.Баярцогт ХОМ-ээ хэрхэн бөглөв. С.Баярцогтын хувьд өнгөрсөн жилүүдэд эхнэрээрээ “тэжээлгэсэн” бололтой. Түүний хувьд орлого тэг зааснаа ХОМ-ээ мэдүүлсэн байх юм. Харин гэр бүлийн гишүүд нь нэг тэрбум 282 сая төгрөгийн орлого олдог гэжээ. С.Баярцогтынх нь нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 2 тэрбум 321 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 325 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван машинтай, дотоод дансандаа зургаа, гадаад дансандаа 2 сая төгрөгтэй гэжээ. Тэрбээр Товхонхан ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. 
 
МУИС-аас "төрсөн" саятан  А.Ундрам

МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрам Сэлэнгэд нэр дэвшинэ. Дэд захирлын хувьд жилийн 89 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 60 сая төгрөгийн орлого олдог. Нэг орон сууц, хоёр зуслангийн байшинтай. Эдгээр нь 510 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 257 сая төгрөгийн хоёр автомашинтай, 808 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 146 сая төгрөгийн хадгаламжтай, Хөнгөнбетон ХК, Дийзл транс ХХК, Малтикс ХХК-иудаас хувь эзэмдэг байна. Ийнхүү их сургуулиас төрсөн саятан хаягтайн ХОМ ийм байна.
 
МАН-аас нэр дэвших эрхээ авсан тэрбумтан А.Өнөрболор 

МАН-ынхан Сэлэнгэ аймагт орчуулагч бүсгүй А.Өнөрболорыг нэр дэвшүүлэхээр болсон байна. Д.Өнөрболор нь жилийн 853 сая төгрөгийн орлоготой. Түүний ХОМ-д анхаарал татах олон зүйл бий. Тодруулбал, тэрбээр 12 орон сууцтай, үйлчилгээний зориулалттай 5 барилга, автозогсоол 3,  өвөлжөө, хаваржаа, хүлэмжийн зориулалттай 16 газартай. Эдгээр нь 18 тэрбум 438 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн Д.Өнөрболор 392 сая төгрөгийн үнэлгээтэй гурван машинтай. 499 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр байршилд газар эзэмшдэг. 
Түүний хувьд СӨҮЛ ХХК, Зэндмэнэ хурх ХХК, Энокси ХХК, Роял виндөү ХХК, Эрдэс таван толгой ХК-иудтай, хадгаламжиндаа 7 тэрбум 598 сая төгрөгтэй. А.Өнөрболорын хувьд “МАН-д өгдөгөө өгсөн. Надад өгөх юмаа өгөх ёстой” гэж ил далд ярьж гүйсээр ийнхүү нэр дэвших эрхээ олоод аваад авлаа.
 
Ж.Эрдэнэбатын хоёр орон сууц 81 сая төгрөгийн үнэлгээтэй 

Нэр дэвших эрхээ олж авсан ч хууль шүүхийн хаалга онголзуулаад экс Ерөнхий сайд завгүй явна. Яллагдагч Ж.Эрдэнэбатыг шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөг байршуулахыг үүрэгдсэн шийдвэр өчигдөр гарлаа. Тэгвэл түүнд 10 тэрбум бий юу. Сарын өмнө мэдүүлсэн ХОМ-ийг хүргэе. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь жилийн 109 сая төгрөгийн орлого олдог бол гэр бүлийн гишүүд нь 244 сая төгрөгийн орлоготой гэдгээ мэдүүлжээ. Түүний ХОМ-оос анхаарал татах бас нэг зүйл бол хоёр орон сууц нэг грашаа 81 сая төгрөгөөр үнэлсэн явдал юм. Экс Ерөнхий сайд гэр бүлээрээ жилийн 300 гаруй сая төгрөгийн орлоготой атал 81 сая төгрөгийн хоёр орон сууцтай гэхээр хэн ч үнэмшихээргүй тоо харагдаж байгаа биз. Харин тэдний үнэт эдлэл хоёр орон сууцнаас нь илүү үнэлгээтэй 131 сая төгрөгийн үнэлгээтэй. Мөн 240 сая төгрөгийн үнэлгээ бүхий Ланд 570 машинтай. 163 сая төгрөгийн малтай. Сүүтэй ХХК, Хэрх-Илч ХХК, Хэрх-Өргөө ХХК, Гүн сан эрдэнэс ХХК, Талын агт ХХК, Их түмэн сүрэг ХХК-иудаас хувь эзэмшдэг, 110 сая төгрөгийн хадгаламжтай. 


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus